Коронавирусээр халдварлаад эдгэсэн хүмүүст толгой өвдөх, ядрах зэрэг 200 гаруй шинж тэмдэг илэрч байна

2022 оны 05 сарын 29

Коронавирусээр халдварласан хүмүүсийн 10-30 хувьд нь  анхны халдвараас хойш хэдэн сарын дараа эрүүл мэндийн шинэ асуудал үүсэж эхэлсэн  бөгөөд үүнийг нь судлаачид урт хугацааны КОВИД  хэмээн нэрлээд байгаа юм. Ямар нэгэн суурь өвчингүй, эмгэггүй хүмүүст ядрах, амьсгал давчдах, зүрхний цохилт тогтворгүй болох,  толгой өвдөх, эргэх, сэтгэл гутрах, ой санамж муудах зэрэг удаан хугацаанд үргэлжлэх шинж тэмдэг илэрч байгаа аж. Судлаачид коронавирусээр халдварлаад эдгэсэн хүмүүст илэрч буй 203 шинж тэмдгийн жагсаалтыг гаргасан байна. 

 

Урт хугацааны КОВИД-ыг хэрхэн оношилж байгаа вэ

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас урт хугацааны КОВИД-ын шинж тэмдэг нь шинжилгээний хариу эерэг гарснаас хойш гурван сарын дараа эхэлдэг гэж мэдэгдэж байгаа бол Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд халдвар авснаас хойш нэг сарын дараа эхэлдэг хэмээсэн билээ.  Байнгын шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдэд  зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг, CT скан, цусны шинжилгээ хийсэн ч ямар нэгэн  физиологийн эмгэг илэрдэггүй талаар   Вашингтоны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн клиник судлаач, доктор Зияд Аль-Али  мэдээлжээ. Судлаачид КОВИД-19-ийн байнгын шинж тэмдгүүдтэй холбоотой биомаркер гэж нэрлэгддэг биологийн зарим хүчин зүйлийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж. Одоогоор КОВИД-ын дараах шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж, дархлаа дэмжих болон өвчтөнд илэрч буй шинж тэмдэгээс шалтгаалан эмчилгээ хийж байгаа ажээ.

 

Удаан хугацааны КОВИД юунаас үүдэлтэй вэ

 

Урт хугацааны КОВИД яг юунаас үүдэлтэй нь толорхойгүй байгаа юм. Зарим шинжээчийн үзэж байгаагаар хүмүүс  анх КОВИД-оор өвдөхөд дархлааны хариу урвал нь нэмэгдэж, улмаар бие нь бүхэлдээ үрэвсэж, удаан хугацааны турш шинж тэмдэг илэрдэг гэж Калифорнийн их сургуулийн халдварт өвчний эмч, доктор Майкл Пелусо ярьжээ. Түүнчлэн анхны халдварын дараа хүний дархлаа хэзээ ч бүрэн сэргэдэггүй гэж үзэх мэргэжилтнүүд ч байна.

 

Вакцинууд урт хугацааны КОВИД-оос хамгаалж чадах уу

 

Энэ асуулт анхаарлын төвд байсаар байгаа боловч хэд хэдэн судалгаагаар КОВИД-ын  эсрэг вакцин хийлгэх нь удаан хугацааны шинж тэмдгүүдийн эрсдлийг бууруулж болох боловч арилгахгүй болох нь батлагдаад байгаа юм. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг вакцин болон урт хугацааны КОВИД-ыг судалсан найман судалгаанд дүн шинжилгээ хийсэн. Энэ үеэр вакцин хийлгэсэн ч коронавирусээр халдварласан хүмүүс вакцин хийлгээгүй өвчтөнүүдтэй харьцуулахад удаан хугацааны КОВИД-ын шинж тэмдэг илрэх магадлал бага байгааг тогтоожээ. Гэхдээ судалгаагаар вакцинжуулалт нь  урт хугацааны КОВИД-оор өвчлөх магадлалыг бүрэн бууруулж чадахгүй гэдгийг тогтоожээ.

АНУ-ын 240 мянга орчим өвчтөнийг хамруулсан судалгаагаар  халдвар авахаасаа өмнө нэг удаа ч гэсэн КОВИД-ын  вакцин хийлгэсэн хүмүүс вакцин хийлгээгүй өвчтөнүүдээс 7-10 дахин бага өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Харин АНУ-ын Ахмадын эрүүл мэндийн захиргааны цахим өвчтөний бүртгэлд хийсэн өөр нэг томоохон судалгаагаар вакцин хийлгэсэн хүмүүс зургаан сарын дараа шинж тэмдэг илрэх эрсдэл нь вакцинд хамрагдаагүй өвчтөнүүдээс ердөө 13 хувиар бага байгааг тогтоожээ. Судалгааны багийн нэг Аль-Али хэлэхдээ, вакцин хийлгэсэн өвчтөнүүд уушгины асуудал, цусны бүлэгнэлтийн хүндрэлтэй байх магадлал бага байсан гэжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top