Сэтгүүлчдийн байгууллагын ой нижгэр боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 08

Үзгийн ир, үгийн хурцаар нийгмийг эрүүлжүүлэн, ард олны сэтгэлийг эмчлэгч, үнэний мөрөөр цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэл дамжуулагч сэтгүүлчдийн баяр өнгөрсөн баасан гариг УДЭТ-т болсон баярын хурлаар эхэллээ. Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 98 жилийн босгон дээр тохиосон Монголын сэтгүүлчдийн байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ой нижгэр болж ган үзэгтнүүд тус салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүсийн нэрэмжит шагналаар энгэрээ мялаалаа. Монгол редакторлах урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Цэндийн Намсрайн нэрэмжит уран бүтээлийн шагналыг “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ц.Ганбат, Монголын радиогийн ерөнхий захирал Б.Пүрэвдаш нар гардан авлаа. Догсомын Бодоогийн нэрэмжит шагналыг улс төр, эдийн засгийн сэдвээр олон шилдэг нийтлэлийн эзэн болсон Б.Лигдэн шагнагдаж, Магсарын Цэрэнжамцын нэрэмжит уран бүтээлийн шагналыг гэрэл зургийн сэтгүүлч Ц.Батбаатар, Б.Цэрэнжамц нар гардан авлаа. Мөн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээд шагнал Жамсраны Цэвээний нэрэмжит шагналыг сэтгүүлч Л.Түдэвийн цуврал 35 ботийн эссэ нийтлэл, Ц.Дашдондовын “Бийрээр бичсэнийг балтаар цавчивч үл балармой” цуврал гурван боть, М.Зулькафилийн “Орчин үеийн сэтгүүл зүй”, “Сэтгүүл зүйн онолын үндэс” бүтээл, Т.Баасансүрэнгийн “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цуврал таван боть тус, тус хүртлээ. Харин сэтгүүлчдийн байгууллагын хүндэт медалиар таван сэтгүүлч шагнагдсан юм.
    Монголын мэдээ сониноос иш татав. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top