“Ковид 19”-ийн халдвар сайн эмчлүүлэхгүй л бол маш урхагтай, уушги, зүрхэнд халтай гэж эмч нар зөвлөж байлаа. Вакцины нөлөө хортой болохыг ч нийгэм даяараа ярьж, бичиж, эсэргүүцэх хүн ч цөөнгүй байв.
Тэгвэл сүүлийн үед ид хийж бүтээх насандаа явсан идэр залуус яасан нь мэдэгдэхгүй гэнэт зүрх нь хаагдсан, унтаад сэрээгүй, онош тодорхойгүй гэх шалтгаанаар бурхан зүг одсон харамсалт мэдээ дуулдах болсоор удаж байна. Шалгаж нягталсан, оношийг нь тодруулсан, нийгэмд үнэн зөв мэдээлэл өгсөн хүн алга. Саяхан нэг найз маань нүүр номдоо “Цээжээр хатгуулж өвдөөд, зүүн гар даагдахгүй байсан. Өвдөлт намдахгүй болохоор нь үзүүлтэл зүрхний шигдээс болоход тун ойртож очсон байна гэв.
Ковидын дараа цус өтгөрч, сайн эмчилгээ хийлгээгүйгээс ийм байдалд хүрчээ. Хэрэв ковидоор өвдөөд эдгэсэн бол шинжилгээ өгч, цусаа шингэлж, шаардлагатай эмчилгээнүүдийг цаг алдалгүй хийлгээрэй” гэж бичсэн байв. Ковид тусаагүй хүн Монголд цөөхөн. Том, жижиггүй бүгд л хүнд, хөнгөн хэлбэрээр туссан байх. Өрхийн эмнэлгээс өгсөн багцыг хэрэглэж, гэртээ 10 хоног тусгаарлаад өндийсөн нь ч бий. Өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь ч байна. Боломжтой нь хувийн эмнэлэгт төлбөр төлөөд тууштай сайн эмчлүүлсэн биз.
Гэхдээ бүгд мөнгө төлөөд, эсвэл даатгалд хамрагдаад уушгины зураг авахуулж, тууштай эмчлүүлэх боломжгүй. Цар тахлын үеийн эдийн засгийн хямрал, хүмүүсийн ажил орлогын байдлаас шалтгаалж, гайгүй байна, дараа болохоос гээд явсан хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Уг нь тэр үед хувийн хэвшлийн эмнэлгүүд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ковидын дараах хүндрэлийг эмчлэх төсөл, хөтөлбөр боловсруулан төр, засагт өргөн барьсан юм билээ. Даанч түүнийг нь Монголын төр сонсохгүй, хүлээж аваагүй гэдэг.
Худал гэвэл, "Сэтгэшгүй" эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар коронавируст халдвар "Ковид-19" өвчнийг эмчлэх аргын талаар хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийсэн. Тэрбээр "Хүн төрөлхтөн өнөөдөр коронатай тулаад , ялагдаад байна. Асар их үхэл болж байна. Иймээс 2019 он, 2020 оны эхээр Хятадын Засгийн газар руу асуудал тавьсан юм. Дараа нь Монголын Засгийн газарт ч асуудал тавьсан. Ерөнхийлөгчийн Тамгын газарт мөн коронаг эмчлэх гэж асар их мөнгө зарцуулж байна, үүнийг хувийн эмнэлгүүдэд өгөөч гэж асуудал тавьсан. Бид коронаг эмчлээд өгье гэсэн. Гэтэл ерөөсөө үр дүнд хүрээгүй” гэж байсан.
Үндсэн хуулиар бол бид амьд явах эрхтэй гэдэг ч өвчин зовлон тулгарахад үхэх ёстой юм шиг. Хууль нь ойлгомжгүй, төр нь энэрэлгүй, эрүүл мэндийн салбар нь авралгүй. Иргэддээ ээлгүй ийм улсад бид яаж амьдрах ёстой юм бол.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )