Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Хүйсийн тэгш эрх, хүүхдийн эрх, охидын эрх, эмэгтэйчүүдийн эрх гээд нийгэмд тулгамдаж буй олон асуудлын талаар энэ л өдөр онцгой дуугардаг. Гэтэл бидний анзаараагүй, анализ хийж ярилгүй орхидог нэг сэдэв бол “Эрэгтэйчүүдийн эрх”. Эргээд нэг бодоод үзье. “Хөвгүүдийн эрх” гэж та, бид ярьдаг билүү. “Эрэгтэйчүүдээ хамгаалъя” гэж нийгэмдээ нэг удаа дуугарч байв уу. Ер нь “Эрчүүдийн эрх”-ийн тухай ойлголт монголчуудад хэр байна вэ. “Эрүүлжүүлэхээс өөр эрэгтэйчүүдийг хамгаалах газар алга” гэдэг хөнгөн хошигнол амьдрал дээр бодитой оршиж байгааг хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ. Баримт сөхье.
Албаны эх сурвалжаас авсан судалгаагаар монгол эрчүүдийн дундаж наслалт 69.9 гэж гарчээ. Энэ нь монгол эмэгтэйчүүдээс есөн нас, хөгжиж буй орнуудын дунджаас зургаан нас, дэлхийн дунджаас таван насаар доогуур насалж байгаа үзүүлэлт болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Анзаараад байхад манай улсад өндөр настай өвөө нар цөөхөн харагдах болсон. Жар дөнгөж гараад жаргах насандаа ханиа алдсан эмэгтэйчүүд ихсэж байна.
Судлаачдын хэлж буйгаар эрэгтэйчүүдийн насжилт залуужих болсон цаг хугацаа 1992 оноос баг, багаар нэмэгдсээр өдгөө эрчүүд эмэгтэйчүүдээс бараг 10 жилийн өмнө өөд болдог болсон гэнэ. Нас баралтын шалтгаан нөхцөлийг аваад үзвэл, гаднын шалтгаантайгаар нас барагсдын 80 хувь нь эрчүүд байна. Түүнчлэн шээс, бэлгийн тогтолцооны эмгэг өвчнөөр нас барагсдын 70 хувь нь мөн л эрэгтэйчүүд. Хамгийн эмзэглүүштэй нь хавдраар нас барагсдын 57 хувь, зүрх судасны өвчлөлийн улмаас өөд бологсдын 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Дээрх бүх тоо баримтуудаас бид нэгийг бодож, нөгөөг тунгаах цаг ирсэн гэдгийг санаарай. Яагаад, юуны учраас эрэгтэйчүүд ийм байдалд орчихов оо. Эрүүл саруул, энх тунх аж төрөх амьдралын хэвшилд нь эрэгтэйчүүдэд юу сөргөөр нөлөөлөөд байна вэ. Тэднийг ойлгох, эрхийг нь хамгаалах хандлага, мэдлэг, мэдрэмж бидэнд дутагдаад байгаа юм биш биз. Жаалхан хөвгүүдээ хүртэл “Эр хүн юм байж...” хэмээн зэмлэдэг монголчууд бидний зан суртахуунд засаж залруулах зүйл их байна.
Эрэгтэй хүн гэхээрээ л энхрийлүүлж, хайрлуулах шаардлагагүй, тэр ч бүү хэл бэрхшээлээ хуваалцаад нулимсаа унагачих боломжгүй болтол бүү чөдөрлө. Ер нь аливаа хүнийг эрэгтэй, эмэгтэй гэх хүйсийн чиг хандлагаар бус хүн гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрөх нь чухал. Баримт сөхье.
Албаны эх сурвалжаас гаргасан мэдээллээр амиа хорлогсдын 90 хувь нь эрэгтэйчүүд байгааг тогтоожээ. Хүн яагаад амиа хорлох шийдвэрт хүрдэг талаар мэргэжилтнүүд ярихдаа “Сэтгэлийн хүнд дарамт хамгийн их нөлөөлдөг. Сэтгэлийн тэр их шаналал, дарамт шахалтаа гадагшлуулж чадахгүй, дотроо бугшуулсаар эцэст нь амиа егүүтгэх хэмжээнд хүрдэг” гэсэн байдаг. Эндээс анзаарвал, эрчүүддээ бид сэтгэлээ онгойлгох эрх чөлөөг нь хэр олгодог юм бэ. Магадгүй тийм эрх чөлөөгөөр нь боогдуулсаар яваа юм биш биз дээ. Үгүй гэвэл, эрчүүд маань яагаад амиа егүүтгэх арга замыг олон арваараа сонгоод байна. Тэдэнд өөр зам сонгох боломж байгаагүй гэж үү. Хамгийн аймшигтай нь, 10-34 насны эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт болсон гээд бод.
Монгол эрчүүдийн амиа хорлолтын энэ үзүүлэлт нь дэлхийд гуравт жагсаж байгааг албаныхан онцлов.
ЦЕГ-аас гаргасан судалгааны дүнгээр гэмт хэрэгт холбогдогсдын 86 хувь нь эрэгтэйчүүд гэж гарчээ. Мөн шүүхээр ял шийтгүүлэгчдийн 89 хувь нь эрчүүд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 91 хувь нь мөн эрэгтэйчүүд байгаа гэх.
Эндээс үзвэл, нийгмийн хамгийн болж бүтэхгүй, эмзэг сэдэв яах аргагүй эрэгтэйчүүдтэй холбогдож байгааг анзаарсан бизээ. Тэгвэл эрчүүд яагаад ийм аймшигтай хүчирхийлэгчид, шүүхийн ял сонсогчид болчихов оо. Тэднийг юу ийм байдалд хүргэв. “Хүчирхийллээс хүчирхийлэгчид төрдөг” болохыг сэтгэл зүйчид хэлдэг. Энэ утгаар нь аваад үзвэл, бидний бүтээж буй нийгэм эрчүүдээ хэтэрхий их хүчирхийлээд байгаа юм биш биз. Хүчирхийлж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй байж болох. Өөрийн мэдэлгүй хийчихдэг үйлдэл гэж байдаг даа. Нэг үгээр бол “Тогтсон дэг жаяг” ч гэж хэлж болох л юм.
Дуулах дуундаа хүртэл “Эр хүн байж уйлах нь үү дээ” гээд л эхэлдэг ард түмэн шүү дээ бид. Энэ ч бас гайгүй “Эр хүн хэлсэндээ шүү” гээд л дарамтална.
Хүн л юм хойно хааяа ам гараад алдаж яагаад болохгүй гэж. Бас болоогүй ээ, “Ганц нэг шанааны гарын ая даахгүй юм бол эр хүн гээд яадаг юм” хэмээн нээнтэглэх. “Айл гэрийг аав хүн л авч явах ёстой” гэх зэрэг бичигдээгүй “хууль” Монголын нийгэмд үйлчилдэг нь нууц биш. Хамгийн наад захын жишээ гэхэд “Хамт хоолонд орсон эрэгтэй, эмэгтэй хоёрын эрэгтэй нь даадаг” жишиг нэгэнт тогтсон. Энэ мэтчилэн тоочоод байвал хатуу хөтүү, хүйтэн, хүнд гээд хамгийн хэцүү нөхцөл рүү эхлээд эрэгтэйчүүдээ л “түлхдэг” тийм жаяг та, бидний дунд байгаатай хэн ч маргахгүй болов уу. Нэмээд хэлэхэд, айл бүхэнд “Аавын аяга” байдаг. Дээжийг нь барих нэрийдлээр хамгийн тостой, өөхтэй хэсгийг нь хамаад хийчихдэг тухай хошигнол сонссон байх.
Инээдэмтэй мэт санагдавч ийм л энгийн зүйлээр эрчүүдээ бид дөнгөсөөр байна. Эцэст нь ихэнх монгол эрчүүд 60 гаруйхан насандаа таалал төгсөж, 30 хүртэлх насандаа амиа егүүтгэж, хорт хавдар, зүрх судасны өвчнөөр дийлэнх нь өвчилж байна. Энэ бүхнээс үзвэл эрчүүд маань өөрийн мэдэлгүй үйлдчихдэг хүчирхийлэлд өдөр бүр өртсөөр. Нийгмийн чиг хандлага, харах өнцгөө өөрчлөхгүй бол эрэгтэйчүүдийн эрх хумигдсаар, эцэстээ “Хүчирхийллээс төрсөн хүчирхийлэгчид” эрэгтэйчүүд болох нь ээ.
ЭРЧҮҮДИЙН ЭДЛЭХ ЭН ТҮРҮҮНИЙ ЭРХ
Үе, үеийн эрэгтэйчүүдийн эрхийн төлөөх нийгмийн хэлэлцүүлэг, хөдөлгөөнүүд дараах тохиолдолд “эрчүүдэд эрх байх ёстой” хэмээдэг ажээ.
-Хүүхэд асрах эрх: Салалтын дараа хүүхдээ аав, ээжийн хэн нь асран хамгаалах талаарх шүүхийн шийдвэрүүд ээжид давуу эрх олгодог. Салалтын дараа эмэгтэйчүүд зөвхөн өөрийн өнцгөөс эсвэл салсан нөхрөөсөө өшөө авах зорилгоор хүүхдийг эцэгтэй нь уулзуулдаггүй, хүүхдэд эцгийн талаар дан сөрөг мэдээлэл өгдөг, салалтын гол буруутан мэт ойлгуулдаг, үр дүнд нь хүүхдийн “аавтай байх” эрх зөрчигдөж байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийг аавуудын өнцгөөс дахин нэг харах ёстой.
-Гэмт хэрэгтэн гэж харах: Гэмт хэрэг гарлаа гэхэд эрчүүдийг илүү сэжиглэдэг, мөрдөн шалгах ажиллагаа эрчүүд рүү ихэвчлэн чиглэдэг. Орой үдэш явж байхад нь ч “яг хүчиндэх гэж буй хүн” мэтээр эмэгтэйчүүд сэжиглэн хардаг аж.
-Гэр бүлийн хүчирхийлэл: Хүчирхийлэлд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөггүй төдийгүй зөвхөн эрчүүд үйлддэггүй. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах үйлчилгээ эмэгтэйчүүд рүү голлон чиглэдэг. Мөн өөрсдийгөө энэ төрлийн хүчирхийллийн хохирогч гэдгээ илчилсэн эрчүүдийг нийгмээрээ шоолох хандлага гаргадаг аж.
-Хүнд ял оногдуулах: Олонх судалгаагаар яг адилхан гэмт хэрэг үйлдсэн байлаа ч эрчүүдэд эмэгтэйчүүдээс илүү хүнд ял оноодог гэнэ. Энэ нь эрчүүдийг дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай, илүү хүмүүжүүлэх шаардлагатай, засаршгүй гэж дүгнэдэгтэй холбоотой гэх аж.
-Хүчингийн хэрэг: Бэлгийн хүчингийн хохирогч хөвгүүд, эрчүүдийн асуудлыг хэн ч анхаардаггүй. Хөвгүүдийг хүчиндсэн тохиолдолд хохирогч нь хүүхэд учраас харьцангуй олны анхаарал татдаг боловч цэрэгт, шоронд эрэгтэй нь эрэгтэйдээ хүчиндүүлж буй тохиолдлыг эрхийн үүднээс анхаарах шаардлагатай.
-Эрүүл мэнд: Эрэгтэйчүүдийн дундаж наслалт багассаар, өвчлөлийн тоо ихэссээр л буй. Гэтэл эрэгтэйчүүд зонхилон өвдөж буй өвчлөлийг бууруулахад, мөн түрүү булчирхай зэрэг зөвхөн эр хүн өвддөг өвчлөлд хангалттай төсөв хуваарилдаггүй байна.
-Боловсрол: Сургууль завсардсан хүүхдүүд дунд хөвгүүдийн тоо олонх, ахисан шатанд гүнзгийрүүлэн суралцах хөвгүүдийн тоо цөөн, сургуулиа хаяж ажил хийж буй хөвгүүдийн тоо илүү зэргээр хөвгүүдийн боловсролын асуудал сүүлийн жилүүдэд ихээр яригдаж байна.
Цэргийн дэглэлт: Эрчүүдийн дунд “хүчээр шийдэх” хандлага хэвээр, цэрэгт болж буй дэглэлт, түүний хохирогч, хүнд гэмтлийн тоо зэргийг нууцад тооцож хав дарсаар байна. Нэлээд улсад цэрэгт явах нь эрчүүдийн эрх биш заавал гүйцэтгэх үүрэг тул эрчүүд цэрэгт болж буй хүчирхийллээс зугтаах боломжгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Uneniig uchjee
ugaasaa mongold 60 nasnaas hoish amidraad baih shaardlagach baihgui sain duraaraa uhej eutanaz hiij baih heregtei
Ярих хэлэх ёстой л зүйл, дэмжиж байна, хүчирхэг эр хүн монголыг хөгжүүлнэ.
Үнэн үг хэлжээ.