Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтанд оруулахад хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын дээд, доод танхимын дарга нарын урилгаар хэрэгжиж буй энэ удаагийн айлчлалын хүрээнд эдийн засаг, соёл боловсрол, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд, онцлох ажлуудын талаар хэлэлцэн шийдвэрлэж байна.

Тухайлбал, Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах асуудлаар тус улсын Парламентын доод танхим- Лок Сабхагийн дарга, ноён Ом Бирла, Гадаад харилцааны сайд Сүбрахманьям Жайшанкар болон Төмөрлөгийн сайд, ноён Рам Чандратай нартай уулзаж, санал солилцлоо. Цар тахлын үеийн зарим нөлөөллийг тооцоолж, төслийн хэрэгжилтийг төлөвлөгөөний дагуу саадгүй урагшлуулахын тулд улам нягт хамтран ажиллах шаардлагатай гэдэгтэй ноён Рам Чандра санал нэг байв.

Манай Улс уг төсөлд онцгой анхаарал хандуулан, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль”, Засгийн газраас 2021 оны наймдугаар сард “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг тус тус баталсан. Одоогоор үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажил дуусч, өнгөрсөн нэгдүгээр сараас технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн гэдгийг танилцууллаа. Түүнчлэн төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ложистикийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч, түүхий тос тээвэрлэх хоолойг үйлдвэр ашиглалтад орохоос даруй 6 сарын өмнө барьж байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь манай хоёр орны стратегийн түншлэлийг улам өргөжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой тул харилцан дэмжлэг, хичээл зүтгэлээр зорьсон үр дүндээ хүрнэ гэдгийг талууд онцоллоо.

Газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэхээс гадна валютын гарах урсгал 20 орчим хувиар буурч, дагалдах ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top