Ковидын ТАРХАЛТ долоо хоногт 15%-иар нэмэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Монголд коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байсан бол өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим хувьд тархаж эхлээд байна. 

Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, шинжилгээнд эерэг эзлэх хувь 5.7 хувь болж өссөн тул эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдал ханган, битүү орчинд амны хаалттай байхыг зөвлөх боллоо. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр (2022.07.18) томоохон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудыг Сайдын шуурхай хуралд дуудаж, үүрэг чиглэл өгсөн. 

Харин өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Коронавирус болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногоос 15 хувиар нэмэгдсэн. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн.

Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа. Долдугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгдлээ. Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна. Тухайлбал, амбулаторийн үзлэгийн 9.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Хичээл эхлэх үеэр халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна” гэдгийн онцлон санууллаа.  

Нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай байна. Мөн нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагдах хэрэгтэй байгаа юм.

Гуравдугаар тунд нийслэлийн зорилтот иргэдийн 54 хувь нь хамрагдсан бол дөрөвдүгээр тунд таван хувь нь хамрагджээ. Вакцины нөөц хангалттай байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 33 цэг ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(64.119.27.126) 2022 оны 07 сарын 20

Наад дархлаажуулалт гэдгээ болиоч олон ах дүүгээ алдлаа хийгээд маргааш нь үхдэг одоо боль оросын спутник бол бас яая гэхэв амь насаараа дэнчин тавьхаа больё

0  |  0
Top