Өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяа нь өнгөрөгч 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Шангрилла молл” худалдааны төвд байрлах “Томн Томмс” кофе шопд Б.Мандухайтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар түүнийг баруун хөлөөрөө өшиглөх, барьж явсан халуун кофег толгой дээр нь асгах байдлаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, “Fell” пабад үйлчлүүлж байхдаа бусадтай маргалдсаны улмаас тус пабын зарим эд хөрөнгийг гэмтээн Х.Жавхланд нийт 516.700 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Прокуророос Б.Ариунзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Б.Ариунзаяатай хамт явж байсан эмэгтэйгээс мэдүүлэг аваагүй, Б.Ариунзаяагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй, түүний сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал байсан эсэх сэтгэцийн байдлыг нь тогтоолгох шаардлагатай гэх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Ц.Баярмаа нарын гомдол, прокурорын эсэргүүцэл зэргийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн 3 үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.
Учир нь, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан дээрх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх шаардлагатай байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Stupid bitch
ХӨӨРХӨН ОХИН ЮМАА!!!