УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр (2022.05.19) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг хийсэн. Харин тус хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Ё.Лхагвасүрэн ирээгүй нь гишүүдийн дургүйцлийг төрүүлж, уг асуудлыг өнөөдөр дахин хэлэлцэхээр хойшлуулсан юм. Арилжааны банкуудын хувьцаа гаргах хугацааг хойшлуулах асуудал дээр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг тоймлон хүргэж байна.
-УИХ-ын гишүүн Т.Аубакер: Банкны IPO хийх ажлыг нэг жилээр хойшлуулах нь зохимжгүй. Монгол Улс эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Ард иргэд бизнес эрхлэхэд ч тохиромжтой үе биш. Тийм болохоор ашигтай ажиллаж байгаа аль нэг банкны хувьцааг аваад түүнээсээ ашиг хүртэх боломжийг бий болгох нь зүйтэй. Хувьцаагаа гаргахаар хүсэлтээ өгчихсөн гурван банкаа эхний ээлжид гаргаж явуулаад дараагийн банкуудыг 3-6 сарын дотор хувьцааг нь гаргаад явуулах боломж байхгүй юу. Энэ бол зөвхөн Монгол Улсын эдийн засгийн асуудал биш. Хөрөнгө оруулалт хийе гэсэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид байгаа. Тэдэнд юу гэж хэлэх юм. Тиймээс хугацааг нь 3-6 сараар хойшлуулах саналтай байна.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Гишүүд хойшлууллаа гэж буруу ойлгоод байна. Зөвхөн сунгаж байгаа юм. Монголбанкны шаардлагыг хангасан банкууд нь одоо шууд хувьцаагаа гаргаад явж болно. Харин арай болоогүй байгаа нь нэг сарын дараа, эсхүл нэг жилийн дараа ч гаргаад явах боломж нь хуулийн хүрээнд байгаа.
-УИХ-ын гишүүн Т.Аубакир: Би цагаан дээр хараар бичсэнийг уншиж чадна. Орж ирсэн хуулийн төсөл дээр “Энэ чиглэлийг үндэслэн Банкны тухай хуульд зааснаар банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх хугацааг нэг жилийн хугацаатайгаар хойшлуулах зайлшгүй шаардлага тулгараад байна” гээд байгаа юм. Ж.Ганбаатар дарга болохоор хойшлуулаагүй сунгаж байгаа гээд байна.
-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Улс орны эдийн засаг, эдийн засгийн бодлого, банкны салбарын реформыг хар. Бүгд рүү нь энэ хүн чинь нулимж байна. Их хурлыг хүндэтгээд ирэх ёстой биз дээ. Асуудлыг нь Монголбанкны Ерөнхийлөгч нь байхгүй байхад ярьж яадаг юм. Хойшлуулах хэрэгтэй байна. Ингэж хандаж болохгүй. Мягмар гарагт ирж тасралтгүй худал ярьсан. Энэ салбарыг худал хэлдэг, хууль зөрчдөг хүн удирдаж болохгүй. Эхлээд хариуцлагын асуудлыг энэ хүнтэй ярих ёстой. Өнөөдөр Сангийн сайд банкуудын бланс бүгд худал байгаа гэж олон улсын байгууллагууд дүгнэсэн байна. Банкуудаас төрийн мөнгийг хамгаалах цаг ирсэн. Монгол Улсад валютын гурван ханш тогтсон. Албан ёсны, "Найман шарга"-ын ам.доллар хайж байгаа хүн ам.доллартай хүнтэй тохиролцож авч байгаа тохиролцооны ханш байна. Ийм гурван ханш тогтчихсон байхад манай улсад хөрөнгө оруулалт хийх орчин бүрдэх үү. УИХ асуудалд ингэж хандаж болохгүй.
-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Зарим нэр бүхий системийн ач холбогдолтой банкуудын активын чанар муу байгаа юм байна. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гаргасан бланс нь худал гэдэг нь үүнийг хойшлуулах гол шалтгаан юм байна. Худал блансаар хувьцаагаа өндөр үнэлж гаргах гэж байгааг Сангийн сайд ч хэлсэн. Монголбанкны ерөнхийлөгч энэ асуудалд заавал байх ёстой. Банкны салбарын хамгийн чухал реформын асуудал яригдаж байхад эзгүй байгаа нь хариуцлагагүй байдал.
-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголын мөнгөний эргэлтийн 80 хувь нь гурван хүний банк дээр явагдаж байна. Ийм зүйл өөр хаана байдгийг би мэдэхгүй. Хангалттай хугацаа шүү дээ, 1.5 жил. Их юм хийж болох байсан. харамсалтай нь чадсангүй. Нөхцөл байдал хүнд байна. Банкуудын ашиг өндөр байгаа. Ковидын хуулиар банкуудын хадгаламж болон харилцах дансанд хүү бодож олгохгүй байгаагаас зардал нь буурч, ашигт ажиллагаанд нөлөөлж байгаа нь үнэн. Иргэддээ хөрөнгийн зах зээлийн мэдлэг өгөх бэлтгэл ажил хэрэгтэй байна. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Банкууд дээр өнөөдөр луйврын шинжтэй үйл ажиллагаа явж байгаа нь нууц биш.
-УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Гаргасан хуулиа сунгая гэж байгаад харамсаж байна. Би өөрөө санхүүгийн шинжээч хүн. Одоо хийж чадахгүй бол ирэх оны гуравдугаар сарын 30-нд дахин олон улсын байгууллагаар аудит хийлгэх шаардлагатай болно. Тэгэхээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо үүнийг хийж чадахгүй юм байна гэсэн дүгнэлт өгөхөөр байна. Дараа жил эдийн засаг ямар болохыг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Яг активыг нь тооцоод үзэхээр боломжгүй болохоор сунгая гэдэг зүйл ярьж байгаа юм байна. Нэг жилээр сунгах биш, зургаадугаар сарын 30-наас эхлүүлээд явах нь зүйтэй. Нэг жилээр сунгачих юм бол наад арилжааны банкууд чинь гадагшаа яваад хувьцаагаа худалдаж авах түншээ олж, түншээрээ дамжуулан өөрсдөө авах бололцоог олгож өгнө. Монголын хууль гурав хоног баймааргүй байна. Үнэхээр хэлэх үг алга.
-УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Б.Бат-Эрдэнэ нарын гаргасан саналыг үндэслээд энэ асуудлыг маргааш /өнөөдөр/ хүртэл хойшлууллаа. Монголбанкны ерөнхийлөгчийг дууд, УИХ-д хүндэтгэлтэй ханд. Ирэхгүй бол асуудлыг нь ярина.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )