Пирамидыг Гизагийн дэвсэгт барьсан оньсыг тайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

Франц, Египетийн археологичид эртний Египетийн IV угсааны фараонууд пирамид барихдаа Гизагийн дэвсгийг сонгосон учрыг тайлах баримт илрүүлжээ. Эрдэмтэд эртний Египетийн фараонууд Нил мөрний урсгалыг тохируулахад эл дэвсэг тохиромжтой бөгөөд ойр байсан тул сонгосон гэж үзэж байна.

Шинжлэх ухааны “PNAS” сэтгүүлд бичсэнээр, сүүлийн найман мянган жилийн туршид Гизагийн орчимд Нил мөрний урсгалыг өөрчилснийг гэрчлэх баримтыг Нил мөрний хөндийн чулуулагт илрүүлсэн байна. Эртний Египетийн түүхэн дэх IV угсааны фараонуудын хаанчлалын төгсгөл үед Нил мөрөн ширгэсэн болох нь тогтоогджээ. Гэтэл Хуфу, Хафра, Менкаур хаадын үед Гиза орчимд Нил мөрөн урссан хэвээр төдийгүй усан онгоцнууд явдаг байжээ.  Өөрөөр хэлбэл усан онгоцоор пирамид барихад хэрэгтэй барилгын материал тээвэрлэж байсан аж.

Хеопсын пирамидыг МЭӨ гурав дахь мянганы дунд үед барьжээ. Эл пирамидыг Хуфу фараон санаачилсан. Эртний Египетийн IV угсааны фараонуудын үед Хафра, Менкаурын пирамидууд болон алдарт Сфинкс зэрэг агуу байгууламжууд баригдсан түүхтэй. Эртний Египетийн бүх том пирамидууд Гизагийн дэвсэгт сүндэрлэдэг. Эл дэвсэг Каир хотоос 25 км зайд, Нил мөрнөөс 8 км зайд оршдог. Нэгэн үед Нил мөрөн өөр урсгалтай байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top