УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 6 гишүүн 2022.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хуульд дэмжих шинэ заалт орж ирж байна. Явган хүний зорчих зам гаргаагүй, барилгын гаднах замыг хальтирч унах материалаар хийсэн бол зөрчлийн хэрэг үүсгэнэ. Энэ бол маш зөв заалт. Харин энийг яаж хэрэгжүүлэх вэ, одоо хальтиргаатай барьсан замыг хуулж авах уу, яах уу. Дээр нь хот, хөдөөгийн ялгаа их" гэв.
Үүнд хууль санаачлагчдын зүгээс "Зөрчлийн хууль таван жил хэрэгжиж байна. Тогтвортой мөрдөж байж зөрчил буурахгүй, эсрэгээрээ нэмэгдээд л байна. Тиймээс хот, хөдөөгийн ялгаа байгааг ойлгож байна. Хөдөө, орон нутгийн хувьд хотоос ялгаатай. Тээврийн хэрэгслийн бичиг баримт, улсын дугаар нь харагдахгүй болсон зэрэг зөрчил нь нийт зөрчлийн 92 хувийг бүрдүүлж, асар их зөрчил тооцогдоод байна. Тиймээс нэг удаа сануулах, дараагийн удаа давтан бол торгоно. Нэг төрлийн зөрчил дээр шийтгэлийг давхардуулж байна гэдэг шүүмжлэл их. Гудамж, талбайд хальтрах материалаар хийсэн байх юм бол торгодог зүйл рүү оруулна. Өмнөхийг нь яахыг Хотын даргын асуудал, хууль мөрдөгдөх цагаасаа л хэрэгжээд эхэлнэ" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )