ЧУУЛГАНЫ ТОЙМ: Төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.01.31/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын гишүүд танхимаар болон цахимаар оролцсон юм. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын бүх Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар холбогдох төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гаргасан санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлснийг тус Байнгын хороо хуралдаанаараа нэгтгэн хэлэлцжээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төслийг хэлэлцэх үед төсөлд тусгагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхой шатлалаар нэмэгдүүлэхийг зарчмын хувьд дэмжиж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны төсвийн Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 310.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, санхүүжилтийг дараах зардлуудыг бууруулах замаар эх үүсвэр гаргах саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.  Үүнд:

1.Эрүүл мэнд, Онцгой байдлын салбар, халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, зээлийн хүүгийн төлбөрөөс бусад бүх зардлыг 15.4 хувиар бууруулахтай холбогдуулан 217.1 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах;

2.Улсын төсвөөс санхүүжин хэрэгжих зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг нийт 63.0 тэрбум төгрөгөөр бууруулах

3.Гадаад зээл, тусламжаар санхүүжих төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа онуудад үргэлжлүүлэн хийхээр тооцож, уг санхүүжилтийг 30.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулах саналуудыг гаргасан байна.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний дүнд өөрчлөлт оруулахгүйгээр, нэр, байршил, хүчин чадал өөрчлөх болон бусад асуудлаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг нэг бүрчлэн санал хураалгаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн хэмээн танилцуулав.

Нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх шийдлийг нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, хэрэгжүүлэхийг Монгол Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн  34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төсөл боловсруулсан гэлээ. Тэтгэвэр нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн орлого, зарлага ба алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн тусгай шаардлагыг зөрчихгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв  хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн тэтгэвэр зарцуулах эрхийг нэмэгдүүлэх замаар  шийдвэрлэхээр төлөвлөснийг дурдав.

Дээрх төсвийн зохицуулалтын үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг хуульд заасан хэмжээнээс бууруулах шаардлага үүсэж байна гэлээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Хөгжлийн банкны асуудлыг хөндсөн. Мөн тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхээр инфляцид, үнийн өсөлтөд нөлөөлөх учир мөнгөний болон төсвийн бодлогыг уялдуулах талаар тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Хөгжлийн банктай холбоотой асуултуудад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар доорх хариултыг өгсөн.

Хөгжлийн банк 2020 оны 04 дүгээр сард Засгийн газрын шийдвэрээр Сангийн яаманд ирсэн. Сангийн яаманд ирсэн цагаас эхлээд Хөгжлийн банкнаас зээл авчихаад эргэн төлөхгүй байгаа зээлдэгчдийг шүүхэд өгч эхэлсэн. Нийт 19 зээлдэгчийг шүүхэд өгсөн. Зургаан зээлдэгчийн асуудлыг мөн бэлтгээд байсан. Нийтдээ 25 зээлдэгчийн 900 орчим тэрбум төгрөгийн асуудал шүүхийн шатанд яваа. Заримынх нь шийдвэр гарсан бол зарим нь шүүхээс буцаж байгаа. Учир нь эцсийн өмчлөгч гэдэг зүйлийг өнөөг хүртэл Монгол Улсад хэрэгжүүлдэггүй. Тухайлбал “Хөтөл” байна. Энэ газрыг Хөгжлийн банк гурван удаа шүүхэд өгөөд материал нь шүүхээс буцсан. Учир нь “Хөтөл”-ийг эзэмшигч нь нас барсан гэдэг. Гэтэл “Хөтөл”-ийн эзэн хэн бэ гэдгийг монгол даяараа мэдэж байгаа. Тийм атал шүүхээс буцаад байдаг. “Хөтөл”-өөс олж байгаа орлого хаашаа орж байгаа, хэнд очдог вэ гэдэг нь бүгд мэдэгдэж байгаа. Энэ мэт зүйлд анхаарал тавьж араас нь хөөцөлдвөл дороо төлөгдөх учиртай мөнгө юм. Нийт 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа. Одоо Хөгжлийн банкнаас зээл аваад төлөхгүй байгаа хүмүүсийг нэр усаар нь энэ танхимд ярих хэрэгтэй. Төрийн мөнгөний хойноос бүгдээрээ хөөцөлдөхгүй бол болохгүй болжээ гэлээ. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.

Хэдийгээр коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг үр дүн бүхий олон вакцин гарч, улс орнуудад вакцинжуулалтын аян амжилттай хэрэгжиж байгаа ч мутацид орсон шинэ хувилбаруудын нөлөөгөөр дэлхий нийтэд халдвар авсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар 370 саяд, нэг өдөрт илрэх халдварын тоо 3.6 саяд хүрсэн нь 2021 оны 9 дүгээр сартай харьцуулахад 6 дахин өссөн үзүүлэлт гэдгийг тодотгов.

Мөн коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын нийт 13 хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага бүртгэснээс хамгийн сүүлийн мутацлагдсан хувилбар болох “омикрон” нь  өмнхө дельта вирусээс халдварлуулах чадвар 1.5 дахин илүү, шинээр батлагдсан тохиолдуудын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа болон тусгайлан зориулсан вакцин бий болоогүй зэргээс үүдэн цар тахлын үргэлжлэх хугацаа уртсаж, дэлхий дахинд эрүүл мэнд-эдийн засгийн тодорхой бус байдал үргэлжлэх төлөвтэй байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ тодорхой бус байдлын үргэлжлэх хугацааг урьдчилан тооцоолох боломжгүй байгаа үед цар тахлын нөлөөллийг бууруулах арга хэмжээг цаг алдагдалгүй,  шуурхай зохион байгуулах, төсөв санхүүгийн зохицуулалт хийх эрх мэдлийг Засгийн газруудад хангаж өгдөг туршлага дэлхийн олон оронд байна гэлээ. 

Иймд ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зарлагад зохицуулалт хийх агуулга бүхий хуулийн 7.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ өмнө байсан зохицуулалтыг сэргээхээр хуулийн төсөлд тусгасныг онцолсон юм. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top