Монгол Улсад Судар бичгийн хүрээлэн үүссэний 100 жил, Түүх угсаатны зүйн хүрээлэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо.
Дуурийн бүжгийн эрдмийн театрт болсон энэ арга хэмжээнд манай үе үеийн түүхчид, ШУА-ийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцов. Монгол Улсад түүхийн салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бүтээлч оюунаа зориулсан эрдэмтэн судлаачдад баяр хүргэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар мэндчилгээ ирүүлжээ.
Мөн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч А.К.Аликберов, тус академийн Монгол, Түвд, Буддын хүрээлэнгийн захирал Б.В.Базаров нарын гадаадын хамтран ажиллагч байгууллагууд баярын мэндчилгээ ирүүлснийг уншиж танилцуулав.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж “Монголын түүх судлалын голомт-100 жил” илтгэлдээ Монгол Улсад түүхийн шинжлэх ухааны үндэс суурь тавигдсанаас эхтэй он цагийн товчоон, түүх судлалын орчин үеийн хандлагын талаар дэлгэрэнгүй өгүүлэв.
Түүний илтгэлд, Монголчууд өнө эртний түүх, соёлтой улс орны хувьд үүх түүхээ амаар болон бичгээр үлдээж ирсэн уламжлалтай. Төрийн түүхээ сударчлан баринтаглах ажлыг Монголын үе үеийн төр улсууд онцгой анхаарч ирсний хамгийн том жишээ бол 1261 онд Хубилай сэцэн хааны зарлигаар Улсын түүхийн хүрээлэн байгуулагдаж, төрийн түүхийг тэмдэглэн үлдээх ажлыг хариуцаж байжээ. Энэ уламжлал харийн эрхшээлд байсан үед хэсэг зуур тасалдаж саатсан боловч түүх судраа бичиж үлдээх явдал тасраагүй үргэлжилсээр ирснийг эрт дээр үеэс уламжлагдан ирсэн сударч мэргэдийн үлдээсэн өв баримтууд гэрчлэн харуулна. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан Монгол орон эн тэргүүнд төрийн албан ёсны түүх Зарлигаар тогтоосон Монгол Улсын түүх шастирыг эрдэмтэн мэргэдээр туурвиулан бүтээлгэсэн нь тусгаар тогтнолоо бататгах, үндэсний ухамсрыг сэргээхэд туурга тусгаар явж ирсэн түүх онцгой ач холбогдолтой гэж үзсэний нотолгоо юм.
1921 оны хувьсгал ялсны дараа Ардын Засгийн газар 1921 оны 11-р сарын 19-нд Судар бичгийн хүрээлэнг байгуулсан нь Монголын түүхэнд гарсан томоохон дэвшил байлаа. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дүрмийн Нэгдүгээр зүйлд “Монгол газрын элдэв зүйлийн хуучин ном судруудыг олж бүрэн бүтэн хадгалах ба Монгол үндэстэнд холбогдох хэргийн бичигтэй хөшөө чулууны төрөл зүйлүүдийг батлан хамгаална” хэмээн зааснаас үзэхэд хүрээлэн байгуулагдсан даруйд явуулсан түүх, археологийн судалгаа шинжилгээнээс харсан ч тус хүрээлэнгийн нэгэн гол ажил нь түүхийн судалгаа байсан нь тодорхой байна.
Хүрээлэн өнгөрсөн 100 жилийн хугацаанд эх орныхоо түүхийн салбарын судалгааг санаачлан зохион байгуулж, удирдан чиглүүлж, хэрэгжүүлсээр ирлээ. Манай түүхийн салбарын гол амжилтууд нь Түүх угсаатны зүйн хүрээлэнтэй салшгүй холбоотой.
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн өнгөрсөн хугацааны ололт амжилт:
Хүрээлэнгийн эрдэмтэд Монгол Улсын түүх, угсаатан судлалын тулгуур судалгааг хийж ирсэн. Тухайлбал Монгол Улсынхаа түүхийг Монгол нутагт хүн аж төрж эхэлснээс хойш орчин үе хүртэлх цаг хугацааг хамруулан 1, 3, 5 ботиор туурвих ажил санаачлан, зохион байгуулж, хэвлүүлжээ.
Судалгааны болон сурвалжийн хэлтэй залуу судлаачдын бүхэл бүтэн үе Монголын түүхийн салбарт түрэн гарч ирснээр Монголын талаарх түүхийн эх сурвалжуудыг бичигдсэн хэлээр нь унших, ашиглах боломж бүрджээ.
Ялангуяа 2000-аад оноос хойш өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжлийн боловсрол эзэмшсэн судалгааны болон сурвалжийн хэлтэй залуу судлаачдын бүхэл бүтэн үе Монголын түүхийн салбарт түрэн гарч ирснээр Монголын талаарх түүхийн эх сурвалжуудыг бичигдсэн хэлээр нь унших, ашиглах, гадаад дотоодын судлаачдын судалгааны үр дүнг өргөн хэмжээнд ашиглах боломж бүрджээ. Ингэснээр Монгол түүхчдийн судалгааг дэлхий дахин сурталчлан таниулах үүд хаалга нээгдсэн гэж Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж илтгэлийнхээ төгсгөлд онцлов.
Ойн арга хэмжээний үеэр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнг удирдаж байсан үе үеийн түүхчид болон тэдний гэр бүлд үзүүлж, дурсгалын зүйл хадгалуулав.
1930-аад онд Монгол Улсын нийгмийн бүх салбарыг айдас хүйдэст автуулсан улс төрийн хэлмэгдүүлэлт, үзэл суртлын хавчлага Түүхийн хүрээлэн болон түүхчдийг дайран өнгөрчээ. Түүхч эрдэмтэд хилс хэрэгт хэлмэгдэн ял шийтгэл авч байсан бөгөөд энэ явдал саяхныг гэж болох 1980-аад оныг хүртэл үргэлжлэн гарсаар байжээ.
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтдийн сүүлийн 20-иод жилийн судалгааны үр дүнд тулгуурлан Монгол Улсын түүхийг нэгэн боть болоод олон ботиор шинээр туурвихаар бид төлөвлөж байна. Ийнхүү бичих судалгааны хэрэглэгдэхүүн, боловсон хүчний боломж чадавх манай хүрээлэнд бүрдсэн гэж үзэж байна. түүнчлэн зөвхөн улс төрийн түүх бус Монголын нийгэм, эдийн засаг, аж ахуй, ард иргэдийн амьдралын түүхийг нарийвчлан судалсан томоохон бүтээлүүдийг туурвихын зэрэгцээ ард түмнийг соён гэгээрүүлэх, түүхийн үнэн зөв мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх талаар тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөснөө мэргэжил нэгт эрдэмтэн судлаачдадаа дуулгав.
Эх сурвалж: Шинжлэх ухааны академи
Сэтгэгдэл ( 0 )