Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СҮН ГҮН МИН ЖАГСААЛЫГ ЭВДЭЛЖ ГАВЪЯА БАЙГУУЛСАН СУ ТАЙЮЙ ӨРШӨӨЛИЙГ ТҮГЭЭЖ ЗАРЛИГ БУУЛГАСАН
Түүнээс Сүн Жян зүүдээр есөн тэнгэрийн хувилгаан эхийн сургасан нууц увдисыг хүртэж огт умартсангүй даруй цэргийн багш Ү Юн-г дуудаж цэрэг орох үйлийг зөвлөн тогтоосон хойно Жао Ань Фү-д айлтгаж гал буут тэрэг хорин дөрвийг үйлдүүлэн зурагт хавтас өргөст аргамжаагаар хадаж доор нь тос хийж, дээр нь гал бууг өрдөн тавиулж, шөнө дүлээр шаардан үйлдүүлж дуусгасан хойно жагсаалыг эвдэх үйлийг зөвлөн тогтоож, олон жанжин нарыг цуглуулан цэргийн цааз зарласан нь: Дундад шар шаргачин шороон махбодыг тохиолдуулан шар дээлт цэргийг зохиож Ляо улсын усан одны их жагсаалыг байлдуулсугай. Хос жадат жанжин Дүн Пин чиний бие Жү Түн, Ши Жинь, Оу Пин, Дэн Фэй, Янь Шүнь, Ма Линь, Мү Чүнь зэрэг долоон жанжныг авч хар тугт цэргийн зүүнбаруун долоон хаалгыг эвдэн байлд. Баруун зүгийн цагаан цагаагчин төмрийн махбодод тохиолдуулан цагаан дээлт цэргий зохиож Ляо улсын модон одны цэргийг байлдуулсугай. Ирвэсийн тэргүүт Линь Чүн чиний бие Сюй Нин, Мү Хүн, Хуан Синь, Сүнь Ли, Ян Чүнь, Чэнь Да, Ян Линь зэрэг долоон жанжныг авч хулгайн хөх тугт цэргийн долоон хаалгыг эвдэн байлд. Өмнө зүгийн улаан улаагчин галын махбодод тохиолдуулан улаан дээлт цэргийг зохиож Ляо улсын алтан одны жагсаалыг байлдуулсугай. Цахилгаан тэнгэр Чинь Мин чиний бие Лю Тан, Лэй Хэн, Шань Тингүй, Вэй Дингуо, Жоутун, Гүн Ван, Дин Дэсүнь зэрэг долоон жанжныг авч цагаан тугт цэргийн долоон үүдийг шувтлан байлд. Умар зүгийн хар харагчин усан махбодод тохиолдуулан хар дээлт цэргийг зохиож Ляо улсын гал одны жагсаалыг байлдуулсугай. Хос ташуур Хү Яньжуо чиний бие Ян Хи, Со Чао, Хань Тао, Пэн Чи, Күн Мин, Зоу Юань, Зоу Рүнь зэрэг долоон жанжныг авч улаан тугт цэргийн хаалгыг нэвтлэн байлд. Зүүн зүгийн хөх хөхөгчин модон махбодод тохиолдуулан хөх дээлт цэргийг зохиож, Ляо улсын шороон одны жанжны жагсаалыг эвдүүлсүгэй. Дам илдэт Гуань Шэн чиний бие Хуа Рүн, Жан Чин, Ли Ин, Чай Жинь, Сюань Зан, Хао Сывэнь, Сюэ Юнь зэрэг найман жанжныг авч дундад цэргийн зүүн баруун этгээдийн шар тугт цэргийг байлд. Лү Жишэнь, Ү Сүн, Ян Сюн, Ши Сю, Жяо Тин, Тан Лун, Цай Фү зэргийн долоон жанжин нэгэн салаа хатгамал хиур цэцэгт дээлт цэргийг аван Ляо улсын наран гарагийн зүүн этгээдийн жагсаалыг байлд. Ху Саньнян, Гу Да Сао, Сүнь Эл Нян, Ван Ин, Сүнь Синь, Жан Чин, Цай Чин зэргийн долоон жанжин нэгэн салаа цагаан дээл мөнгөн хуягт цэргийг авч Ляо улсын саран гарагийн баруун этгээдийн жагсаалыг байлд. Лү Жюнь И, Янь Чин, Люй Фэн, Гуо Шэн, Се Жэнь, Се Бао зэргийн зургаан жанжин нэгэн салаа гавшгай цэргийг авч дундад цэргийг байлдан Ляо улсын эзнийг баригтун. Ли Күй, Фань Руй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь зэргийн таван жанжин гал буут тэргийг хамгаалан дундад цэрэгт туслан усан цэргийн олон жанжин хүчлэн тусалж жагсаалыг эвдлэн байлд. Жагсаалын өмнө таван зовхист туг хиур байгуулж, найман зовхист илгээсэн олон жанжин цэргийн цаазыг сонсож хуучин хэвээр есөн мэнгэ найман хүЛи Лийн жагсаал жагсагтун хэмээн зарлигийн далбааг сажин цааз зарлаж, цэргийн ардыг зандан гал буут тэргэнд үнс дарийн зэрэг юмыг тээлгэж жагсаалын өмнө түлхэн авчруулав. Энэ үнэхээр: Арга үүсгэхүйеэ тэнгэр газрыг цочоон, бодлого тогтоохуйяа чөтгөр шимнуг эвдмүй.
Өгүүлэх нь Ляо улсын юаньшуай Ү Янь Гуан өдөр өдөр өдөөн байлдавч Сүн Жян цэрэг авч угтан байлдахгүй тул Сүн Жян-ын цацрын өмнө хүртэл туршуул цэргийг илгээж гэтэлхийлэн туршуулав. Төдийд Сүн Жян хэд хэдэн өдөр цэрэг морийг шаардан аливаа бэлтгэлийг хийж дуусгаад өдөр сонгон тогтсон хойно мөн үдэш цэрэг морийг хөдөлгөж Ляо улсын жагсаалын өмнө ирж утас татсан мэт жагсаал жагсан хатуу нум, холховч зэв барьсан цэргийн ардыг зандан зэв харвуулж жагсаалын хөлийг хамгаалуулан орой болохыг хүлээв. Удсангүй шар бүрий тасарсанд гэнт хүйтэн салхи сэрчигнэн үлээж, бараан үүл огторгуйг бүрхээд, тэнгэр газар харанхуйлсанд Сүн Жян цэргийн ардад цааз зарлан хулсан бишгүүрийг үмхүүлж тэмдэг дохио болгон, ганц шар дээлт цэргийг жагсаалдаа үлдээж, үлдсэн цэргийг дөрвөн зам хуваан, Ляо улсын туршуулын цэргийн нэхэмжлэн ирэхүйеэ туршуулын цэрэг хэдийн жагсаалыг тойрч хойд зүгийг чиглэн буруулан эчив.
Тэргүүн жингийн үед Сүн Жян-ын жагсаалд хэдэн зэрэг тэмдэг буу дуугарснаа Хү Яньжуо жагсаалын үүдийг шувталж Ляо улсын гал одыг захирсан хойд цэргийн зүг алан ирэхүйеэ, Гуань Шэн бас дундад цэрэгт байлдан орж шороон одыг захирсан гол жанжны зүг алан ирэв. Линь Чүн цэрэг жанжныг авч Ляо улсын зүүн этгээдийн жагсаалд орж усан одны жагсаалыг байлдан, Дүн Пин цэргийг хөдөлгөн тэргүүнд орж усан одны жагсаалыг шувтал ирэв. Гүн Сүньшэн цэргийн дунд сэлэм эргүүлэн увдис үүсгэж Ган одыг хийсгэн Доу одыг зааж тарни уншсанд агшин зуур аянга түрчигнэн баруун өмнө зүгээс их салхи дэгдэж, хумхи шороо будран, модон салааг хуу хуу үлээв. Ли Күй, Фань Сюй, Сян Чүн, Ли Гүнь зэргийн таван жанжин халхавч бамбай барьсан таван зуун гавшгай цэргийг дагуулан хорин дөрвөн гал буут тэргэнд гал золгуулан Ляо улсын жагсаалд түлхэн оруулахуйяа хас хатгуурт Ху Саньнян цэргийг тохиж Ляо улсын саран гарагийн жагсаалд байлдан оров. Тарлан хуушаан Лү Жишэнь бас цэрэг морийг дагуулан Ляо улсын наран гарагийн жагсаалд алан орохуйяа бодь цагаан гөрөөс Лү Жюнь И нэгэн салаа цэргийг авч гал буут тэргийг хамгаалан Ляо улсын дундад цэргийн жагсаалд байлдан орсон, хоёр улсын цэрэг морь зууралдан байлдаж хашхиралцах дуу тэнгэр тулжээ. Удсангүй гал буут тэрэг гал авалцаж тэнгэр түрчигнэн цахилгаан цахилах мэт их дуу гарсанд үнэхээр чөтгөр шимну уйлж, хүмүүн морь хашхиралдан, сарны гэрэл будангуйрч, үхэлд хүүр уул талд дүүрчээ.
Төдийд Ляо улсын юаньшуай Ү Янь Гуан чив хэмээн дундад цэрэгт сууж олон жанжинд цааз зарлаж атал дөрвөн этгээдэд хашхиралцах дуу мандаж найман зовхист алалдах чимээ гарсанд яаран морь эмээллэж жагсаалын өмнө эчтэл гал буут тэрэг хэдийн дундад цэрэгт орж, улаан дөл огторгуйд дүрэлзэн, буун дуу аянга мэт түрчигнэж их жанжин Гуань Шэн нэгэн салаа цэргийг дагуулан цацрын өмнө хүрч ирсэнд Ү Янь Гуан их л цочиж сэрээт жад фан тянь жи-г эргүүлж Гуань Шэн-г угтаж авав. Тэр үед өдгүй сумт Жан Чин бас чулуун мөхлөгийг гарган Ляо улсын дөрвөн мөрний туслах жанжныг дэмийлэн занчсанд хэд хэдэн хүмүүн оногдож цөс хэмхрэн буруулж эчив. Ли Ин, Чай Жинь, Сюань Зан, Хао Сывэнь нар бас зэвсэг эргүүлж морь довтолгон Ляо улсын цэрэг жанжны зүг байлдан орсонд Ү Янь Гуан хоёр этгээдэд өмөглөх жанжингүй болж тулан тэсэхгүй морин жолоо дарж хойд зүг буруулан эчихүйеэ Гуань Шэн морь ташуурдаж нэхэмжлэн ирэв. Энэ үнэхээр: Өндөр тэнгэрт дутаан гаравч, үүл хөлөглөн барьж авмуй.
Төдийд Хуа Рүн Ү Янь Гуан-ын цэрэг дарагдсаныг олж үзээд морь хийсгэн нэхэж ирээд нум зэвийг авч саран хөвийг татан зэв онилж Ү Янь Гуан-ын ар нурууг заан харваснаа тэр зэв түв хэмээн түүний ар биеийг хамгаалах хүрэл толинд тусаж хангир хэмээх дуу гарч нэгэн бөөм гал бутрав. Хуа Рүн зэв онилж дахин харвасугай хэмээтэл Гуань Шэн хэдийн нэхэж гүйцээд хөх луут дам илдийг өргөн цавчив. Үзвээс, Ляо улсын юаньшуай Ү Янь Гуан дотроо ган гархин хуяг өмсөн түүний дээгүүр араатны арьсан хуяг давхарлаж, гадуураа алтан хуяг өмссөн тул Гуань Шэн-ийн илд хоёр давхрыг нь нэвтэлжээ. Төдийд Гуань Шэн дам илдийг өргөн дахиж цавчсугай хэмээтэл Ү Янь Гуан бие хэлбийн сэрээт жадыг өргөн тосон авч хойш урагш дөрөв таван удаа зөрөлдтөл Хуа Рүн нэхэмжилж эчээд Ү Янь- ий магнайг зааж харвасанд Ү Янь яаран хэлбэсхийн зайлтал тэр зэв түв хэмээн чихэн угаар дайран тэргүүнд дарсан галбингаагийн содот алтан дуулгыг шувталжээ. Ү Янь их л гэлмэж морь ташуурдан буруулахуйяа Жан Чин нэхэж гүйцээд чулуун мөхлөгийг гарган нүүрийг заан занчсанаа Ү Янь- ий хацар оногдож эмээлийн бүүргийг тэврэн сэрээт жадыг чирч буруулав. Гуань Шэн морь хийсгэж нэхэн эчээд хөх луут дам илдийг өргөн цавчсанд Ү Янь-ий нуруун гол оногдож мориноос тонгорцоглон унахуйяа Хуа Рүн давхин ирж түүний унасан хүлгийг барьж автал Жан Чин бас хойноос ирж жад эргүүлэн жадалсанд хөөрхий Ү Янь Гуан нэгэн үеийн баатар хэдийн сүнс сарниж таалал төгсөв. Шүлэгт өгүүлсэн нь:
Ли Жин-ийн увдис улируулахыг хүмүүн бүхэн магтмуй,
Күн Мин-ийн жагсаал засахыг орчлон дэлхийд гайхмуй.
Огторгуйг будангуйруулах жагсаалаа эсэргүүцэлгүй хэмээвч,
Огоот бас эрдэмт хүмүүн эвдлэх цаг байлаа.
Тэр үед Лү Жишэнь бээр Ү Сүн зэргийн зургаан жанжныг авч зэвсэг эргүүлэн хашхиралцсаар Ляо улсын наран гарагийн жагсаалд алан орохуйяа Е Люй Дэ Жүн яаран бие буруулсугай хэмээтэл Ү Сүн санваартны сэлэм эргүүлэн унасан хүлгийн тэргүүнийг тас цавчсанд Е Люй Дэ Жүн тонгорцоглон унав. Ү Сүн түүний үснээс нь давхийтэл шүүрэн авч тэргүүнийг огтлон авч наран гарагийн жагсаалыг алан сарниулахуйяа Лү Жишэнь хажуугаас: - Бид дундад цэрэгт алан орж, Ляо улсын эзнийг нь бариваас хэрэг дуусмуй хэмээв.
Төдийд Ляо улсын гүнж Да Ли Бо дөрвөн этгээдэд хашхирах дуу мандсаныг сонсоод яаран зэр зэвсгийг багцлан охин цэргийг дагуулан өмнөш эчтэл хас хатгуурт Ху Саньнян морь тавин Гу Да Саозэргийн зургаан жанжныг авч цацрын дунд алан ирж Ляо улсын гүнж ил үгээ хойш урагш хэд хэдэн удаа зөрөлдөн байлдахуйяа Ху Саньнян гэнэт илдийг хөшиж Ляо улсын гүнжийн суганы доогуур шавхийтэл тэврэн авсанд хоёул морин дээр хараахан зууралдан ноцолдтол Ван Ин морь тавин ирээд Тянь Шоу гүнжийг амьдаар барив. Гу Да Сао, Сүнь Эл Нян нар жад эргүүлэн жагсаалд алан орсноо Сүнь Синь, Жан Чин, Цай Чин нар гаднаас өмөглөн байлдаж Ляо улсын охин цэргийг алан сарниулав. Хөөрхий алтны салаа хасын навч Тянь Шоу гүнж эдүгээ нэгэнтээ хоёр гарыг хойш хүлүүлж индрийн доорх баригдсан жанжин болжээ.
Түүнээс Лү Жюнь И цэргийг тохиж дундад цэрэгт алан орсоноо Се Вэнь, Се Бао Юаньшуай-н тугийг цавчин унгаж харийн жанжин цэргийг алан ирэхүйеэ Ляо улсын олон түшмэд жич жигүүрийн жанжин нар их л эмээн эзэн хааныг алтан сүйхэнд суулган хойш буруулан эчсэнд хааны ач хөвүүн Е Люй Дэ Рүн, Е Люй Дэ Синь хоёул самуун зэвсэгт үхэж, хааны ач Е Люй Дэ Хуа амьдаар баригдан, Е Люй Дэ Жүн хааш буруулсныг мэдэхгүй. Сүн улсын их цэрэг давхар давхар хааж нэхэн алсаар дөрөвдүгээр жингийн үед сая цэрэг хураав. Ляо улсын хорин түмэн их цэргээс олонх нь алагдан шархдав.
Түүнээс тэнгэр гэгээрсэн хойно Сүн Жян харанга цохиулж цэрэг хураагаад олон жанжныг авч хотдоо эгээд цааз зарлан өөр өөрийн цэргийн гавъяагаа мэдүүлж амьд барьсан жанжин нарыг түлхлэн авчрахаар хэмээхүйеэ Ху Саньнян Ляо улсын Тянь Шоу гүнж Да Ли Бо-г түлхлэн авчрав. Лү Жюнь И бас Ляо улсын хааны ач Е Люй Дэ Хуа-г түлхлэн авчрав. Жү Түн бээр Чюй Ли Чу Чин-г авчрав. Оу Пин, Дэн Фэй, Ма Линь нар Ляо улсын жанжин Сяо Да Гуань-ийг түлхэлж авчрав. Ян Линь, Чэнь Да хоёул Пэй Хи-г өргөв. Шань Тингүй, Вэй Дингуо нар Гао Бяо-г өргөв. Хань Тао, Пэн Чи хоёул Лэй Чүнь, Ди Шэн хоёулыг түлхлэн авчрав. Хулгайн жанжны тэргүүнийг өргөсөн хүмүүнийг тоолбоос барахгүй. Сүн Жян захиа уламжлан амьд баригдсан Ляо улсын найман жанжныг Жао Ань Фү-ийн цацрын өмнө хүргэлгэж хориулаад олзолсон байлдааны хүлгийг олон жанжны гавъяаг үзэж тус тусад нь тархааж өгөв.
Түүнээс Ляо улсын эзэн, яаран буруулсаар Яньжин хотод орсон хойно зарлиг буулган хотын дөрвөн хаалгыг яг даруулж хотыг батлан сахиулж байлдахгүй болсонд Сүн Жян чимээг аван цэрэг морийг дуусган авч хотын доор нэхэмжлэн ирээд цааз зарлан хотыг давхар давхар хаан бүслүүлээд шаардан байлдахыг үз хэмээн элч илгээн Жао Ань Фү-г залгуулсан хойно цэрэгт цааз зарлаж үнст буу үүлэн шат үйлдүүлж цацар майхан цогцлоод Яньжин хотыг байлдахаар бэлтгэхийг түр өгүүлэхгүй.
Өгүүлэх нь Ляо улсын эзэн их л гэлмэн олон түшмэдийг цуглуулан зөвлөхүйеэ зуун түшмэд зэргээр өгүүлрүүн: - Их хэрэг түгшүүртэй болсон тул их Сүн улсыг дагах нь дээд арга болой хэмээхүйеэ эзэн хаан үгийг дагаж нэгэнтээгүүр хот дээр дагах туг бослогод нөгөөтээгүүр Сүн улсын цэргийн цацарт элч илгээн: - Дуртайяа он он алба тушааж, жил жил эд эрдэнийг өргөж, дахиж аймшиггүй дундад улсад халдахгүй хэмээн гуйлгаснаа Сүн Жян элчийг дагуулан хойд цацарт орж Жао Ань Фү-д удирдан золгуулахуйяа ирсэн элчээр дагах үйлийг зүй зүйгээр нарийвчлан тоочсонд Жао Ань Фү өгүүлрүүн: - Энэ хэмээгч улс гүрний их үйл тул эзэн хаанд мэдүүлэхгүй өөрийн дураар тогтоовоос болохгүй. Танай Ляо улс үнэхээр дагах сэтгэл байваас элч зарж Дунжин-д илгээн эзэн хаанд бараадаж гуйгтун. Хэрвээ тэнгэрийн хөвүүн танай Ляо улсыг өршөөж ялыг хэлтрүүлэх жуу бичиг буулгаваас бид сая байлдахыг зогсож цэрэг хураамуй хэмээв.
Ирсэн элч үгийг тогтоож хойш ирж хотод ороод Ляо улсын эзэнд зүй зүйгээр айлтгасанд, Ляо улсын эзэн бичиг цэргийн зуун түшмэлийг цуглуулж энэхүү үйлийг зөвлөхүйеэ баруун этгээдийн чэнсян тайш түшмэл Чу Жянь зэргээс гарч айлтгаруун: - Эдүгээ манай улсын цэрэг буурай жанжин цөөн болж хуяг цэрэг сарнисан тул хэрхэн угтан байлдаж болмуй? Сайд би дуртайяа өөрийн биеэр хүнд бэлгийг авч Сүн Жян-ын хүрээнд эчээд нэгэнтээгүүр цэрэг хурааж байлдаан зогсохыг гуйж, нөгөөтээгүүр ёсны эдийг авч Дунжин хотод ороод төрийн яамны олон ноёдод хээл түлхэн, тэднийг гуйж тэнгэрийн хөвүүний өмнө сайн үгээр айлтгуулан хэргийг алгуурхан болгосон хойно жич арга бодсугай. Эдүгээ Сүн улсад Цай Жин, Түн Гуань, Гао Чю, Ян Жянь зэргийн дөрвөн зальхай сайд хүмүүнд эрхийг олсон тул Сүн улсын нялх хаан эрхгүй энэ дөрвөн сайдын үгээр үйлдэх бөлгөө. Ийнхүү энэ дөрвөн хүмүүнд алт мөнгөний зүйлийг түлхэн эвсэхийг гуйваас Сүн улсын хаан эрхгүй жуу бичиг буулган ялыг хэлтрүүлж цэргийг хураан байлдахыг зогсоох болой хэмээхүйеэ Ляо улсын эзэн үгийг зөвшөөв.
Жич өдөр, Ляо улсын чэнсян Чу Жянь, хотоос гарч Сүн Жян-ын цацрын өмнө хүрч ирсэнд, Сүн Жян угтаж оруулаад цацарт залж суулгасан хойно ирсэн санааг асууваас Чу Жянь улсын эзний дагах санааг нэгэн зэрэг нарийвчлан тоочоод алт мөнгө торго дурдан таж магнаг зэргийн юмыг Сүн Жян-д өргөн барьсугай хэмээн амласанд Сүн Жян бээр Чу Жянь-ий зүг өгүүлрүүн: - Бид угт өдөр дараалан хотыг чинь байлдаж эвдээд уг үндсээр чинь арилгаж хожмын зовлонг тасалсугай хэмээн санасан бөлгөө. Хожим хот дээр дагах туг өлгөснөөр сая цэрэг хурааж байлдахыг зогсоожээ. Цэрэг дайны үйлд эртнээс нааш дийлэгдсэн улсад дагаж болох ёс байхуй тул танай улсын дагахыг зөвшөөж цэрэг орсонгүй бөгөөд чиний бие эзэн төрд хүрч ялыг гуйн оруулан авахыг айлтгахыг бас зөвшөөсүгэй. Эдүгээ чиний бие хээл хахууль түлхэн найр тал хийх нь чухам Сүн Жян намайг ямар юмаар үзэв? Өөр үг өгүүлэх хэрэггүй хэмээхүйеэ Чу Жянь царай улайж их л ичингүйрэн дуугүй болсонд Сүн Жян бас: - Чиний бие Бяо бичиг үйлдэн Дунжин хотод орж хаан эзэнд айлтгахыг зөвшөөсүгэй. Бид цэрэг морийг хөдөлгөхгүй. Чи түргэн эчиж хурдан ир. Алгуурлаж болохгүй хэмээв.
Төдийд Чу Жянь бээр Сүн Жян-аас ёслон салж моринд мордон Яньжин хотод орж, Ляо улсын эзэнд мэдүүлж олон түшмэд лүгээ зөвлөн тогтов. Жич өдөр Ляо улсын эзэн алт мөнгө торго дурдан, тана сувд таж магнагийн зүйлийг хөсөг тэргэнд тээлгэж улсын чэнсян Чу Жянь-ийг их элч болгон ялыг гуйх бичиг засаж бариулаад арван таван түшмэлийг дуудаж Чу Жянь- ий хамт Дунжин хотын зүг илгээв. Төдийд Чу Жянь нарын гучин хэдэн морьтон Яньжингаас салж, Сүн улсын цэргийн цацрын өмнө ирж Сүн Жян-д золгов. Сүн Жян бээр Чу Жянь-ийг удирдан Жао Ань Фү-д учруулж, Ляо улсын эзэн их чэнсян Чу Жянь-ийг элч болгон Дунжин хотноо илгээж ялыг хүлээн дагахыг гуйсан үйлийг нэгэн зэрэг тоочин хэлсэнд Жао Ань Фү бээр Чу Жянь-ийг үлдээж хуримлан дайлаад Сүн Жян лугаа зөвлөж тэнгэрийн хөвүүнд айлтгалын бичиг засаж Чай Жинь, Сяо Ран-г дуудан цэргийн үйлийн албан бичгийг тушааж, Ляо улсын чэнсян Чу Жянь-ий хамт Жин балгаснаа илгээв. Төдийд Чу Жянь нарын олон хүмүүн хэд хэдэн өдөр замнасаар нэгэн өдөр Дунжин хотноо хүрч ирсэнд Чу Жянь авч ирсэн арван хэдэн тэрэг алт мөнгөний зүйлийг улаа өртөөний газар хадгалуулав. Чай Жинь, Сяо Ран хоёул цэргийн үйлийн албан бичгийг авч өмнөш ирээд журганы ноёдод ийн айлтгаруун: - Эдүгээ манай цэрэг морь Яньжин-г бүслэн хааж байхуй бөгөөд Ляо улсын эвдрэх нь өглөө үдшийн хооронд болов. Урагш өдөр Ляо улсын эзэн хот дээрээ дагах туг өргүүлж, эдүгээ бас улсын чэнсян Чу Жянь-ийг элч болгон Жин балгаснаа илгээж эзэн хаанд ялыг хүлээн дагахыг гуйж, цэрэг морио татахыг айлтгахаар илгээсэн тул аймшиггүй таслан чадахгүй тухайлан зарлиг буулгахыг хүлээж амуй хэмээхүйеэ албан журганы сайд өгүүлрүүн: - Та нар ирсэн элчийн хамт түр өртөөний газар амарч албан яамнаас зөвлөн тогтоохыг хүлээ хэмээв.
Угт Цай Жин, Түн Гуань, Гао Чю, Ян Жянь жич албан яамны их бага ноёд цөм ашигт шунах улс асан ажгуу. Төдийд Ляо улсын чэнсян Чу Жянь нарын олон хүн, үүдийг эрж урьдаар Цай Жин зэргийн дөрвөн түшмэлд хээл түлхсэн хойно сүүлээр бас эл журганы олон яам жич албан ноёдод тус тус хээл түлхэн бэлэг хүргэв. Жич өдрийн бараалхалд, зуун түшмэд мөргөж барсан хойно, цэргийн явдлын эрхин сайд Түн Гуань зэргээс гарч:
- Их Сянь фэн Сүн Жян эдүгээ Ляо улсын цэргийг дийлж Яньжин хотын доор алан ороод хотыг бүслэн хааж Ляо улсын эвдрэх нь өглөө үдшийн хооронд болсонд, Ляо улсын эзэн дагах тугийг өргөн дуртайяа орж өгөхийг гуйн, чэнсян Чу Жянь-ийг илгээж өөрийн бие сайдын ёсоор үйлдэж ял хүлээн дагахыг гуйж, өршөөн хэлтрүүлж эвсэхийг айлтган, цэргийг хурааж байлдахыг зогсоох болов уу хэмээн гуйх бөгөөд дуртайяа жил жил алба барин, он он гааль тушаасугай хэмээмүү. Олдохул эзэн хаан тольдон аваачих болов уу хэмээн айлтгасанд тэнгэрийн хөвүүн өгүүлрүүн: - Цэрэг хураан байлдахыг зогсоон эвсэхэд түшмэд таны санаанд ямар? хэмээхүйеэ хажууд зогссон тайш түшмэл Цай Жин олны сүргээс гарч: - Түшмэл манай зөвлөсөн нь, эртнээс нааш гадаад дөрвөн зүгийн улсыг тасархай сөнөөсөн нь үгүй. Ийнхүү түшмэл манай мунхаг санаанд болбоос Ляо улсыг үлдээн хойд зүгийн халхавч болгон, жил жил алба бариулан он он гааль тушаалгаваас улс гүрэнд үлэмж ашигтай тул ял хүлээн дагахыг зөвшөөж, байлдахыг зогсоож, цэрэг морийг хойш авчран Жин хотыг харгалцуулбаас болох мэт. Энэхүү үйлийг түшмэл бид дураар тасалж чадахгүй тул тухайлан богд эзний таслан шийтгэхийг гуймуй хэмээсэнд тэнгэрийн хөвүүн айлтгалыг зөвшөөж, зарлиг буулган Ляо улсын элчийг дотогш оруул хэмээсэнд харшийн түшмэл зарлигийг хүлээн Чу Жянь нарыг удирдан алтан харшид дуудан оруулсанд Чу Жянь өвдөг дарж өлмий нугалан сөгдөөд түмэн наст хэмээн дуудаж Ляо улсын эзний бичгийг дээш өргөн барив. Ухуулан зарлах бичгийн түшмэл тэр бичгийг тосон авч өндөр дуугаар уншваас үг нь:
Ляо улсын эзэн доорд түшмэл Е Люй Хүй бээр зуун зэрэг мөргөж эзэн хаанд өргөн мэдүүлэх учир нь:
Түшмэл би ар газар төрж гадаад мужид өссөнөөр богд эрдэмтний ном бичгийг уншсангүй. Хэлхээ үүрдийн ёслолыг төсөөлөхгүй. Зүүн баруун жигүүрт нохой чоно мэт бэртэгчин эр үлэмж тул бичгээр бачлан сүрээр мэхэлж, өмнө хойно этгээдэд муур хулгана адил өчүүхэн ард олон учраа хээлд шунаж ашигт ховдоглов. Доорд түшмэл мунхаг тул харъяа ард хэрцгийгээр зах хязгаарыг товчлон түйвээснээ тэнгэрийн цэргийг ял асуухаар ирэхэд хүргэж, цэрэг морийг талаар зүдээн, алс хязгаараа дайлахаар ирүүлжээ. Санаваас шоргоолж шумуул Тайшань уулыг хэрхэн хөдөлгөж чадмуй? Бодвоос усан урсгал эрхгүй их далайд цутгалах бөлгөө. Зэр зэвсэг хөдөлгөн тэнгэрийн сүрт халдсан учраа эдүгээ тухайлан чэнсян Чу Жянь-ийг элчээр илгээж газраа өргөн ялаа хүлээсүгэй. Завшаанаар богд эзэн өршөөн энэрч буурай амийг үлдээн, өвөг дээдийн үлдээсэн үйлийг эс гээгдүүлэн, хуучин эндүүг хэлтрүүлэн уучилж шинэ ёсыг нээн, гадаад аймгийг газарт нь үлдээн үүр тэнгэрийн төрийн халхавч болговоос үнэхээр хөгшин залуус дахин амьдарч үе улиран өршөөлд шүтэж, он он алба тушааж, огт осолдохгүй болсугай. Доорд түшмэл тэсгэлгүй айн эмээж, бяо бичиг өргөн хичээнгүйлэн айлтгав.
Сюань Хэ-ийн дөрөвдүгээр оны өвлийн сүүл сарын өдөр Ляо улсын эзэн сайд Е Люй Хүй өргөн барив хэмээжээ.
Түүнээс их Сүн улсын тэнгэрийн хөвүүн Хүй Зүн хаан бичгийг дуудуулж барсанд индрийн доорх олон түшмэд цөм баярын ёсоор мөргөв. Тэнгэрийн хөвүүн дарс авчруулж ирсэн элчид шагнасан хойно Ляо улсын чэнсян Чу Жянь алт мөнгөн эд эрдэнийн зүйлийг өргөн барьсанд тэнгэрийн хөвүүн зарлиг буулгаж хааны санд хураалгаснаа, Чу Жянь бас жил бүр алт мөнгө үхэр адууны зүйлийг алба барьсугай хэмээхүйеэ тэнгэрийн хөвүүн торго дурдангийн зүйлийг авчруулж хариу ёсны юмыг шагнаад Гуан Лү Сэ-ийн яаманд хурим тавьж: - Чэнсян чиний бие урьдаар харигтун. Мөхөс хүмүүн удахгүй элч илгээж жуу бичиг буулгасугай хэмээн зарлиг буулгасанд Чу Жянь хишигт мөргөн эзэн төрөөс салаад буусан өртөөнд ирэв. Мөн өдөр, өглөөний цуу тархсан хойно Чу Жянь бас хүмүүн зарж эл яаманд тал зассанд Цай Жин: - Чэнсян чиний бие урьдаар харигтун. Энэ үйл цөм манай дөрвөн хүний биед баймуй хэмээн амласанд Чу Жянь бээр тайш түшмэл Цай Жин-д тал өгч улсадаа эгснийг түр өгүүлэхгүй.
Өгүүлэх нь жич өдрийн өглөөний бараалхалд зуун түшмэд мөргөж барсан хойно Цай тайш зэргээс гарч эзэн хаанд жуу бичиг буулгах үйлийг айлтгасанд тэнгэрийн хөвүүн айлтгалыг зөвшөөж бичгийн яамны утгач түшмэлд зарлиг буулган жуу бичгийг сийрүүлэн бичүүлээд шадар Тайюй түшмэл Су Юань Жин-г дуудаж жуу бичгийг авч Ляо улсад эчээд ухуулан сонсго хэмээн зарлиг буулгасан хойно бас Жао Ань Фү, Сүн Жян нарт цэргийг хурааж байлдахыг зогсон эзэн хотноо эгж ир. Аливаа амьдаар барьсан харийн жанжныг тавьж улсад нь илгээ. Байлдан олсон хот балгасыг уг ёсоор Ляо улсад эгүүлэн тушаа. Яаман санд хадгалсан хуяг дуулга зэр зэвсгийн зүйлийг мөн Ляо улсад буцааж өг хэмээн зарлиг буулгаж, тэнгэрийн хөвүүн харшаас хойш эгсэнд зуун түшмэд тархаж эчив. Жич өдөр, эл журган яамны ноёд Су Тайюй-н ордноо ирж үдэн мордуулав.
Түүнээс Су Тайюй эзэн хааны жуу бичгийг хүлээж, аймшиггүй алгуурлахгүй, хөсөг тэрэг хүлэг унааг бэлтгэн дуусгаад тэнгэрийн хөвүүн жич олон түшмэлд салах ёсыг гүйцэтгэн Чай Жинь, Сяо Ран хоёулыг авч эзэн хотоос гараад Чэнь Чяо И өртөөг өнгөрөн Ляо улсын зүг мордов. Тэр үе түв хэмээн өвлийн хүйтэн цаг тул хар үүл тэнгэрийн бүрхэн, цагаан цас газрыг хучиж, уулан ой мөс чимэг зүүж, уудам тал мөнгөн хуяг хэдэрчээ. Су Тайюй олон хүмүүнийг дагуулан цасыг сөрөн салхийг өгсөж явсаар зудын тэнгэр арилахаас өмнө хязгаарт ойр болсноо Чай Жинь, Сяо Ран хоёул мэдээ довтолгон Жао Ань Фү жич Сүн Жян нарт мэдүүлэв. Сүн Жян мэдээг олсон хойно архи дарс зэрэг ёсны юмыг авч олныг дагуулан тавин газрын үзүүр гарч эзний элч Су Юань Жин-г угтаж аваад ёслон золгож чилээ тайлах дарс барьж баярын ёсыг гүйцэтгээд, цацарт залан хурим тавьж эзэн төрийн үйлийг хэлэлцэхүйеэ Су Тайюй албан яамны олон ноёд, Цай Жин, Түн Гуань, Гао Чю, Ян Жянь нар Ляо улсын хээлийг залгиж, тэнгэрийн хөвүүний өмнө хүчлэн айлтгаж дагахыг зөвшөөлгөн цэрэг морийг хураан эзэн хотноо эгүүлэхээр зарлиг буулгасан үйлийг хэлсэнд Сүн Жян урт шүүрс алдаж: - Сүн Жян миний эзэн төрийг буруушаан зэмлэх нь бус, өдий чинээ цэргийн гавъяа цөм хоосон болов хэмээхүйеэ Су Тайюй өгүүлрүүн: - Сянь фэн битгий зовнигтун. Су Юань Жин миний бие эзэн төрд эгсэн цагт эрхгүй тэнгэрийн хөвүүний өмнө хүчлэн баталсугай хэмээснээ, Жао Ань Фү бас хажуугаас: - Доорд түшмэл миний бие даруй гэрч болой. Жанжны их гавъяаг хэрхэн хоосон болгох аж? хэмээвээс Сүн Жян айлтган өгүүлрүүн: - Манай нэгэн зуун найман хүмүүн ганц улс гэрт хүчлэн зүтгэхээс бус ачийг санаж хишгийг хүсэх өөр сэтгэлгүй. Ийнхүү манай олон ах дүү нарыг нэгэн доор байлгаж, хамтаар зүдрэлийг амсуулбаас үнэхээр их завшаан болой. Олдохул гэгээн гүн түшиг болж өгхүл зузаан ачийг чинь үхэвч умартахгүй хэмээв. Мөн өдөр их хурим тавьж, олон хүмүүн найрлан уулзаж орой болсон хойно сая тархалцахуйяа, Ляо улсад элч илгээн хааны жуу бичгийг угтаж ав хэмээн хэлүүлэв.
Жич өдөр Сүн Жян бээр Гуань Шэн, Линь Чүн, Чинь Мин, Хү Яньжуо, Хуа Рүн, Дүн Пин, Ли Ин, Чай Жинь, Люй Фан, Гуо Шэн зэргийн арван жанжныг дуудаж хэмэрлэг магнаг алтан хуяг, хасын бүс мөнгөн дуулга өмсгөж эзний элч Су Юань Жин-ийн хамт Ляо улсад жуу бичгийг хүргэж эч хэмээн захисанд арван жанжин гурван мянган морьт явган цэргийг аван Су Тайюй-г хамгаалж Ляо улсын нийслэл Яньжин-д оров. Яньжин хотын зуун овогтон, хэдэн зуун жилийн турш дундад улсын цэрэг жанжны сүр гэрлийг үзсэнгүй тул Су Тайюй-г ирэв хэмээн сонсоод хүмүүн бүр баясалцаж өнгөт цэцэг үзэмжит зул барин зээлд зогсон угтав. Ляо улсын эзэн өөрийн биеэр бичиг цэргийн зуун түшмэлийг авч морь унан өмнө хаалганы гадна гарч жуу бичгийг тосон аваад Жинь Луань Дянь харшнаа залж оруулсанд Су Тайюй бээр луут танхимын дээр зогссоноо арван жанжин зүүн баруун этгээдэд зэрэглэжээ. Ляо улсын эзэн зуун түшмэлийн хамт харшийн доор сөгдсөнд харшийн түшмэл дуу гарч Ляо улсын эзэн жич зуун түшмэлийг Сүн улсын эзэн хаанд мөргүүлэв. Ляо улсын Ши Лан түшмэл хааны жуу бичгийг хүлээн аваад өндөр дуугаар уншваас жуу бичгийн үг нь:
Их Сүн улсын хааны зарлиг: Гурван хуан толгой нээж, таван ди сууриныг залгамжлав. Дундад улсад хаан байх атал гадаад аймагт эзэнгүй болж болмуй уу? Эдүгээ танай Ляо улс тэнгэрийн зарлигийг дагахгүй. Зах хязгаарт хэдэнтээ халдсан учраа чухам нэгэн хэнгэрэгт сөнөөвөөс зохих бөлгөө. Тийн хэмээвч мөхөс хүмүүн бээр айлтгалыг чинь үзэж, гэмшлийг чинь үнэмшин, ганцаардлыг чинь хөөрхийлж алаас түвдэхгүй. Чиний улсыг хэвээр үлдээсүгэй. Жуу бичиг хүрсэн даруй урьд өдрийн баригдсан жанжныг бүрнээ тавьж улсад нь эгүүлэгтүн. Анхны эзэлсэн хот балгасыг хэвээр улсад нь эгүүлэн захируулагтун. Жил бүр өргөх албыг огт осолдож болохгүй. Их гүрэнд үйлчилж, тэнгэр газарт хичээнгүйлэх нь танай гадаад аймгийн мөрдвөөс зохих үйл болой. Үүний тул ухуулан сургав. Сюнь Хэ-ийн дөрөвдүгээр оны өвлийн сүүл сарын өдөр" хэмээжээ.
Түүнээс Ляо улсын эзэн зуун түшмэлийн хамт жуу бичгийн ухуулан дуудахыг хичээнгүйлэн сонсож, сайдын ёсоор мөргөж бараад, жуу бичгийг залж луун ширээнээ тахиж тавьсан хойно Су Тайюй-д золгож хойд ордноо залж их хурим тавив. Үзвээс харийн түшмэл дарс хэмнэж, гадаадын жанжин хундага барьжээ. Дуу бүжиг найрт нэмүүрлэн, хуур цуур чихнээ жигнэмүй. Үзэсгэлэн авхай гувай өөд эгшиг хөгжим өргөн хэнгэргийн дуу цангийн аялгууг дагаж харь улсын бүжгийг дэрвэлзэн бүжиглэмүй. Хуримын ширээ тархсаны хойно Су Тайюй олон жанжны хамт өртөөн яаманд нэгэн шөнө бие амарч, мөн өдөр дагаж эчсэн хүмүүнд шан тавив.
Жич өдөр, Ляо улсын эзэн чэнсян Чу Жянь-ийг зарж Жао Ань Фү, Сүн Гүн Мин нарыг найрт залуулснаа, Сүн Жян цэргийн багш Ү Юн лүгээ зөвлөж эчсэнгүй, ганц Жао Ань Фү элчийн хамт хотод орж Су Тайюй-д бараа болон найрт суув. Тэр өдөр Ляо улсын эзэн их хурим тавьж хаан төрийн элчийг хүндлэн дайлав. Үзвээс жимсний архийг мөнгөн хундаганд хэмнэж зээрийн махыг алтан тэвшинд өржээ. Сонин жимсийг ширээнээ тавьж, гайхалтай идээг тавагт зэрэглэжээ. Төдийд хуримын ширээнээ Ляо улсын алтан тэвшинд эд эрдэнэсийн зүйлийг гаргаж Су Тайюй, Жао шүми-д өргөн барьж, шөнө дүл болтол найрлан уулцсан хойно сая тархалцав.
Гуравдугаар өдөр Ляо улсын эзэн зуун түшмэлийн хамт харь улсын хөгжмийг үүсгэлгэн Су Тайюй, Жао Ань Фү нарыг үдэж цэргийн цацарт илгээгээд, чэнсян Чу Жянь-д үхэр хонь, агт морь алт мөнгө торго дурдангийн зүйлийг тушааж Сүн улсын цэргийн хүрээнд илгээн их хурим тавиулж олон жанжин жич гурван замын цэрэгт хүндэд шагнав.
Төдийд Сүн Жян цааз зарлан Ляо улсын Тянь Шоу гүнжид Ли Бо зэргийн аливаа баригдсан жанжныг тавиулж улсад нь илгээн, байлдан олсон Таньжоу, Жижоу, Бажоу, Южоу-ын газрыг угийн ёсоор Ляо улсад тушаан захируулж, нэгэнтээгүүр Су Тайюй-г үдэж Жин хотноо илгээгээд, нөгөөтээгүүр олон жанжин нар юм хүмийг багцлан тэрэг унааг бэлтгэж мордохоор бэлтгэ хэмээгээд урьдаар дундад цэргийг хөдөлгөн Жао Ань Фү-г хамгаалуулж Жин хотноо илгээгээд цэргийн цацарт хурим тавин усан замын жанжин нарыг шагнаж онгоц салыг бэлтгэн урьдаар усан замаар Жин хотноо эчиж хэрэглэхийг хүлээ хэмээн тус тус цааз зарлав.
Түүнээс Сүн Жян аливааг бэлтгэж дуусгаад Яньжин хотноо элч зарж хэлэлцэх үг баймуй хэмээн Ляо улсын зүүн баруун этгээдийн хоёр чэнсянг залуулав. Ляо улсын зүүн этгээдийн чэнсян Ю Си Ко-ийн, баруун этгээдийн чэнсян тайш түшмэл Чу Жянь захиаг хүлээн Сүн Жян-ын цацрын өмнө хүрч ирсэнд Сүн Жян залж дотогш оруулаад зочин гэрийн эзний ёсоор суулцсан хойно Сүн Жян: - Манай Сүн улсын цэрэг морь хот доор чинь тулж, жанжин баатар хаалган өмнө чинь хүрсэн тул нэгэн хэнгэрэгт гавъяа бүтээвээс болох бөлгөө. Чухам дагахыг эс зөвшөөн хотыг чинь байлдан эзлээд зовлонгийн үндсийг арилгах нь зүй боловч богд эзэн өршөөн энэрч уг үндсээр арилган түвдэхгүй, ялаа гуйн бууж өгөхийг чинь зөвшөөжээ. Эдүгээ эзний элч үйлийг төсгөж Жин хотноо эгэв. Та нар Сүн Жян зэргийн олон хүмүүн дийлж чадсангүй хэмээн бодож дахиж өөр бодлогыг сэдэж болохгүй. Жил жилийн алба гаалийг осолдуулан хойшлуулж болохгүй. Эдүгээ бид цэргийг хурааж улсад эгэх тул та нар хязгаарыг хичээн сахиж муу үйлээр битгий явагтун. Тэнгэрийн цэрэг дахин ирвээс огт хөнгөнөөр тавихгүй хэмээхүйеэ хоёр чэнсян тэргүүн авахгүй мөргөл хийлэн ял хүлээсэнд Сүн Жян бас сайн үгээр тохруулан хэлбээс хоёр чэнсян сая хишигт мөргөн салж эчив.
Түүнээс Сүн Жян эхнэр жанжин Ху Саньнян нарт нэгэн салаа цэрэг өгч урьдаар илгээгээд цааз зарлаж цэргийг дагах чулуун дарханыг дуудан хөшөө цавчуулж, Сяо Ран-аар хэрэг учрыг тэмдэглэсэн хөшөөн өгүүлэл бичүүлж, Жинь Да Жянь-аар чулуун хөшөөн үсгийг цавчуулж төгсгөөд Юн Чин сянь-ий зүүн өмнөх арван таван газрын үзүүр дэх Мао Шань уулнаа босолгов. Энэ чулуун хөшөө эдүгээ болтол хараахан үлдсээр байх бөлгөө. Шүлэгт өгүүлсэн нь:
Харь аймгийн өшөөт хулгай Инь Шань уулыг тэврэн,
Харъяа нутаг дотоод газрыг санаагаар тэвчилж авай.
Ямар хүмүүн Мао Шань уулнаа гавъяат хөшөө босгов?
Ялгуусан баатар Коу авгай есөн булагт баярламуй.
Түүнээс Сүн Жян цэргийг таван зам хувааж өдөр болзон мордсугай хэмээтэл Лү Жишэнь цацрын өмнө ирж алга хамтатган ёслоод: - Өчүүхэн дүү чинь би урагш өдөр Жэнь Гуань Си-г занчин алж Дайжоу фү-ийн Янь Мэнь сянь-д урган зайлж эчихүйеэ Жао Юаньвай намайг удирдан Утайн хийдэд хүргэж эрдэмт багш Хи Жэнь Жанлао-д учруулж үсийг хусаж хуушаан болгосон бөлгөө. Санамсаргүй дарсанд согтож, сүм хийдийг хоёр зэрэг түйвээсэн учир өршөөлт багш шавь намайг Дунжин хотын Да Сян Го Сэ хийдийн тэргүүлсэн хэргэмтэн Ди Чин Чань Ши-ийн дэргэд илгээж батлан өргөмжилснөөр хожим нь Да Сян Го Сэ хийдийн ногооны хүрээлэнг харав. Сүүлээр нь Линь Чүн-г аврахын учраа Гао Тайюй-д хавчигдахдаа уулнаа гарч дайван болов. Ах чамайг дагаж жил он удсан боловч ачит багш аюулхай цээжнээс үүр гарахгүйн дээр өдий болтол эрдэмт багшид эргэж золгоогүй бөлгөө. Урагш өдөр эрдэмт багш дүү намайг хэдий хүмүүн алж хэрэг гаргах боловч хожмын өдөр бас үнэн мөрийг олж болмуй хэмээн захижээ. Эдүгээ эн дэлхий энх амгалан болсон тул дүү би хэдэн өдрийн чөлөө айлтгаж Утайд хүрч өршөөлт багшид ёслон золгож, энгийн өдрийн цуглуулсан алт мөнгөний зүйлийг өглөг өргөц болгон бариад хожмын өдрийн үйлийг эрдэмт багшаас асуусугай хэмээмүү. Ах чи цэрэг морийг шаардан эчигтүн. Дүү би хойноос чинь даруй мордсугай хэмээхүйеэ Сүн Жян зүүднээс сэрсэн мэт болж сүсэглэх сэтгэл үүсэж: - Дүү чамд ийм амьд бурхан мэт багш байхыг юунд эрт хэлэхгүй аж! Би бас чам лугаа хамт эчиж ёслон золгоод хожмын үйлийг асуусугай хэмээхүйеэ олон хүмүүн бас хамт эчсүгэй хэмээв. Ганц Гүн Сүньшэн бумбын ёсыг хичээх тул эчихийг гуйсангүй. Төдийд Сүн Жян цэргийн багш Ү Юн лүгээ зөвлөж тогтсон хойно цааз зарлаж: - Жинь Да Жянь, Хуан Фү Дуань, Сяо Ран, Юэ Хэ зэргийн дөрвөн жанжныг дэд Сянь фэн Лү Жюнь И-д туслан цэрэг морийг захиран дараа дараагаар морд. Бидний олон жанжин Лү Жишэнь-ий хамт Хи Жэнь Жанлао багшид мөргөн золгомуй хэмээгээд үнэрт хүж, өнгөт торго, алтан мөнгө ёсны эдийг авч цэргээс салж Утайн орныг чиглэн ирэв. Энэ үнэхээр байлдааны хуяг барьсан зэвсгээс түр салмагц, бурханы орон ариун үүднээ мөргөхөөр ирмүй. Хурын цэцэгт рашаан нуурын хөвөөнөө ирж, үлэмж эрдэмт их багшид золгон, бурханы ёсыг номлох харшийн индрийг авиран, бодисатва-ын дүр мөнхийн зулыг бараалмуй. Ингэснээр нууц сургаал нэгэн бадаг гавъяа нэрийг зөгнөж, далд утгат хэдэн үг үхэж амьдрахыг тольдмуй. Эгнэгт Сүн Жян, Лү Жишэнь хоёулын эрдэмт багшид мөргөхийг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )