Монгол Улсын эдийн засаг он гарснаас хойш эхний долоон сарын байдлаар 7.6% өссөн урьдчилсан гүйцэтгэл гарчээ. Ийнхүү өсөхөд уул уурхай, олборлох салбарын өртөг өссөн нь, хөдөө аж ахуйн салбар, үйлчилгээний салбарын өсөлт голчлон нөлөөлсөн байна. Тухайлбал уул уурхай, олборлох салбар 29.1%, хөдөө аж ахуйн салбар 11.4%, үйлчилгээн салбар 3.5% тус, тус өсжээ.
Манай экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний олборлолт эхний долоон сарын байдлаар 51.9% өссөн бол зэсийн баяжмалын олборлолт 20.5% өссөн байна. Хөдөө аж ахуйн салбарын тухайтад өвөлжилт хэвийн, төл бойжилт 99% байсан ч зарим аймагт шүлхий, малын зүй бус хорогдол нэмэгдсэн нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бууралтад голчлон нөлөөлжээ.
УИХ-аас баталсан 2026 оны төсвийн төсөлд эдийн засгийг 5.7% өсөхөөр тооцсон. Хэдийгээр нүүрс, зэсийн олборлолт нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг хангаж байгаа ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, дотоодын эрэлт удаашрах нь эдийн засгийн өсөлтийг сааруулах төлөвтэй байна. Дээрээс нь урсгал зардал нь нэмэгдсэн төсвийн тодотголыг баталсан тохиолдолд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх төлөвтэйг эдийн засагчид анхааруулж буй.

Сэтгэгдэл ( 0 )