Улаанбаатар хотоос томоохон захууд болон бөөний төвүүдийг нүүлгэх тухай яриа нь түгжрэлд арга ядсан иргэдийн мөрөөдөл байсан бололтой. Учир нь “Түгжрэлийг бууруулах үндэсний хороо”-ны судалгаанд захуудыг хотоос гаргавал ямар үр дүн, нөлөөлөл үзүүлэх тухай дэлгэрэнгүй судалгаа байсан бөгөөд түүнийг хэсэгчлэн иргэдэд хүргэж байгаагаас ийнхүү ташаа ойлголт төрүүлсөн аж.
Нөгөө талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийн нисэх буудалд очих үеэрээ Хөшигийн хөндийд Засгийн газрын нэгдсэн цогцолбор байгуулах, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хотыг тэлэх, дагуул хот байгуулах бодлогын талаар байр сууриа илэрхийлжээ.
Энэ нь “Улаанбаатар хотоос захуудыг гаргана” гэх иргэдийн мөрөөдлийг улам дэвэргэж өдөөсөн болов уу. Түүнээс бус Засгийн газрын түвшинд болон Нийслэлийн захиргаанаас албан ёсны шийдвэр гараагүйг албаныхан онцолж байна.
Улаанбаатар хотоос захуудыг гаргах тухай яриа эртнээс эхтэй. Миний олж сонссоноор бол Улаанбаатарт машин тэрэг цөөн, хэтдээ хөгжиж түгжрэх нь тодорхой бус 1992 онд анх хөндөгдөж байсныг ахмадууд дурссан. Тодотговол, Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Л.Энэбиш агсан энэ асуудлыг хөндөж, “Бид чөлөөт эдийн засагт нийгэмд шилжсэн. Хувийн өмчтөн олон боллоо. Хөдөөнөөс хотыг чиглэсэн нүүдэл ч эхэлж, газар олголтод анхаарал хандуулж хүнс барааны зах, үйлдвэрлэл үйлчилгээний газрыг хотын төвөөс зайдуу олгоорой. Хэтдээ бөөгнөрөл үүсэх магадлалтай” хэмээн удирдах албан тушаалтнууддаа урьдчилан сануулж байсан гэдэг.
Энэ цагаас хойш 30 жил болоход нийслэлийн хүн ам 1.5 саяд хүрч, Л.Энэбишээс хойш Д.Сумъяабазар хүртэл 12 хүн Хотын даргаар ажилласан байна. Өнгөрөгч хугацаанд ажиллаж байсан бүх дарга нар ямар нэгэн байдлаар хотын түгжрэлтэй тэмцэж, захуудыг нүүлгэх тухай асуудал хөндөж байсан ч үр дүнд хүрсэн нь үгүй. Үе үеийн дарга нарын гол асуудал нь Улаанбаатарт худалдаа явуулж байгаа хүнс, барааны захуудыг нүүлгэх тухай санал санаачилга байсан төдийгүй тушаал шийдвэр гаргаж байжээ.
Л.Энэбишээс хойш Хотын даргаар ажиллаж асан Ц.Баасанжав, Ж.Наранцацралт нар хотын төвд хүнс барааны зах нээх зөвшөөрөл олгодоггүй, үүнийг эрс эсэргүүцдэг байсныг хамт ажиллаж байсан ахмадууд дурсана лээ. Өнөөх “Муу нэртэй, луу данстай” М.Энхболдын үед Улаанбаатар хотын газрыг тэр чигт нь зарсан мэт сүүлийн 20 жил ярьж ирлээ. Үнэн худлыг мэдэх биш. Улаанбаатарын газрыг хэсэгчлэн зарсан хэргээр лав буруудаагүй. Харин төрийн албыг “60 тэрбум”-ын схемд оруулсан хэрэгт буруутгагдаж байсныг бол мэднэ.
Гэтэл түүнийг хотын бөөгнөрлийг бууруулах тал дээр чамгүй анхаарч ирсэн гэдгийг хэн ч дурддаггүй. Тэгвэл М.Энхболд Хотын дарга байхдаа захирамж гаргаж, “Цайз”-д үйл ажиллагаа явуулж байсан түүхий эдийн захыг “Эмээлт”-рүү нүүлгэсэн гавьяатай хүн. Түүнээс бус “Цайз” захын орчим ямар байсныг тэр үеийн оршин суугчдын ой санамжид хэзээ ч арилахааргүй хог новш, үнэртэйгээ үлдсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тухайн үед ченжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч тэр гаргасан шийдвэртээ үнэнч зогссон тухай мэдэх хүн эрх биш бий байх.
М.Энхболдоос Хотын даргын суудлыг уламжилсан Ц.Батбаяр ч хот төлөвлөлтийн асуудлыг хөндөж, эмх замбараагүй угаалгын газруудыг хүртэл цэгцэлж эхэлсэн. Ингээд зогсохгүй томоохон захууд, авто худалдааны төвийг хотоос нүүлгэх тухай асуудлыг нийслэлийн Иргэдийн хурлаар хэлэлцүүлж байсан ч эрэмбэ жижигдсэн учраас тодорхой шийдэлд хүрээгүй.
Арга ч үгүй, зах зайдуу Багахангай дүүргийн Засаг дарга байсан нөхөр гэнэт Хотын даргаар тодорсон учраас “Газрын мафи”-д базуулна биз дээ. Ц.Батбаяраас Хотын даргыг уламжилсан Т.Билэгт ямар нэг шийдвэр гаргаагүй бөгөөд Хотын даргаар нэг жил ажилласан. Ёстой л тамга авсан, өгсөн нь үнэн. Өөр зүйл байхгүй. Харин Т.Билэгтээс Хотын даргын тамга гардсан Г.Мөнхбаярын үед хотын түгжрэл үүсэхүйц газар олгогдсон тухай баримт байна лээ. Гэхдээ л Улаанбаатар хотоос захуудыг нүүлгэх тухай асуудлыг удаа дараа хөндөж байсан. Хотын хүн ам ч огцом өссөн цаг.
Ийнхүү 2012 онд Э.Бат-Үүл Хотын даргаар заларч, дөрвөн жил ажиллахдаа тодорхой тодорхой шийдвэр гарган ажилласан. Тухайлбал, тэр Хотын дарга болсон даруйд “Нийслэл хотын замын түгжрэлийн нэгэн шалтгаан болсон томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос гаргах чиглэлийг барьж ажиллана” хэмээн амласандаа хүрээгүй ч эх үндэсийг нь тавьсан гэж болно. Даанч дундуур нь “Ганнам” дүүрэг гэх мэтээр хадуурсан болохоос бус зөв замаар гарсан.
Дурдаж үзэхэд “Зуун айл”-ын барилгын материалын захыг Налайх руу, “Да хүрээ” тэргүүтэй техникийн захуудыг “22-ын товчоо”-ны орчимд байршуулах шийдвэр гарган, Налайхад 110 га, “22-ын товчоо”-нд 70 га газрыг гарган өгсөн байдаг. Э.Бат-Үүл түгжрэлийн эсрэг автомашины дугаарын хязгаарлалтыг гаргаж тавьсан нь өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байна.
Даанч хотоос олгогдсон эдгээр газрууд дээр дэд бүтэц хийж амжилгүй 2016 оны сонгуультай залгаж, Э.Бат-Үүлээс Су.Батболд Хотын даргын тамга гардсан. Тэр Э.Бат-Үүл даргын чөлөөлж өгсөн газарт “100 айл” болон “1000 авто машины зогсоол” захуудыг нүүлгэж аваачих гээд дийлээгүй байтал М.Энхболдын өдүүлсэн гэх “60 тэрбум”-ын хэрэг мандаж, Хотын даргын суудал бүү хэл хорихын нааран дээр очихдоо тулсан.
Ингээд тухайн үед Иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан өдгөөгийн Шадар сайд С.Амарсайхан хотыг удирдах болов. Тэр Иргэдийн хурлын даргаар ажиллаж байхдаа “22-ын товчоо”-ны автомашины захад зориулсан газрын дэд бүтцийг шийдвэрлэх тогтоол гаргаж, “Мянган авто машины зах”-ыг нүүлгэх ажлын хэсэг байгуулж байв. Ингээд Засаг дарга болсон даруйд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байхдаа гаргасан тогтоолоо хэрэгжүүлэх замаар тус захыг нүүлгэж чадсан.
Улстөрчийн хувьд асар их зориг тэвчээр гаргасан зүйл болж байсан санагдана. Үүнээс гадна “100 айл”-ын барилгын материалын худалдааны төвүүдийг нүүлгэх гээд амжилгүй, УИХ-ын гишүүн болж, өдгөөгийн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Хотын дарга болсон. Ж.Батбаясгалангийн хувьд богино хугацаанд алба хашихдаа энэ тал дээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Ёстой учраа ч олж амжаагүй. Тулга тойрч, тогоо шанагатай зууралдахаас өөрөөр холыг харсангүй.
Түүний хувьд өнөөдөр гол алба болох нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаа ч энэ тал дээр зоримог тогтоол, шийдвэр гаргана гэхэд ихээхэн эргэлзээ бий. Хэвлэл мэдээллийн шар хуудас, цэнхэр дэлгэц, цахим хуудсанд байнга морилоход хамаг цаг заваа зардаг дарга бололтой юм билээ.
Гагцхүү одоогоор отгон дарга Д.Сумъяабазарт боломж ч байна, найдвар ч байна. Тэр УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан учраас бусад дарга нараас давуу талтай. Л.Энэбишээс эхлээд бүх нөхөд Хотын даргын суудлаар дамжин улс төрийн карьераа өсгөж дээшилж байсан уламжлалтай. Тиймээс нам, Засгийн газар, УИХ-ын хэмжээнд зангараг дутдаг байсан учраас ямар ч шийдвэр гаргаад хэрэгжүүлэх боломжгүй байв.
Харин Д.Сумъяабазар УИХ, Засгийн газрын түвшинд ажилласан холбоо сүлбээтэй, аливаа асуудлыг аль нүхээр оруулж, хэнээр дэмжүүлэх вэ гэдэг схемээ мэдэхээс гадна намын хэмжээнд бүлэг фракцийн зохион байгуулалтыг мэддэг толгой. Мөнхүү тэр өөрөө нийслэлийн МАН-ыг удирдаж яваа хүн. Энэ утгаараа бусдаас давуу талтай. Зориглоод зүтгэвэл аливаа асуудлыг дэмжүүлэх магадлал өндөр юм. Хэрвээ энэ цагт хотоос захуудыг нүүлгэж чадвал ёстой “Үндэсний баатар” болох нь гарцаагүй. Ийм том боломж Д.Сумъяабазарын өмнө байна. Энэ асуудал анх 32 жилийн өмнө хөндөгдөж, өнөөдөр 12 дахь даргынхаа нүүрийг үзэж байгаа ч аврал эрсэн хэвээр үлдэх юм биш биз.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
одоо ч чадал нь хүрсэн хүрээгүй оролдоод үзэхээс өөр аргагүй болсон доо.да хүрээ . өгөөмөр . нарантуул . хархорин . барс .сутай. хүчит шонхор . 100 айл захуудыг бүгдийг хотоос гаргах хэрэгтэй.гэхдээ хотын баруун зүүн 2 \n талд нь 2 хувааж баруун зүүн захуудтай болгох хэрэгтэй.