ТОО | Гадаад валютын нөөц анх удаа 8.4 тэрбум ам.долларт хүрлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
10 минутын өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэндээ анх удаагаа 8.4 тэрбум ам.долларыг давлаа. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 47.3% өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн сард 7.9 тэрбум төгрөгт хүрч мөн л түүхэн дээд түвшиндээ хүрч байсан билээ.

Ийнхүү өсөх болсон нь алт худалдан авалт нэмэгдсэн, дотоодын арилжааны банкуудын гадаад эх үүсвэрээс татан авалт өндөр, зэс, нүүрс зэрэг голлох эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого өссөн нь нөлөөлжээ. Монголбанк наймдугаар сард 3058 кг үнэт металл худалдан авсан. Ингэснээр үнэт металлийн худалдан авалт 54.4% өссөн үзүүлэлт юм.

Монгол Улсын гадаад валютын нөөц нь валютын төлбөртэй барааны импортын найман сар орчмын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын зургаан сар гаруйн хэрэгцээг хангах түвшинд байгаа аж.

Ташрамд сануулахад одоогоос дөрвөн жилийн өмнө 3.3 орчим тэрбум ам.долларын нөөцтэй байсан гадаад валютын нөөц дөрвөн жилийн дотор 5.1 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top