Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлж байна. Хуулийн төслийг танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн, энэхүү хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлж байна.
Энэ хууль батлагдсанаар:
- Нэгдүгээрт, Засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх, мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийг олгох,
- Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газраас Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх,
- Гуравдугаарт, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчсөн этгээдэд хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй байх болон бусад шаардлагатай эрхзүйн зохицуулалтууд хийгдэж, Засгийн газар цаг алдалгүй хямралын мөчлөгийг сөрж, шуурхай ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )