Ирэх олимп, Азийн наадмыг угтан Хятадын шигшээ баг гадаадын сайн мэргэжилтнүүдийг олноор урьж байна.
Жүдо бөхийн баг нь Испани, Япон дасгалжуулагчтай болсон бол энэ удаад чөлөөт бөхийн баг нь орос дасгалжуулагч урьлаа. 1980-аад оны үед Монголд ажиллаж байсан ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Маирбек Юсупов Казахстаны шигшээ багийн ажлаа дуусгаад Хятадын шигшээ багийг удирдах болсон байна.
Түүнтэй Оросын сэтгүүлчид уулзан ярилцжээ.
-Ажлаа өгөөд шууд дараагийн ажилдаа орлоо...
-Надад санал маш хурдан ирсэнд өөрөө ч гайхаж байна. Гадаадын хоёр урилга ирсэн, аль аль нь сайхан санал байсан. Гэхдээ нэгэнд нь тодорхой зүйл байгаагүй бол хятадууд миний хүсэл, саналыг харгалзан, гэрээгээ шуурхай байгуулсан. Гэрээ энэ олимпын циклийг дуустал хүчинтэй. Гэрээний нөхцөл таалагдаж байгаа, Казахстанд байснаас илүү дээр. Цалин ижилхэн ч Олимп, Азийн наадам, тивийн АШТ, ДАШТ-д медаль авбал бонустай. Казахстанд хэлний асуудал байхгүй, ЗХУ-ын үеэс үлдсэн харилцан ойлголцол, сэтгэхүй гэсэн сайн талтай байлаа. Би тэнд 5 жил гэртээ байгаа юм шиг л ажилласан. Би тэнд төрсөн хүн. Уг нь Казахстаны шигшээ багт дахиад нэг олимпын цикл ажиллах хүсэлтэй байсан ч болсонгүй.
-Та олон нийтийн сүлжээнд Казахстаны бөхийн холбоотой санал зөрөлдсөн гэж бичсэн байсан. Та өөрөө ажлаа өгсөн юм уу?
-Миний цалинг Казахстаны ҮОХ төлдөг байсан. Тэд намайг үлд гэж ятгасан. Казахстаны бөхийн холбооны шинэ тэргүүн Даулет Турлыханов ч хамтран ажиллах хүсэлт тавьсан л даа. Гэхдээ намайг анх Ерлан Кажасбай урьсан. Тэр холбоонд шинэ хүмүүс ирэхэд санал зөрөлдөөд гараад явсан. Би энэ олон жил түүнтэй хамт ажилласан болохоор дагаад гарсан юм. Ер нь шигшээ багийн дасгалжуулагч нар бүгд ажлаа өгсөн. Хэцүү шийдвэр байлаа. Учир нь бид маш их зүйл хийж бүтээсэн байсан. Шигшээ багийн авсан медалийг харахад л ойлгомжтой байгаа. Токио олимпоос медаль авах даалгаврыг бид амжилттай гүйцэтгэсэн. Ерлан Кожасбай Алматы хотын төвд Спортын том төвөө яг барьж дуусаад байлаа. Бидэнд тийм төв л дутаад байсан юм. Харамсалтай нь тэнд ажиллаж чадсангүй.
-Хятадад том бааз, төв байдаг болов уу? Та сонирхож үзэв үү?
-Газар дээр нь очиж үзнэ дээ. Хятадад гол асуудал нь тэнд өөрийн гэсэн бөхийн школа, уламжлал үгүй. Эмэгтэйчүүд нь дэлхийн хэмжээнд өрсөлдөж байгаа ч эрчүүд нь хоцорсон. Гэхдээ сайн бөх байхгүй гэж хэлэхгүй. Хүнд жингийн Живей Денг нь Токиод манай Сергей Козыревийг ялж, шагналт тавдугаар байрт шалгарсан. Азийн аваргаар медаль авсан хэд хэдэн муугүй бөх бий. Гэхдээ спортод их анхаарал хандуулдаг энэ том орны хувьд маш бага байна.
-Та 66 настай хүн. Хятад шиг өвөрмөц оронд бүхнийг тэгээс эхлэх хэцүү биш үү?
-Нэгдүгээрт, би эрүүл саруул хүн, бөхчүүдтэй ч хөлбөмбөг тоглоод гүйж явдаг. Хоёрдугаарт, Би гадаадад ажиллаад дасчихсан. Казахстан, Монголыг бараг гадаад орон гэж хэлэхгүй байж болох ч би Өмнөд Солонгос гэсэн өвөрмөц оронд ч ажиллаж байсан. Би хоёр удаа солонгосчуудад олимпод бэлтгэхэд нь тусласан, асуудал гарч байгаагүй. Цаг агаар, хоол хүнс, амьдралын хэв маяг, зан аашинд нь дороо дассан. Солонгосчууд хөдөлмөрч, сахилга баттай тул ажиллахад хялбар байсан. Хятадууд ч гэсэн ижилхэн. Тамирчид нь хичээл зүтгэл, сахилга баттай байх дасгалжуулагч хүнд маш чухал шүү дээ.
Маирбек Юсупов 2016 онд Монголд айлчилсан. Энэ талаараа Дагестаны сэтгүүлч Тимур Расуловт 2016 онд өгч байсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Таныг хэн урьсан бэ? Айлчлалын зорилго юу байв?
-1980-аад оны дундуур би Монголын шигшээ багт ажиллаж байлаа. Монголын мэргэжил нэгт нөхөд, шавь нартайгаа одоо болтол харилцаатай байдаг. Тэр үеийн шигшээ багийн залуус маань өнөөдөр спорт, улс төр, бизнесийн салбарт амжилттай явж байна. Манай бөхчүүд Монголд хамтарсан бэлтгэл хийж, монголчууд ч Дагестанд ирдэг уламжлалтай. Тийм болохоор би Монголоос урилга ирсэнд гайхаагүй. Гэхдээ энэ удаад намайг найзууд маань биш МҮОХ-ноос урьж, чөлөөтийн шигшээ багийн олимпийн бэлтгэлд туслаач гэж хүссэн. Би тав хоног Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багтай ажиллаж, зөвлөгөө өгөн, бэлтгэлд нь оролцсон.
-Монгол бөхчүүдийн бэлтгэл хийх орчин ямар байна?
-Ер нь бол манай бөхчүүдийн бэлтгэлээс бараг ялгаагүй тул би бага зэрэг л өөрчлөлт хийсэн. Гол ажил маань дэвжээн дээрх барилдааны бэлтгэл байлаа. Тавхан хоногт олон зүйл сургаж чадахгүй ч ямар ч гэсэн багш дасгалжуулагч нар, тамирчид хэлсэн үгнүүдийг минь сонсон, даган биелүүлж байсан болохоор ач тусаа өгөх нь гарцаагүй. Монголын бөхчүүдтэй хамтран ажиллахад үнэхээр сайхан байлаа. Тэд ажилсаг, дуулгавартай, цугларалт нь маш хатуу сахилга баттай явагддаг юм билээ. Хачирхалтай санагдсан юм ч бий. Жишээ нь, бэлтгэл тарахад бүгд гараа зүрхэндээ аваад Улсынхаа сүлд дууг дуулдаг. Буддын шашны янз бүрийн ёслол хийнэ. Нэг удаа бэлтгэлийн танхимд лам ирж, ном уншаад бөхчүүд бүгдээрээ “ариун ус” ууж байсан. Буддын шашинтай Өмнөд Солонгос зэрэг оронд эх оронч үзэл суулгахын тулд анхаарал тавьдаг ч Монгол их өөр байлаа. Бэлтгэлийн нөхцлийн тухайд нэг их сайн биш юм. Эмэгтэйчүүдийн баг бэлтгэлээ Улаанбаатараас 50 км хол газар, жирийн нэг амралтын газарт хийж байсан. Хоёр дэвжээтэй бэлтгэлийн танхимтай, тамирчдын байр, сагс, хөлбөмбөгийн хиймэл хучлагатай талбайтай. Эргэн тойронд уул, тал, малчдын гэр. Нэг их гоё байгальтай ч биш юм. Харин эрчүүд нь нийслэлээс 420 км-ын алсад, Эрдэнэт хотоос 60 км-ын зайд цугларалтад гарсан. Энэ бэлтгэлийн төвийг ч орчин үеийн гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ монгол бөхчүүд ийм орчинд дассан болохоор интернет, телевиз байхгүй байсан ч огт тоохгүй. Би Монголын спортын салбарын дарга нарт “XXI зуунд ийм орчинд бэлтгэл хийж болохгүй” гэж хэлсэн. Тэд өөрсдөө ч үүнийгээ сайн ойлгож байгаа.
-Гадаадын шигшээ багууд Олимпод бэлтгэхдээ бусад орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийдэг. Монголчууд адилхан уу?
-Эмэгтэйчүүдийн цугларалт дээр гадныхан байгаагүй. Тэнд эрэгтэй чөлөөтийнхөн нь бэлтгэлд туслаж байсан. Харин эрчүүд дээр Якутын гурван бөх, дасгалжуулагчтайгаа ирж, хамтарсан бэлтгэл хийж байв. Якут, Монголын бөхчүүд хамтарсан бэлтгэл их хийдэг. Хөнгөн, дунд жинд бэлтгэл хангагч хангалттай ч хүнд жингийхэнд байхгүй. Би гайхаад “Бэлтгэл хангагчгүй хагас хүнд, хүнд жингийнхэн яаж олимпийн бэлтгэл хийх юм бэ” гэж асуусан. Тэд нар саяхан үндэсний бөхийн наадам болоод хамаг хүнд жинтэй бөхчүүд барилдахаар яваад өгсөн гэж байна лээ.
-Энэ наадам нь тийм чухал юм байх даа. Олимпод орох нөхөртөө бэлтгэлийг нь хангаад өгөх зав гаргахааргүй тийм чухал эд үү?
-Улсын наадамд нь 1024 бөх барилдсан гээд бод. Тэгэхээр их чухал зүйл бололтой. Улсын наадмын шөвгийн дөрвийн хоёр барилдаанд чөлөөтийнхөн жүдочидтой халз таарсан. Бөхийн энэ хоёр төрлийнхөн Монголд хоорондоо их өрсөлддөг болохоор хүмүүс маш их сонирхож байлаа. Хоёр барилдаанд хоёуланд нь чөлөөтийнхөн ялалт байгуулсан. Түрүүлсэн бөх хоёр “Тоёота Ланд 200” машинаар шагнуулж байна лээ.
-Монголын бөхчүүдээс хэн нь Риод медаль авч чадах бол?
-Риогийн наадмын эрхийг 4 эмэгтэй, 6 эрэгтэй тамирчин авсан гэдэг маш сайн амжилт. Медаль авах хамгийн боломжтой тамирчнаар дэлхийн аварга С.Батцэцэгийг нэрлэнэ. Тэр бол алтан медаль авах тамирчин. Бусад охидууд бүгд медаль авах боломжтой. Ялангуяа 53 кг-ын жингийн бөх. Эрэгтэйчүүдээс би Э.Бэхбаяр, Г.Мандахнаран хоёрыг олимпод амжилттай оролцоно гэж бодож байна. Монголчууд чөлөөт бөхөөр олимпийн аваргатай болохыг их хүсдэг. Жүдо, боксоор олимпийн аваргатай болчихоод байдаг, гэтэл хамгийн олон хүн үздэг чөлөөт бөхөөр аваргагүй байна.
-Өөр сонирхолтой уулзалт байв уу?
-Хамт ажиллаж байсан дасгалжуулагч, шавь нартайгаа уулзсан. Шигшээ багт хамт ажиллаж байсан Ч.Дамдиншаравтай уулзахад сайхан байлаа. Тэр Али Алиевтэй эн тэнцүү өрсөлддөг бөх байсан. Мехикогийн олимпийн хүрэл медальтай хүн. Миний шавь, сайн найз Х.Баттуул гадаадад байсан болохоор уулзаж чадаагүй. Гэхдээ түүний байгуулсан Цонжинболдог цогцолборт очиж үзлээ. Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, домогт сүмоч Асашёорюүтэй уулзах байсан ч амжаагүй. Гэхдээ надад түүний нэрийн өмнөөс Монголын чөлөөт бөхийн холбооны одон гардуулсан. МҮОХ ч намайг бас шагнасан.
-Монголд ажиллахыг урьж байна уу?
-Энэ талаар ярилцсан ч одоохондоо би өөр төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ би урьдах шигээ л чадах чинээгээрээ монголчуудад туслаж, хамтран ажиллах болно гэдгээ монгол анд нөхөддөө хэлсэн.
Сэтгэгдэл ( 0 )