Буриад улсын Ардын жүжигчин, Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриад Улсын Бүжгийн коллежийн захирал Доржо Васильевич Дугаржаповтой Улаанбаатар дахь Русский Дом, түүний дэргэдэх "Suvd Dance" монгол ардын болон сонгодог бүжгийн студийг үндэслэгч, МУСТА бүжиг дэглээч багш Н.Сувд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
Энэ оны хоёрдугаар сард Буриад улсын Тэргүүн Алексей Цыденовтой боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх үеэр Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн А.Базархандаевын анх дэвшүүлсэн энэхүү бүтээлч санаа биелэлээ олж байгаа юм.
Буриад улсын Ардын жүжигчин Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриад Улсын Бүжгийн коллеж нь Оросын балетын сургууль цэцэглэн хөгжиж, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөнтэй нягт холбоотой байдаг дэлхийн хамгийн эртний балетын сургуулиудын нэг юм. А.Я. Вагановагийн нэрэмжит Оросын балетын Академийн сургалтын хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Саяхан 60 жилийнхээ ойг тэмдэглэсэн.
Жилдээ 140 оюутан элсүүлэн авч Оросын ЕБС-ын бүрэн дунд боловсролын гэрчилгээнээс гадна балетын жүжигчин, бүжиг дэглээч мэргэжлээр төгсгөдөг аж. Монголоос одоогоор нэг оюутан суралцдаг бөгөөд ирэх жил балетын жүжигчин мэргэжлээр төгсөх юм.
Мөн БНХАУ, БНСАУ-аас оюутнууд маш өндөр төлбөртэйгээр ирж суралцах хүсэлтэй байдаг ажээ. Русский дом, "Suvd Dance" студи хамтран ажиллах энэхүү гэрээний хүрээнд Монгол Улсаас балет бүжгээр суралцах хүсэлтэй хүүхэд залуусын сонгон шалгаруулалтыг явуулах, Монголын бүжиг дэглээч багш нарын чадварыг орчин цагийн балет заах аргазүйн сургалтуудад хамруулах, мэргэшүүлэх, балет сонирхогчид болон мэргэжлийн бүжигчдийг Буриад улсын балетын нэрт зүтгэлтнүүдийн мастер-классуудад хамруулах, зуны сургалтуудыг эко аялалтай хоршуулан бүжгийн боловсролыг олгох шинэ технологийг нэвтрүүлэх сайхан боломжууд нээгдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )