Оюу Толгой компанийн энэ оны нэгдүгээр улирлын тайлангаар нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 шоо дөрвөлжин усыг нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас гурав дахин бага ус ашигласан үзүүлэлт ажээ. Энэ хугацаанд ашигласан усны 85.59 хувийг дахин ашигласан байна. Ил уурхайгаас шавхан зайлуулсан 227.695 шоо дөрвөлжин ус болон бохир цэвэрлэх байгууламжаар цэвэрлэгдээд гарсан 684.720 шоо дөрвөлжин усыг зам усалгаа болон Баяжуулах үйлдвэрт дахин ашигласан байна. Үүнтэй холбоотойгоор Оюу Толгой компанид 15 гаруй жил ажиллаж буй Хүдрийн хаягдлын далангийн үйл ажиллагааг хариуцсан ахлах мэргэжилтэн С.Гантулгатай ярилцсан юм. Түүнтэй тус компанийн Хүдрийн хаягдал хадгалах байгууламжийн ус дахин ашиглалтын үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-Хүдрийн хаягдал хадгалах байгууламжийн шат дамжлагын талаар ярьж өгөхгүй юү. Хэрхэн, ямар байдлаар усаа дахин ашиглаж байна вэ?
-Үйл ажиллагааны талаар шат дараатайгаар ярьж өгье. Хүдрийн хаягдал хадгалах далангийн байгууламж маань тал талдаа хоёр километр хэмжээтэй. Далан гэхээр дээшээ шороогоор өндөрлөсөн, ойролцоогоор 75 метр орчим өндөртэй, дөрвөлжин байгууламж байгаа гэсэн үг. Баяжуулах үйлдвэрт хүдрийг баяжуулна. Үүнээс гарсан хаягдал лаг шаврыг хаягдал хадгалах далангийн байгууламж руу хоолойгоор шахаж, зөөвөрлөж хаядаг.
Энэхүү байгууламжийг налуу байрлалтайгаар бүтээсэн. Лаг шаврыг өндөрлөг талаас нь асгах үед уруу хэсэг рүүгээ урсаж, шавар нь урсах явцдаа доороо тунаж, ус нь дээрээ ялгардаг. Ялгарсан усыг нь буцаан татах насосоор үйлдвэр рүүгээ эргүүлэн татаж, Баяжуулах үйлдвэрт хүдрийг боловсруулахад дахин ашигладаг юм. Байнгын эргэх давтамжтай үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй. Анх 100 литр усыг хүдэр боловсруулахдаа ашигласан гэж бодъё. Тэгэхээр 100 литр ус нь далангаар дамжаад эргээд үйлдвэрт ирэхдээ 80-90 литр болсон байдаг. Далангийн байгууламжийг харахыг хүсвэл Оюу толгойн эсвэл Гүүглийн газрын зургаас харах боломжтой.
-Жишээлбэл, 100 литр уснаас 80-90 литрийг нь эргүүлэн татаж, ашигладаг талаар хэллээ. Тэгэхээр алдагдсан 10-20 литр усыг хэрхэх вэ?
-100 литр ус ашиглачихаад 80-90 литр усыг эргүүлэн авч ашиглаж байна шүү дээ. Ингэснээр бид ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын уул уурхайн компаниудаас хамгийн өндөр түвшинд усыг дахин ашиглаж байгаа уул уурхайд тооцогддог. Алдсан 10-20 литр усаа гүний уснаас авч ашигладаг юм. Ингэхдээ өндөр эрдэсжилттэй, газрын гүнд 150-400 метрийн гүнд орших усыг үйлдвэрлэлд ашигладаг. Бид гүний уснаас хамгийн бага хэмжээгээр буюу нөөцийн усыг ашиглахаас илүүтэй, байгальд ээлтэйгээр усаа дахин ашиглах үйл ажиллагааг чухалчилдаг. Нийт дахин ашиглаж буй усны 88.29 хувийг хаягдал өтгөрүүлэгч болон хаягдлын далангаас эргүүлэн татаж дахин ашиглаж байгаа. Хамгийн багадаа ашигласан усныхаа 80 хувийг хэмээн тооцоолдог ч бидний хувьд үргэлжид энэхүү үзүүлэлтийг давуулан биелүүлж байна.
-Хүдрийн хаягдлын далангийн байгууламжийг анх уурхайг ашиглалтад оруулах үед ашиглаж эхэлсэн үү. Эсвэл уурхайн үйл ажиллагааны явц дундаа барьсан хэрэг үү?
-Уурхай баригдсан цагаас эхэлж, далангийн усыг үйлдвэртээ дахин ашиглаж эхэлсэн. Ялангуяа зэсийн хүдрийг олборлож, баяжмал гаргадаг уурхайд зайлшгүй барих ёстой байгууламж нь Хүдрийн хаягдлын далангийн байгууламж юм. Эрдэнэт үйлдвэрээр жишээлээд ярья. Эрдэнэт үйлдвэр нь өөрийн гэсэн хаягдлын далантай. Цагаан тоос бослоо хэмээн ярьдаг шүү дээ. Тэр нь үйлдвэрийн хаягдлыг буруу аргаар хаяснаас үүдэж, цагаан тоос бургиж, босож буй үзэгдэл юм. Хэрэв очиж үзвэл Эрдэнэтийн үйлдвэр хаягдлаа уулын нэг ам руу задгайгаар урсгадаг. Манай үйлдвэр дөрвөн талаас нь хашаалж, далан босгож, хаягдлыг нь хийдэг талаар өмнө нь дурдсан. Ингэснээр дотор тал нь лаг шавраараа чийгшлэгддэг учраас хуурайшиж, хатдаггүй. Хэлэх гээд байгаа санаа маань юу вэ гэвэл ил уурхай, баяжуулах үйлдвэрийг ашиглаж эхэлснээс үүдэлтэйгээр даланг ашиглалтад оруулсан.
-Бидний яриан дундаас нэг асуулт зайлшгүй урган гарна. Газрын гадарга дээр далан босгоод баяжмалын хаягдал материалыг цуглуулж байна шүү дээ. Ялгарсан усыг нь насосоор эргүүлэн татаж авч байгаа. Гэтэл хаягдаж буй лаг шавар нь хөрсөндөө шингэх асуудал үүсэх юм биш үү?
-Даланг барих аргачлал нь газарзүйн байрлал, хаана гэдгээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Бид лайнер гэж ярьдаг юм. Энэ нь юу вэ гэвэл хөрс рүү нэвчүүлэхгүйн тулд хулдаас дэвсэхийг хэлдэг. Далангийн хануудыг болон улыг нь хулдааслах арга юм л даа. Манай байгууламж энэ аргыг ашигладаггүй. Оюу Толгой байрлаж буй газарт байгалийн улаан шавар байдаг юм. Улаан шавар нь далангийн бүсэд хөрсөндөө их хэмжээгээр байдаг зүйл. Тэрхүү улаан шаврын ач холбогдол нь ус нэвчүүлдэггүй. Ус нэвчүүлэхгүй байх чадвар нь маш өндөр. Хүдрийн хаягдлын далангийн байгууламжийг барихдаа хөрс рүүгээ шингээлт үүсгэхгүйн тулд байгууламжийн ул болон ханыг улаан шавраар бүрсэн. Товчхондоо шавар вааран сав хийсэн гэсэн үг. Тиймээс байгалийн хөрс рүү ямар нэгэн үйлдвэрийн хаягдал, материал шингэхгүй.
-Далангийн байгууламж нь нийт хэр хэмжээний хаягдлыг агуулах боломжтой вэ?
-Анхны дизайнаараа ойролцоогоор нийт 800 орчим сая тонн хаягдлыг агуулах хүчин чадалтай. Одоогоор хаягдал хийх далангийн хоёр байгууламж байгаа. Бид эхнийхээ хаягдлын далангийн байгууламжаа барьсны дараа хоёр дахь далангийн байгууламжаа том хэмжээтэйгээр байрьсан. Хоёр дахь байгууламж нь 450 гаруй сая тонн хаягдлыг агуулна. Хаягдлын далан маань том байснаар бид урт хугацаанд удаан ашиглах боломжтой болох юм. Мөн их хэмжээний хаягдлыг агуулах боломж бүрдэнэ.
-Ер нь жилдээ хэчнээн хэмжээний хүдрийн хаягдлыг цуглуулдаг бол?
-Үйлдвэрт хэчнээн тонн хүдэр боловсруулж байгаагаас шалтгаална. Тухайлбал, 100 тонн хүдэр олборлож байгаа бол түүнээс ойролцоогоор 98 тонн хаягдал гарч, далан руу зөөвөрлөгдөнө гэж ойлгох хэрэгтэй. Товчхондоо боловсруулах хүдрийн 98 хувь нь хаягдал болж далан руу очдог гэсэн үг юм.
-Одоо ашиглаж байгаа далангийн байгууламж дүүрвэл яах вэ?
-Дараа дараагийн далангийн байгууламжуудаа бариад явна. Эхний байгууламжийн үйл ажиллагааг 2011 онд эхлүүлсэн. Улмаар 2023 онд хаагдана. Тэгэхээр 2023 онд хаагдахаас өмнө далангийн хоёр дахь байгууламжаа урьдчилж барьж байгаа юм. Ил уурхайгаас жилд ойролцоогоор 40 сая тонн хүдрийг үйлдвэр рүү нийлүүлдэг. Жилд ойролцоогоор 40 сая тонн хүдрийн 98 хувь нь хаягдал болж далан руу очно гэсэн үг. Анх уурхайн үйл ажиллагаа эхлэхэд 40 сая тонн хүдрийг шууд олборлодог байсан уу гэвэл үгүй. Олборлох ажил удаашралтай явагддаг учраас жил бүр бага багаар олборлох хүдрийн тоо хэмжээ нэмэгдсэн. Эхний хэдэн жилд 10 сая, 20 сая гэх мэтээр хүдрийн хэмжээ өссөн. Хэдэн жилийн тогтвортой үйл ажиллагааны үр дүнд өнөөдрийн хэмжээнд хүрсэн юм. Тэгэхээр эхний далангийн байгууламжийн дүүрэх, ашиглахаа болих хугацаа нь 2011-2023 оны хооронд хэмээн тооцоолсон.
-Тэгэхээр 2023 онд далангийн нэгдүгээр байгууламж дүүрээд, ашиглахаа больсон цагт доторх шавар, тэрхүү даланг яах бол?
-Доторх шавар нь тэр хэвээрээ л үлдэнэ. Харвал их зөв хэмжээтэй далан бий болох юм. Энэхүү далан ил уурхай шиг гаднаа мөргөцөгтэй. Түүнийг техникийн нөхөн сэргээлт буюу тэрхүү лаг шаврыг хатаж дууссаны дараа ханануудыг нь тоног төхөөрөмжөөр налуулж, дээр нь нөхөн сэргээлт хийнэ. Мөн дээгүүр нь хучиж, дээд талаар нь нөхөн сэргээлт хийх юм. Тэгэхээр зөв хэлбэртэй хиймэл уул бий болно. Хиймэл уулаа нөхөн сэргээж, орхино гэсэн үг юм.
-Далангийн нэгдүгээр байгууламж дотор байх лаг шавар хатаж дуусахад хэр их хугацаа зарцуулах вэ?
-Доторх лаг шаврууд нь хатаж дуусахын тулд тодорхой хэмжээний хугацаа шаардана. Эхний далангийн байгууламжийг 2023 онд ашиглахаа болих үед шууд хатаж, хэлбэрээ олохгүй. Ойролцоогоор 5-8 жилийн хугацаанд бүрэн гүйцэд хатаж дуусна. Тэр үед дээр нь гарч ажиллахад аюулгүй, доош суухгүй, бат бөх болох юм.
-Хаягдлаас үүссэн лаг шаврыг хатах үед хиймэл уул болгож нөхөн сэргээдэг гэлээ. Нөхөн сэргээлтээ хэрхэн хийдэг вэ?
-Бид Ил уурхайг анх ашиглаж байхдаа шимт болон шимэрхэг хөрсүүдээ аваад, тусад нь хадгалдаг. Байгаль орчны багийн хяналтан дор ашиглаж буй талбайн хөрсүүдээ хадгалдаг юм. Саарал, цагаан өнгөтэй хөрс бий. Нөхөн сэргээлт хийх үедээ тэрхүү хөрсийг гаргаж ашигладаг.
-Тэгэхээр говь нутагт уурхай эрхлэх ямар ч компани анхнаасаа л усаа дахин ашиглах энэ мэт үйлдвэрээ хамтад нь барьж явах хэрэгтэй гэсэн үг байх нээ?
-Тийм ээ. Говь бол усны хомсдолтой газар. Бид говийн гүний уснаас 100 литрийг ашиглахдаа дахин боловсруулж ашиглахгүй бол маш их хэмжээний усыг зарцуулах шаардлага үүснэ. Зэсийн уурхайд, Рио тинтогийн уурхайнууд голчлон далан барьж, усыг дахин ашиглах гол байгууламжаа барьж ажилладаг юм. Уул уурхайн салбарынхан говьд үйл ажиллагаагаа явуулж байгаа бол ийм шийдлийг цогцлоох нь хамгийн зөв зүйтэй зүйл юм. Тэгэхээр тэр хэмжээгээр ач холбогдол өндөр байгууламж гэсэн үг байгаа биз дээ. Уурхай эхнээсээ дуусан дуустал буюу ил болон далд уурхайн хамгийн эцсийн хүдрийг баяжуулж дууссан тэр цагт далангийн үйл ажиллагаа үргэлжилж л байх ёстой. Тиймээс хүдрийн хаягдал хадгалах далангийн байгууламж нь уурхайн хамгийн удаан үйл ажиллагаагаа явуулдаг байгууламж хэмээн хэлж болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Монголын газар шороо ус зэргийг гамгүй хэрэглэж байгаа газар энэнээс чинь болж Монголын газар цөлжилт ихсээд байгааг ойлгож байна уу тэгээд дээрээс нь Монголчуудыг ашиглаж их хөрөнгийг завшиж байгааг нь ойлгож байна уу