2017 оноос хойш агаарын бохирдолд ₮456.1 тэрбумыг зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн дэд хороо болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хамтран өнөөдөр /2022.05.24/ Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хурал хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг “Агаарын бохирдлыг стандартын түвшинд хүртэл бууруулж, агаарын чанарт мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Үндэсний хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэх, салбаруудын үйл ажиллагааг уялдуулж, талуудын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах шаардлагатай байна. Энэхүү хуралдаанаар агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоо хангахад чиглэсэн үр дүнд хүрэхүйц арга зам, шийдлийн талаар зөвлөлдөн ярилцах, ялангуяа олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал бодлоо солилцоно” хэмээн хурлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Тус хурлын үеэр агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөөнд хийсэн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газраас танилцуулсан. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээрх ажлыг улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж 456.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Тус зарцуулсан хөрөнгийн ашиглалтад 68 хувийн үр дүнтэй хэрэгжсэн гэсэн дүгнэлт өгсөн байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэт анхаарлаа хандуулж, ус, хөрсний бохирдлыг бууруулахад анхаарал хандуулаагүй хэмээн дүгнэсэн бөгөөд цаашид агаар, орчны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй цогц байдлаар гаргах, олон улсын туршлагаас судлах, салбар хоорондын уялдаа холбоог хангах зэргээр дутуу хэрэгжилттэй арга хэмжээнүүдэд анхааран ажиллах зөвлөмжийг өгчээ.

Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга Х.Булгантуяа “Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2008 оноос эхлээд улсын төсвөөс тодорхой хэмжээний зардал гаргасаар ирсэн. Харамсалтай нь үр дүн маш муу байсан. Харин 2017 онд Засгийн газар болоод бусад төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах үүднээс нэгдсэн цогц арга хэмжээ авахаар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан.  Тэгвэл ус, хөрсний бохирдлыг бууруулах тал дээр хангалттай ажиллаагүйгээс хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн ажлын 68 хувь нь л хэрэгжсэн гэдгийг аудитын газраас хэлж байна. Цаашид хэрэгжилт хангалтгүй ажлуудыг эрчимжүүлэх тал дээр анхааран ажиллана” хэмээлээ.

Үргэлжлүүлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайно агаарын бохирдлыг бууруулах цогц арга замууд, сайн туршлагыг хэрхэн дэмжих, түгээн дэлгэрүүлэх тухай хөгжлийн түнш байгууллагуудын саналыг танилцууллаа. Бодлогын шинэчлэлийг хийхдээ нүүрсний хэрэглээг аажмаар халж, хүлэмжийн хийн ялгарал багатай цэвэр эрчим хүч, дулааны эх үүсвэр, шийдлийг нэвтрүүлэх талаар одооноос анхаарч, технологийн шинэчлэл рүү чиглүүлэх хэрэгтэйг тэрбээр онцлов.  

Тус хуралд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Т.Аубакир, Ж, Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хурлаас агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах тал дээр зөвлөмж гаргаж, Засгийн газар болон холбогдох яам, газруудад хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top