Газета1: Монголчууд Буриадад доллар авчрахаа больсон

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Украины нөхцөл байдлаас шалтгаалан, манай хойд хөрш, ялангуяа Буриадад өнгөрсөн сард ам.долларын ханш их хэлбэлзэлтэй байлаа. Долларын өсөлтөөс хүнс, эм тариа, машины үнэ хүртэл хамаардаг тул бүгд л өглөө босоод долларын ханш хардаг болсон байв. Харин сүүлийн 14 хоног дараалан ам.долларын үнэ бууж байгаа ажээ.

Энэ талаар Буриадын хэвлэлд гарсан нийтлэлийг хүргэе.

Монголчууд Буриадад доллар авчрахаа больсон

Дээрээс ирсэн тушаалаар ханш буурсан

Санхүүгийн зах зээлийн шинжээч Александр Доржиев “Хэдхэн өдрийн өмнө айж сандарсан иргэд 120 рублиэр ам.доллар худалдан авч байлаа. Тэд удахгүй ханш 200 рубль хүрнэ гэж ярьцгааж байсан. Гэвч эхний бүх нийтийн сандралын дараа рубль чангарч эхэллээ. Одоо нэг ам.доллар 85 рубль байна. Цаашдаа ч долларын үнэ буух байх” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

Улаан-Үдийн цахим сүлжээ долларын ханш буурсанд баярласан хүмүүсийн постоор дүүрчээ. Долларыг хамгийн “дайсан валют” гэж үздэг болсон бөгөөд 70 рубль болтол унана гэж найдаж байгаа юм. Ингэж байж импортын барааны үнийг буулгах ёстой.

Харин эдийн засагч Анатолий Думнов ингэж үзэхгүй байна. Учир нь Төв банкнаас ам.долларын ханшийг буулгасан нь түр зуурын, хиймэл явдал гэнэ.

Тэрээр “Валют худалдан авахыг хувь хүмүүст хориглосон нь ам.долларын хэрэгцээг улам нэмэгдүүлж байна. Хэрэв хувь хүн доллар худалдан авч болохгүй, хуулийн этгээдүүд биржид илүү татвар төлж байж доллар авч байгаа юм бол одоогийн ханшийг зэх зээлийн, бодит ханш гэж хэн ч үзэхгүй. Тэнд дураараа ямар ч ханш зарлаж чадна. Буриадад өнгөрсөн сард импортын барааны үнэ өссөн нь долларын ханшнаас болоогүй, логистикийн алдаанаас болсон юм. Ам.доллар дахин өсөх нь эдийн засгийн хоригийг давж чадах эсэх, гадаадын чанартай барааны хомстол үүсэхээс хамаарна. ОХУ-д хэр хэмжээний валют орж ирэх, улсаас импортын бараанд хэр хөрөнгө зарахаас шалтгаална” гэж хэллээ.

Visa-гүй ниснэ

Долларын ханш хэсэг буурсан нь буриад жуулчдад тун ашигтай байна. Visa, Mastercard хэрэглэж чадахгүй болсон тул бэлэн мөнгө хэрэгтэй. Гадаадад рубль хүлээн авахгүй болсон учир хил давахдаа доллар, евро авч явахаас өөр арга байхгүй.

Барууны орнуудын хоригоос үл хамааран орос жуулчдыг Турк, Египет улс хүлээн авч байгаа. Эрхүүгээс Туркийн Антальяд шууд нислэг хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Одоо Улаан-Үдэд жуулчдын хар зах дээр худалдан авч байгаа ам.долларын үнэ албан ёсны ханшнаас 2-3 рублийн л ялгаатай байна. Гэхдээ долларын албан ёсны ханш цаашдаа дахин буурах юм бол ченжийн захын ханш албан ёсныхоос хамаагүй өндөр болно. Энэ ченжийн захын долларын ханш нь Монголтой, монгол жуулчидтай холбоотой. Тэд Буриадын ченжийн захыг доллароор хангаж байна. Хэр хэмжээний наймаа явагдаж байгааг ганцхан жишээгээр дурдахад олон улсын Байкал нисэх буудалд ганц монгол жуулчнаас л мэдүүлэгт дурдаагүй 50 мянган ам.доллар илэрч байгаа юм. Гэхдээ Буриадад ханш унаснаар монголчууд ам.доллар Улаан-Үдэд зөөх нь ашиг багатай болж иржээ.  

    

Доллар байхгүй, цаашдаа ч байхгүй

Улаан-Үд хотын нэгэн бизэес эрхлэгч “Ам.доллар ахиад алга болсон. Монголоос орж ирэхгүй байна. Монголчууд нэг долларыг 85 рублиэр зарж байснаа одоо 100 рубль гэдэг болсон. Тэгээд ч Монголд өөрт нь ам.долларын хомстол үүссэн” гэж бидэнд ярьлаа.

Тиймээс монголчууд энд ирэхдээ хил дээр төгрөгөө рублиэр сольдог болсон. “Улан-Удэ - Улан-Батор - Улан-Удэ” чиглэлийн хоёр талын жуулчид төгрөг, рублийн солилцоо хийж, доллар бараг харагдахгүй байсан гэнэ.

Мөн Улаан-Үд хотынхон өнгөрсөн сард ам.долларыг 120 рублиэр баярлан зарж байсан бол одоо зарахгүй, хадгалж эхэлсэн. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ мөд дуусахгүй тул 1990-өөд оны хямрал дахин ирэхэд бэлтгэж эхэлжээ.

Иргэдийн гар дээрх доллар алга болж, гадаад орноос нууцаар валют оруулж ирдэг болох юм бол хар зах дээрх ханш улам өснө. Ингэхээр импортын барааны үнэ өсөх нь ойлгомжтой. Ийм байхад эдийн засгийн хөгжил гэж яриад ч хэрэггүй биз ээ.

Эх сурвалж: Газета1

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zarya(202.55.188.102) 2022 оны 04 сарын 10

Dollar deer sheej baaj bogsoo archij baih heregtei

0  |  1
Кк(66.181.187.182) 2022 оны 04 сарын 09

Сөнөсөн монгол

0  |  0
Кк(66.181.187.182) 2022 оны 04 сарын 09

Сөнөсөн монгол

0  |  0
Зочин(139.5.216.225) 2022 оны 04 сарын 10

Нийгэмд бүтээсэн юм юу ч бхгүй муусайн ченж хархнууд монголчуудаас доолар авч дараад цааш нт оросуудад дамлаж бна ш тээ. Эд хархнуудыг бүгдийг нь буудаач. Монгол банк юу хийж бна ааа. Гэтэл албан ёсных нь ханш найман шаргын хөөсөрсөн ханшид хөтлөгдөж өсөөд л бх юм

4  |  2
Top