Ковид цар тахлаас үүдсэн хямралын үед улс орнууд эрэлт, нийлүүлэлтийг дэмжих зорилгоор зарим төрлийн татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг богино хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж байна. ОУВС-гаас хямралын дараагаар эдийн засгийн тогтвортой, “ногоон” өсөлтийг дэмжих, орлогын тэгш байдлыг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөтгөх чиглэлд татварын бодлогоо сайжруулах хэд хэдэн зөвлөмж гаргасан. Тэгвэл эдийн засагч Ж.Энхбаяр ОУВС-гийн зөвлөмжөөс хөгжиж буй орнуудад өгсөн зөвлөмжийг нэгтгэн тайлбарлалаа.
Орлогын тэгш байдлыг сайжруулахад прогрессив буюу шаталсан татвар чухал хүчин зүйл болно. Өөрөөр хэлбэл, аливаа татвар нь орлого багатай иргэдэд дарамт багатай байх ёстой. Татварын орлого нь орлогын татвар, хэрэглээний татвараас бүрдэнэ. Урт хугацааны эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөг нь харвал орлогын татвар нь хэрэглэээний татвартай харьцуулахад өсөлтийг сааруулах нөлөө нь өндөр байдаг.
Эсрэгээрээ, орлогын татварын нийгэм дэх орлогын тэгш байдлыг хангах тал дээр илүү нөлөөтэй байдаг аж.
Орлогын шаталсан татвар
Цар тахлын үед орлого буурсан иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг бууруулах, нөгөө талаас, өндөр орлоготой, цар тахлын улмаас орлого өссөн цөөн салбар (онлайн худалдаа, интернет, харилцаа холбоо г.м.)-т ажиллагчдаас төвлөрөх орлогын дүнг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ингэхдээ татварын шатлалын хэмжээг оновчтой тогтоох нь чухал. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын хувьд татварын хамгийн өндөр шатлалд ногдох орлогын хэмжээ нь дундаж цалингаас гурав дахин өндөр байдаг байна.
Жижиг дунд үйлдвэрлэлд чиглэсэн татварын хөнгөлөлтөөс зайлсхийх
Зарим оронд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ААНОАТ-ын хувь хэмжээг бууруулах зэрэг хөнгөлөлт үзүүлдэг. Энэ төрлийн татварын хөнгөлөлт нь чинээлэг, олон тооны жижиг бизнес эзэмшигч бүлгийг илүүтэй дэмжих, мөн бизнес томорч хөгжих сонирхлыг бууруулах зэрэг сул талтай байдаг.
Хэрэглээний татвар нь орлогын татвартай харьцуулахад прогрессив шинж чанар бага байдаг. Гэвч хэрэглээний татвар төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлэх бөгөөд тэрхүү татварын орлогын зарцуулалт нь тэгш байдлыг дэмжиж байх нь чухал юм.
Нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдуулах доод хязгаар тогтоох
Хөгжиж буй орнуудад нийгмийн хамгийн орлого багатай иргэд хоол хүнс, хэрэгцээт бараагаа жижиг дэлгүүр, худалдааны газраас худалдан авдаг тул тэдгээр худалдааны газруудын нэмэгдсэн өртгийн албан татварыг хөнгөлөх нь татварын прогрессив шинж чанартай нийцтэй юм.
Онлайн худалдаанд нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдуулах
Цар тахалтай холбоотой энэ төрлийн татварын зохицуулалт хийх шаардлага улам нэмэгдэж байна. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор орлого хамгийн ихээр нэмэгдсэн салбаруудын нэг болох онлайн худалдааны салбарт нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдуулснаар цар тахлын үед татварын орлогыг дэмжих, шаардлагатай зардлуудыг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдүүлнэ. Үүний тулд бодлого боловсруулагчдын зүгээс татварын зохицуулалтад шаардлагатай дижитал дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй.
Онцгой албан татвар
Зарим орон татварын орлогын суурийг тэлэх зорилгоор харилцаа, холбооны салбар, сошиал медиа талбар, онлайн худалдааны салбарт онцгой албан татвар ногдуулахаар зохицуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )