Засгийн газрын өнөөдрийн (2022.03.30) хуралдаанаар цахилгаан машины хэрэглээг дэмжих эрчим хүчний чадамж ямар байгаа талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга ажлын талаар мэдээлэл өгсөн байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгөв.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан машины хэрэглээ нэвтэрсэн тохиолдолд эрчим хүчний салбар цахилгаанаар хангах боломжтой эсэх тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Олон улс орон цахилгаан машины хэрэглээг дэмжих шийдвэр гаргаад байгаа. Монгол Улс ч олон улстай хөл нийлүүлэн алхах ёстой. Монголд өнөөдөр 492 цахилгаан автомашин байна гэдэг нь хангалтгүй тоо.
Цахилгааны хэрэглээ нэмэгдэх нь хүндрэлтэй ч нийслэлд хэрэглэж байгаа автомашины 20-30 хувь нь цахилгаан болсон үед оргил ачааллын цагаас бусад цагт цахилгаан машиныг эрчим хүчний хэрэглээгээр хангаад байх боломжтой.
Цэнэглэх тоног төхөөрөмжийн хувьд найман станц бий. Нэг кВт цахилгааныг 300-1000 төгрөгөөр үнэлж байгаа. Хэрэв нэг кВт цахилгааныг 300 төгрөгөөр цэнэглүүлсэн тохиолдолд 100 км зам туулахад 5850 төгрөг зарцуулна гэсэн үг. АИ-92 шатахууны ханшаар тооцвол 2-3 литр шатахуунаар 100 километр зам туулж байна гэсэн үг. Харин нэг кВт цахилгааныг 1000 төгрөгөөр цэнэглэж буй тохиолдолд 100 км замыг 16,000 төгрөгөөр туулах тооцоолол гарсан. Энэ нь 100 км зам туулахад 7-8 литр шатахуун зарцуулж байгаатай тэнцэнэ гэсэн үг.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг зайлшгүй баригдах шаардлагатай
Ховд голыг түшиглэн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих ажлын явц байдлыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Баруун аймгуудын өнөөдрийн хэрэглээ 35 МВт байдаг. Энэ станц баригдаж, ашиглалтад орсноор ногоон эрчим хүчээр баруун аймгуудын дотоодын хэрэглээг хангах боломжтой болно. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой тэр хэсгийн нөлөөлөлд автсан мал бүхий газар тариалан эрхэлдэг иргэд бий. Нөлөөлөлд автсан 270 гэр бүлийн 1250 иргэн бий.
Нөлөөлөлд автсан иргэдийн үндсэн хөрөнгийн үнэлгээг бодож, нөхөн олговор олгож байгаа.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг зайлшгүй барих шаардлагатай. Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангадаг байх ёстой.
Бэлчээрийн даац хэтэрсэн энэ цаг үед малчдын эсэргүүцэх нь зүйн хэрэг. Гэвч Монгол Улсын эрх ашиг яригдаж буй стратегийн асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Усан цахилгаан станцыг зайлшгүй барих шаардлагатай.
Сэтгэгдэл ( 0 )