90 насандаа гуйсан уучлал юунд зориулагдав?

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 12

           Монголд улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны 90-н жилийн ой болон Эх Орончдын өдрийг 3-р сарын 1-нд сүр дуулиантай тэмдэглэв. Эдүгээгээс 90 жилийн өмнө Монголын эх оронч хөвгүүдийн үүсгэн байгуулсан МАН-ын түүхэн замнал бол сэргэн мандсан шинэ Монгол улсын цадиг түүхийн гол цөм гэж МАН-ын дарга С.Батболд хүндэтгэлийн хурлын нээлтэнд хэлсэн үгэндээ онцлов.
Монгол орон тусгаар тогтнолоо алдаж, харийнханы дарангуйлалд зовж зүдэрч байсан үед Д.Сүхбаатар, С.Данзан, Д.Бодоо, Х.Чойбалсан, Д.Догсом, Д.Чагдаржав,Д.Лосол нар хувьсгалыг эхлүүлж, Ардын намыг үүсгэн байгуулж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхэн гавьяаг өнөө цагийнхан мартах учиргүй гэж МАН-ын дарга илтгэлдээ дурдлаа. Түүний илтгэлийн хамгийн чухал хэсэг нь МАН ард түмнээсээ уучлал гуйсан явдал байв. "Тэмцэл, ялалт, бахархал, эмгэнэл, амжилт, ололт, алдаа, оноо, сургамж,ухаарал хосолсон бүтэн ба хагас жарныг туулсан, бүхэл бүтэн 3 үеийг элээсэн энэ түүх урссан цус, асгарсан хөлс,эрсэдсэн амь бүтээсэн гавьяагаар бичигдсэн эзэнтэй, гэрчтэй амьд түүх. Түүх үнэнийг өгүүлнэ. Их гүрнүүдийн геополитик, Коминтерн, Бүх Холбоотын Коммунист(Большевикуудын) намын тулгалтаар хийсэн улс төрийн хэлмэгдүүлэлт Монгол орныг нөмөрч, энэ хэлмэгдүүлэлтэнд хамгийн түрүүнд намын удирдлага гишүүд өртөж, манай нам, төр, засаг ард түмнийхээ хамт гашуун зовлон амссан. Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөн амь насаа алдсан, эд хөрөнгө сэтгэл санаагаар хохирсон иргэд, албан хаагчид, цэргийн дарга нар , лам хуврага, намынхаа гишүүдийн ах дүү, төрөл төрөгсөд, үр ач нарт гүн эмгэнэл илэрхийлж, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, газар авахуулахгүй байх талаар хүчин мөхөсдсөндөө МАН ард түмнээсээ уучлал гуйж байна" хэмээсэн юм. Энэ бол ардчилсан хувьсгал өрнөж, олон намын тогтолцоо бий болсноос хойш улс төрийн хэлмэгдүүлэлтийн өмнөөс МАН анх удаа ард түмнээсээ уучлал гуйж байгаа хэрэг юм. Ардчилал үүссэн цагаас улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөнүүд уучлал гуйхыг шаардсаар ирсэн ч МАН-ынхан тэрхүү шаардлагыг хүлээн авч байсангүй. Уучлал гуйсан шийдвэрийг нь зөв эсвэл дэндүү хожуу гэх мэтээр дүгнэхийг хүссэнгүй.
Харин энэ уучлал хир цаг үеэ олов оо? Ардчилсан хувьсгал үүсээд 20-иод жилийн хугацаа өнгөрөхөд гагцхүү МАХН дотроо задарсан энэ цаг үед л МАН ард түмнээсээ уучлал гуйлаа. МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд зүй ёсны үргэлжлэл хар цагаан олон зүйлийг туулсаны хувьд 2012 оны сонгууль дөхөж байгааг мэдэрч улс төрийн пиарыг хийсэн ч байж мэднэ гэсэн шум хүмүүсийн дунд шивэр авир хийх боллоо. Уучлал гуйх нэг хэрэг, түүнийгээ ажил хэрэг болгож, хууль шүүхийг шударга, сонгуулийн тогтолцоог сайжруулах ажилдаа анхаарах ёстой гэж хүлээн авч байгаа хүмүүс ч байна. Оройтсон нь огт байхгүй байснаас дээр хойно юутай ч Дамдины Сүхбаатарын Батболд их хэлмэгдүүлэлтийн гашуун зовлон амссан ард түмнээсээ уучлал гуйсан МАН-ын анхны дарга боллоо.
 Д.Сэндэр.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top