Бусдын толгой дээр халуун кофе асгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх Б.Ариунзаяатай холбоотой асуудал нийгэмд дуулиан болоод байгаа.
Тэгвэл өчигдөр (2022.03.03) түүний суралцдаг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зүгээс албан тайлбар хийлээ. Тус сургуулийн тавдугаар дамжаанд суралцдаг Б.Ариунзаяагийн гаргасан үйлдэлд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа хуралдаж, шийдвэрээ гаргажээ.
Хурлын шийдвэрийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, багш С.Нарангэрэл нар танилцууллаа.
Энэ талаар сургуулийн захирал Б.Амарсанаа “МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн Захиргааны зөвлөлийн хурлаар зөвлөлдсөний үндсэнд оюутан Б.Ариунзаяаг МУИС-ийн хуулийн сургуулиас хасах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр боллоо. Энэ бол хүмүүнлэг харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр, ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа учир МУИС-ийн оюутны нэрээс хасах саналыг хүргүүлж байгаа юм. Мөн зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлахгүйгээр МУИС-ийн оюутнуудын ёс суртахууны боловсрол хуульчийн мэргэжлийн удирдлагын удиртгал хичээлийг өмнө ордог байсан. Энэ хичээлийг сэргээж, хуульчийн мэргэжил нийгэмд ямар нөлөө үзүүлдэг, чухал болохыг сайтар ойлгуулах болно. Цаашид бид оюутнуудаа сонгон шалгаруулах ямар зүйлийг нэмж хийх, анхаарах ёстой талаас ярилцлаа” гэв.
Мөн болсон үйл явдлын талаар Хууль зүйн сургуулийн багш, академич С.Нарангэрэл “Хасах үндэслэлийг танилцуулъя. Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 6.2-т тухайн оюутан сургуулийн дотоод дүрмийг биелүүлнэ. Мөн тус хуулийн 45.2-т сургуулийн дотоод дүрэм журмыг хүргүүлнэ гэж заасан.
МУИС-ийн дүрэмд “Суралцагч ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих, эрдмийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хүний ёс суртахуун эелдэг харьцааны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн. Ийм хүнд диплом өгч, цаашид Монголын ард түмний хувь заяаг шийднэ гэсэн итгэл алдагдсан учраас ийм шийдвэр гаргалаа” гэсэн юм.
Гэхдээ Б.Ариунзаяаг сургуулиас хасах эсэх эцсийн шийдвэрийг МУИС-ийн захиргаа шийдэх юм байна.Олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа дээрх асуудалтай холбоотойгоор Б.Ариунзаяагийн урьд нь үйлдэж байсан гэмт хэргийн тухай мэдээллийг эх сурвалжуудаас мэдээллээд байгаа юм. Тус мэдээлэлд дурдсанаар Б.Ариунзаяа нь бусдыг дээрэлхэж, доромжилж байсан талаар олон нийтийн сүлжээнд хохирсон гэх иргэд пост оруулаад буй. Мөн түүнийг согтуугаар машин барьсан, жолоо барих эрхгүйгээр удаа дараа замын хөдөлгөөнд оролцсон, бусдын эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгө устгасан зэрэг 40 орчим зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байгаа аж.
Мөн өчигдөр Б.Ариунзаяагийн өмгөөлөгч Л.Баттогтох байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “МУИС-ийн Хуульзүйн сургуулиас гаргаж байгаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөн байна гэж үзсэн тохиолдолд заавал урьдчилан шийдвэрлэх асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, сонсголын ажиллагаа гэсэн үг. Гэвч энэ процесс явагдалгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус. Бид энэ шийдвэрээр Захиргааны хэргийн шүүхэд хандана. Болсон үйл явдалд үйлчлүүлэгч маань маш их харамсаж байгаа. Амиа хорлох вий гэсэн айдас байна” гэсэн юм.
Ө.БАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )