САЙЖРУУЛАГЧ ХЭМЭЭХ УСАН БАР ЖИЛ ИДЭР ЗАЛУУ, ДУНД ТҮШМЭДҮҮДЭД ЭЭЛТЭЙ
Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр болох хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр тохиож байна.
Айлчлан ирж буй 17 дугаар жарны Сайжруулагч хэмээх Усан бар жилийн төлөв байдал, засал номын талаар Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.
-Айлчлан ирж буй Сайжруулагч хэмээх Бар жилийн өнгө ямар байна вэ?
-Энэ жил Нува Гирди буюу Буян үйлдэгч, Сайжруулагч хэмээх нэршлээр нэрлэгддэг Усан бар жил гарч байна. Цаг тооны бичгүүд дээр ингэж хэдэн янзаар нэрлэж бичсэн нь нэг үгний орчуулагдсан нэршүүд юм. Өөр утгатай биш. Үүнийг зарим хүн эндүүрэх вий гэдэг үүднээс хэлье. Энэ нь юунаас гардаг вэ гэхээр Жаран жилийн зурхай буюу урьдчилж тооцоолж гаргасан жаран жилийн үр гэж байдаг. Энэ нь 12 жилийг таван махбодиор үржүүлээд жаран жил гэж явдаг. Одоо бол 17 дугаар жаран явж байна. Жаран жилийн зурхайн үр дээр 17 дугаар жарны Усан бар жилийг “Сайжруулагч” хэмээн нэрлэсэн нь эд баялаг төгөлдөр, хүмүүн жаргалтай гэсэн сайн үр гарсан. Би үүнийг их бэлэгшээж байгаа. Зурхайн судар, ном дээр ингэж гарсан учраас бид үүнийг бэлэгшээх ёстой.
-Бар жил нь Шороон үхрийн зурлагаар ямар жил болохоор байна вэ?
-Тухайн жилийнх нь хаврын урь орох өдрөөс шинждэг “Шороон үхрийн шинж” гэж байдаг. Энэ шинжээр юу гардаг вэ гэхээр тухайн жилийн хур, ургац, цаг агаар зэргийг шинждэг. Үүгээр бол гарч буй бар жил нь жилийн эх болоод улирлын эхүүдээр гандуу, салхи шуурга ихтэй байж магадгүй. Харин жилийн сүүл болоод улирлын сүүл үеүдээр хур бороотой байх цаг агаарын шинж гарч байгаа. Мөн тариа ургац, өвс ногоо дундаж, гайгүй ургах төлөвтэй байна.
Харин Үхэр хариулаачаар нь ард иргэд, нийгмийн байдлыг шинждэг. Үүнээс үзэхэд үхэр хариулаач нь идэр залуу хүн байгаа учир энэ жил идэр залуу, дунд түшмэдүүдэд ээлтэй. Тиймээс залуу хүмүүс ажил төрөлдөө шамдан, зүтгэж чадвал сайн байх боломжтой. Нөгөөтэйгүүр нялхас буюу бага насны хүүхдүүд, ард иргэдэд анхаарууштай, хатуу. Мөн өвгөд болоод төрийн өндөр суудалтнуудад харш байхаар жил байна. Ард иргэдэд харш гэж байгаа учраас тэмцэл, хямралтай байх төлөвтэй гэж үхэр хариулаачийн шинж дээр гарч байгаа.
Мөн үхрийн шинж дээр халдварт өвчнөөс болгоомжил гэсэн учраас өвчин гайгүй болчихлоо гэж тайвширч болохгүй. Ханиад, томуу, улирлын халдварт өвчнөөс сэргийлж, хувийн анхаарал, болгоомжоо алдахгүй байх хэрэгтэй.
ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЖИЛ НЬ УГТАЖ ОРДОГ УЧРААС ЖИЛИЙНХЭЭ ӨМНӨ НЬ ЗАСАЛ НОМДОО ШАМД
-Энэ жилийн хувьд ямар жилтэй хүмүүс онцгой засалтай байгаа вэ?
-Ер нь жил, жилд гадаад жил буюу жил орж байгаа хүмүүс хамгийн түрүүнд онцгой засалтай байдаг. Одоо 13, 25, 37, 49,61, 73 нас гэхчилэн бар жилтэй бүх хүний жил орж байна. Тэгэхээр энэ насны хүмүүс тус бүртээ өөр өөрийн онцлогтой жил ордог учраас тухайн онцлогийг анхаарч, жилийн заслаа хийлгэх нь чухал.
Ерөнхийд нь тоймлоод хэлэхэд, эрэгтэй хүний жил нь угтаж ордог учраас жилийнхээ өмнө нь засал номдоо шамдвал зүгээр. Гэхдээ жил нь орж байгаа бүх эрэгтэй хүнд жилийн өмнө тухайн жилийн шинж тэмдэг, муу нөлөө нь гарна гэсэн үг биш. Ер нь жилийн өмнө болон тухайн гарсан жил дээрээ жил нь орох тохиолдол байдаг гэдгийг санаж, анхаарах хэрэгтэй.
Эмэгтэй хүн жилээ дагаж, орж байгаа жил дээрээ жилийн өнгө нь орох учраас засал номдоо анхаарна. Мөн жилийн хойно буюу туйлай жилд жил орсны өнгө, нөлөө нь гарах учраас үүнийг анхаарч засал номдоо шамдаж, өөрөөсөө шалтгаалах зүйлдээ анхаарах нь зүйтэй.
-Монголчуудын ихэнх нь жилийн заслаа цагаан сарын өдрүүдэд хийлгэдэг. Тэгэхээр жил орж байгаа хүмүүс жилийн заслаа хэд хэдэн удаа хийлгэх хэрэгтэй гэж ойлгож болох уу?
-Жил орж байгаа хүмүүс дээр хэлсэнчлэн онцлогтойгор заслаа хийлгэж болдог. Зарим онцгой засалтай хүмүүс тухайн жилийнхээ засал номыг давтамжтайгаар хийлгэж байвал зохимжтой. Яагаад заслаа хийлгэ гээд байна вэ гэхээр гараг эрхсийн нөлөө хүний биед хэрхэн нөлөөлж байгааг шинжиж, тооцоолдог ухаан бол зурхайн ухаан юм. Гараг эрхсийн нөлөө яалт ч үгүй хүний бие, аж амьдрал нөлөөлдөг. Энэ нөлөөллийн нэг ч гэсэн нөхцөлийг нөхцөлдүүлэхгүй байх үүднээс бид ном засал хийлгэж байгаа. Нөгөө талаас ном заслаас гадна өөрийн зүгээс анхаарах ёстой зүйлүүд байдаг. Тэгэхээр тухайн хүний өвдөх, зовох, ажил үйлс нь бүтэхгүй байх гэдэг асуудлуудыг бид ганцхан нөхцөлөөс болсон гэж бодож болохгүй. Олон зүйлээс шалтгаална. Үүний нэг ч гэсэн нөхцөл шалтгааныг бид засал номоороо арилгаж чадвал өвдөж зовохгүй байх боломжтой. Түүнээс биш зөвхөн энэ л заслыг хийлгэхгүй бол үхнэ, өвдөнө, зовно гэж байгаа ойлголт бас биш.
-Жил нь орж байгаа эрэгтэй хүн угтаж засал хийлгэдэг гэлээ. Жишээ нь бар жил гараагүй байхад ирэх жилийн заслаа хийгэнэ гэсэн үг үү?
-Тийм. Бар жил гарахаас өмнө, үхэр жилдээ тухайн хүний жил орсон байх магадлалтай. Үүнийг монголчууд эрт үеэс эрэгтэй хүн жилээ угтахдаа ширүүн, эмэгтэй хүн жилээ дагахдаа ширүүн гэж ярьж ирсэн. Үүнийг мэдээгүйгээс элдэв таагүй зүйл болох вий. Жишээ нь дээр дурдсан 13 болон 73 насан дээр бие өвдөх, хямрах эрсдэлтэй байдаг. Ялангуяа 13-ны жил дээр хүүхэд хүнд өвдөх, газар лусын нөлөөнд автах, түүнээсээ болоод унаж тахах, ужиг өвчтэй болох шалтгаан болох нь бий. Үүнийг анхаарч, тухайн жилд нь цээрлэх зүйлийг нь цээрлэх хэрэгтэй. 25-ны жилд жаргал, зовлон ээлжилнэ гэдэг. Энэ нь ажил үйлсэд их нөлөөлдөг. Ажил бүтээд байна уу гэтэл бүтэхгүй, бүтэхгүй байна гэхэд бүтэх гээд байгаа юм шиг орон, гаран байх нөлөөтэй.
37-ны жил дээр мэнгэ голлодог учраас бие өвдөх, гарз гарах нөлөөтэй, хатуу гэдэг. Энэ хоёр шинжийг 37-ын жил дээр анхаарч засал номыг хийлгэх хэрэгтэй. 49-ний жилийг сүлд, хийморь доройтох жил гэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас сайн анхаарахгүй бол амь, насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Үүнийг анхаарч засал ном, өөрийн цээрлэх зүйлсийг анхаарах хэрэгтэй.
Харин гарч байгаа жил дээрээ жил орох нь угаас хүн бүрийн дайрч өнгөрдөг үйл байх нь.
-Тэгвэл Усан бар жилд жил нь орж байгаа хүмүүс ямар ном уншуулах вэ?
-2010, 1950 онд төрсөн 13 настай хүүхэд, 73-тай хөгшдийн бие, эрүүл мэндийг анхаарч Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.
1998, 1938 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил ажил үйлсэд нь их нөлөөлдөг. Засал нь Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга.
1986, 1926 онд төрсөн 37, 97 насанд хийморь доройтох, бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.
1974 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг бөгөөөд засал нь Нити, Хийморийн сан айлтга.
1962 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил бөгөөд гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга.
УСАН БАР ЖИЛД БИЧ ЖИЛТНҮҮДЭД ИХ ХАРШ ЖИЛ ТОХИОЖ БАЙНА
-Урвасан жил гэж юуг хэлдэг вэ. Ямар зүйл дээр анхаарах вэ?
-Гадаад жилээс гадна дотоод жил гэж байна. Үүнд бидний мэддэгээр урвасан жилээр үүдүүд нээгдэж байдаг. Тэр нь хагацлын үүд, яс тасрахын үүд, огторгуйн үүд, газрын үүд, олзын үүд гэж байна. Дандаа харш, муу биш сайн үүд ч нээгдэж байдаг.
Олзын үүд нээгдэхээр тухайн хүний ажил үйлс сайн бүтдэг. Хүн олзын үүд нээгдсэнээ мэдвэл олон жил төлөвлөж, хийх гээд чадахгүй байсан ажлаа зорьж хийвэл нэг талаасаа гараг эрхсийн сайн нөлөө бүрдчихсэн байдаг.
Хагацлын үүд гэхээр хэн нэгнээсээ хагацахвий гэж их айдаг. Энэ нь уурын тухайд юм. Би үүнийг “Уурын үүд” гээд нэрлэчихсэн. нээгдсэн хүмүүс гэр бүл, ойр дотны хүмүүс, ажил алба, аливаа зүйл дээр үл ойлголцолд хүрэх, холдож салах эрсдэлтэй байдаг. Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст хагацахын үүдийг хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрсдийн цээрлэх зүйл буюу хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийх хэрэгтэй.
Яс тасрахын үүд нээгдэхэд хэл аманд орж, гарз гарах гээд байдаг. Тиймээс энэ үүд нээгдэж байгаа хүмүүс эд зүйлдээ болгоомжтой байж, хэл ам, хэрүүл тэмцлээс өөрийгөө зайлуулж явах, үүд хаалгах ном заслаа хийлгэх хэрэгтэй.
Гарзын үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг.
Газрын үүд нээгдвэл газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Огторгуйн үүд нээгдсэн хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Үүнийг анхаарах хэрэгтэй.
Тийм учраас бид дотоод жилийн засалдаа анхаарч, муу үүдүүдийг хаах номнуудыг давтамжтай уншуулж байх нь тухайн хүндээ ээлтэй.
-Урвасан жилээс гадна их, бага харш жил гэж ярьдаг. Бар жилийн харш ямар жилтнүүд байна вэ?
-Харш жил гэхээр их харшийг онцолж үздэг. Энэ нь тухайн гарч байгаа жилээс тоолж, долоо дахь жилийг их харш жил гэдэг. Гарч байгаа Усан бар жилд бич жилтнүүдэд их харш жил тохиож байгаа. Эдгээр хүмүүс хол газар явах, их том ажил үйл хийхдээ анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл их харш жил гарахаар том ажил хийхэд саад орж байдаг. Хол газар явахад эрсдэлтэй байдаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшийн засал, аян замд явбал Чойжоо дүгжүү гаргавал сайн. Их харшийн заслыг давтамжтайгаар хийлгэж байх хэрэгтэй.
Мөн гахай, могой жилтэн бага харш, нохой, морь жилтэн ивээл жилийн харш, үхэр жилтнүүд цагаан жил буюу тэмцэлдэх харш.
Гахай, Могой жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул гахай жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, могой жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх. Засал нь Жадамба, Ногоон дарь эх уншуул, бага харшийн засал, Амин золиг гаргуулбал сайн.
Нохой, Морь жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуул.
Үхэр жилтнүүд Бар, үхэр хоёр тэмцэлдэх харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй. Засал нь Манлын чого, 3 гүрэм, Сахиусны ганшиг уншуул.
ГУРВАН ТОМ МӨЧЛӨГ 33-НЫ МӨЧЛӨГ ДЭЭР ТААРЧ БАЙДАГ
-Энэ бар жилд 33-ны мөчлөг нь тохиож байгаа хүмүүс юуг анхаарвал зохилтой вэ?
-Зурхайн гараг эрхсийн нөлөөллийн үүднээс гурван том мөчлөг 33-ны мөчлөг дээр таарч байдаг. Тиймээс үүнийг онцолж үздэг.
Нэгдүгээрт суудлын гүймиг гэж ярьдаг. Энэ нь эрэгтэй хүн эхээс төрөхдөө гал суудалд сууж, эмэгтэй хүн усан суудалд сууж төрдөг. Эхээс төрөхдөө суусан суудалдаа 33 насны мөчлөг дээрээ эргэж сууж байгаа юм. Үүнийг монголчууд суудлын харш буюу хатуу гэж ярьдаг.
Хоёрт ясан мах бодийн гүймиг. Энэ нь өвдөх, юманд өртөж бэртэх, хэл аманд орох эрсдэлтэй байдаг.
Гуравдугаарт ивээл жилийн харш таарч байгаа. Ивээл жил гэдэг нь хиймориор ивээл гурван жилийг хэлнэ. Энэ жил 33-ны мөчлөг 1990 оны морь жилтэй хүмүүст тохиож байгаа. Морь жил нь бар жилийн ивээл жил учраас ивээл жилийн харш байна. Хүмүүс ивээл жилийг миний сайн жил гарлаа гэж боддог. Гэтэл зурхайн тооцоолол, үндэслэлэээс харахад гурван ивээл жилийн нэг жил нь огторгуйг дагаад гараад явчихаар хийморийн махбодь нь нэг учраас нөгөө хоёр жилийнхээ хийморийг доройтуулдаг. Тиймээс ажил үйлсэд нь саад орж, бүтэхгүй болж эхэлдэг. Тэгэхээр хүмүүс энэ эрсдэлийг анхаараад хийморийн дарцаг тэргүүтэй заслыг хийлгэж, хийморь лундаагаа сайн байлгахад анхаарах хэрэгтэй.
Энэ гурван мөчлөг давхцаж байгаа учраас 33-ны мөчлөгийг зурхайн үүднээс хатуу учраас анхаарах ёстой. Засал номдоо шамдах хэрэгтэй. Хоёрт монголчууд ээжийгээ баярлуулдаг гэж яриад байгаа. Тэр нь эхээс төрсөн суудал дээрээ эргэж сууж байгаа учраас эцэг, эхийнхээ ачийг санаж, ээжийгээ баярлуулах сэтгэлийн зан үйл чухал юм. Түүнээс биш гадуур яваад байгаа янз бүрийн зан үйлийн талаар мэдэхгүй юм. Дотроо бодох бодол их чухал. Ажаад байхад төрснөөс хойш 33-ны мөчлөг хүртлээ хүний амьдралын нэг цикл байх шиг. Үүнээс хойш үлдсэн насны нэг цикл ирж байх шиг. Тэгэхээр энэ мөчлөг дээр өнгөрсөн амьдралын алдаа, оноог бодохдоо гол нь биш 33-ны мөчлөгөөсөө хойш ирээдүйд би аж амьдралаа өөрчилж болох юм байна гэдэг зорилго, зорилт өөртөө дэвшүүлээд, засал номоо жилийн эхэнд хийлгэх хэрэгтэй. Ингэвэл тухайн хүний аж амьдрал сайн болох шиг харагддаг. Үүнийг чухалчлах ёстой.
-Шинийн нэгэнд хүмүүс зүг мөрөө гаргахдаа хар нохойн ам гэдгийг анхаарах ёстой гэдэг. Бар жилийн тухайд хар нохойн ам нь аль зүгт таарч байгаа вэ?
-Зүг мөр гаргана гэдэг нь маш чухал зан үйл. Энэ нь Цагаан сарын эхний өдөр тухайн жилийнхээ цээрийг гаргаж, сайн сайхныг бэлгэдэн ерөөж, зүг мөрөө гаргадаг. Зүг мөрийг өөрийн цог хийморийн зүгт гараад, буян хишгийнхээ зүгээс гэртээ орж ирдэг. Гэхдээ зарим суудалд суусан хүмүүсийн гарах зүг өөрчлөгддөг. Тэр нь юунаас хамаарч байна вэ гэхээр тухайн жилийн хар нохойн ам буюу гарч болдоггүй зүг гэж байна. Хар нохойн ам нь жил бүр өөрчлөгддөг. Өнгөрсөн үхэр жилд хар нохойн ам зүүн хойд зүгт байсан. Энэ жил хар нохойн ам чанх зүүн зүгт байна. Тиймээс энэ жил тухайн зүгт цог хийморийн зүг нь байгаа хүмүүс зүүн зүг рүү гарч болохгүй. Харин буян хишгийн зүг нь зүүн зүгт байгаа бол тэр зүгээс орж ирж болно. Хар нохойн ам руу гарч болдоггүй, тэр зүгээс орж ирж болдог. Үүнийг анхаарч зүг мөрөө гаргавал сайн.
-Тэгвэл хар нохойн ам дээр цог хийморийн зүг нь таарч байгаа хүмүүс хэрхэн зүг мөрөө гаргах вэ?
-Найман зүгийн дөрөв нь сайн, дөрөв нь муу зүг байдаг. Хамгийн сайн зүг нь цог хийморийн зүг, буян хишгийн зүг байгаа. Үүнээс гадна хоёр сайн зүг нь амин зүг, эмийн зүг гэж байна. Тэгэхээр хар нохойн ам руу цог хийморийн зүг нь харчихсан байгаа хүмүүс амин зүг, эмийн зүгийн аль нэг рүү гараад буян хишгийнхээ зүгээс ирнэ.
-Суурин газар, орон сууцанд амьдардаг хүмүүс яаж зүг мөрөө гаргах вэ?
-Зүг мөрөө гаргах нь нэг талаараа соёл, зан заншил. Аливааг сайн болгох талтай. Нөгөө талаараа есөөс дооших насны хүүхдийн зурхай, засал номыг тусад нь онцгойлж хийдэггүй. Тэдгээр нь эцэг, эхийнхээ зүг мөр, засал номоор зан үйл нь болж байдаг. Бид зүг мөрөө гаргахдаа эндүү ташаа ойлгоод байшин саваа тойроод, том талбай хэрэглэх шаардлагагүй. Гадаа гараад маш бага хэмжээтэй газар байсан ч тэр газартаа нэг цэг аваад тэр цэгээсээ цог хийморийн зүг рүүгээ хэд алхаад, цэгээ нар зөв тойрч буян хишгийнхээ зүгээс нөгөө цэг дээрээ очиход л болчих юм.
-Сүүлийн үед монголчууд шинийн нэгний өглөө уул, овоон дээр гарч нар харна гэдэг болж. Ийм ёс байдаг уу?
-Би тийм ёс мэдэхгүй. Хүн бүрт л нар харагдана шүү дээ /инээв/. Ер нь монголчууд уламжлалаараа овоо, уулан дээр гарч уул, овоо, газар лусаа дахиж аргаддаг л зан үйл байхаас биш яг нар харах гэсэн зан үйл мэдэхгүй. Гэхдээ шинийн нэгний өглөө нар мандахад нар руу хараад нарны бурхан Лхам осоржамаагийн тарни “Ум Марзэ Мам Суу Хаа”-г уншаад тухайн жилийн тотгорыг зурхайгаар зуруулсан зургаа шатаадаг. Нар руу хараад Ум Марзэ Мам Суу Хаа тарнийг олон уншиж тухайн жилийнхээ ажил үйлсийг нарны бурханд даатгадаг зүйл байж болно.
Сэтгэгдэл ( 3 )
Шарын шашин гээд Монголчуудыг дандаа мунхруулсаар..Түвдүүд яааж устаж үгүй болж бна,номхон дорой ядуу зүдүү аймхай байлгаж дарласаар өөд нь нар хүртэл харж болохгүй гэх нь Зрхайч хүн астромомич хүн байвал сайн гэтэлгэх одон орон орны мэдлэггүй..Монголд сэтгэл зүйн судлал сайн хөгжих ёстой үеийн үед лам нараар толгойгоо мунхруулсаар.энэ хэдэн лам нь хазгай муруй түвд цээжилсээр Далай багш гээд шүтдэг хүн нь хүртэл шашинаа хоёр хуваачихсан
Битгий шаа муу шар хувалз
Ingeed chaachuul heden mal orlogo oruulna l gej bod bgaa bh shar huvalz haha