Н.Тавинбэх: Ү.Төмөрхуягтай холбоотой гомдлыг ажлын хэсэг шалгаж байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Засгийн газрын өнөөдрийн (2022.03.30) ээлжит хуралдаанд цахилгаан машины хэрэглээг дэмжихэд эрчим хүчний чадамж ямар байгаа талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийжээ. 

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажлын талаар хэлэлцсэн тухай тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Энэ тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой. 

Харин түүнийг хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэр дараах асуултад тайлбар авлаа. 

-ДЦС-4-ийн Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг архидан согтуурдаг, хүчирхийлэл үйлддэг гэх гомдол танай яаманд ирсэн үү. Энэ асуудал хэвлэлд гарч эхэлсэн байна?

-Ийм гомдол яаманд ирсэн. Ажилтан, ажил олгогчийн харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалттай. Тиймээс шүүхэд хандахыг хүссэн. Технологийн тасралтгүй үйл ажиллагаатай, стратегийн ач холбогдолтой үйлдвэр учраас үйл ажиллагааг нь тасалдуулахгүйн тулд ажлын хэсэг гарган, шалгаж байгаа. Өнгөрсөн цагт үйл явдлын талаар гомдол гаргасан учраас хуулийн байгууллагад хандах зөвлөмж өгсөн.

-ДЦС-4 дээр ажил үүргээ биелүүлж явсан ээлжийн ажилтан 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр амь насаа алдсан хэрэг гарсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Эрчим хүчний салбарын үйл ажиллагаа маш эрсдэлтэй, хүнд нөхцөлд үргэлжилдэг. ДЦС-4 дээр хүний амь настай холбоотой үйлдвэрийн осол гарсан нь үнэн. Үйлдвэрийн ослыг нуусан зүйл байхгүй. Энэ төрлийн ослыг судлан бүртгэдэг эрх зүйн акт бий. Үүн дагуу судлан бүртгэж, мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн.

Цагдаагийн газар шалгаж байгаа. Нөхцөл байдлыг тодруулбал, ээлжинд гарч байсан үйлдвэрийн ажилтан үзлэг шалгалт хийх үеэр гэмтсэн тоноглолыг засах гэж байхдаа хүчдэлд нэрвэгдэж, амь насаа алдсан.

Ажилтан болон ажил олгогчоос хамаарсан буруутай зүйл бий. Ослын дүгнэлт албан ёсоор гарсны дараа хариуцлагын асуудал яригдана. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.27.51) 2022 оны 03 сарын 31

Аюулгүй байдлаа хангасны дараа засвар үйлчилгээ хийдгийг мэддэггүй үхэр байж дээ хөөрхий.

0  |  0
Top