2008 онд Монгол Улсад анх бүртгэгдэж, олон нийтийн анхааралд орж байсан гар, хөл, амны өвчнөөр өнөөдөр 10 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилж байна.
Коксакийвирус А16, болон энтеровирус 71 ( EV71) вирусээр үүсгэгддэг тус өвчний тохиолдол сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж, ХӨСҮТ-ийн орыг дүүргэж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл энэхүү өвчин нь ямар учир шалтгаанаас болж, тархдаг. Ямар эмчилгээ хийдэг зэргийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөнд тулгуурлан хүргэж байна.
Энтеровирусээр ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг бөгөөд хүндрэлийн 90 хувь нь дөрөв хүртэлх насанд тохиолддог байна. Тус вирусээр өвдсөн тохиолдолд хоолой залгиураар идээтэй тууралт гарах, гар хөлийн арьсаар улаан өнгийн тууралт гардаг онцлог шинж тэмдэгтэй.
Мөн халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд халуурах шинж давамгай илрэх бөгөөд хэвлийгээр нь базалж өвдөх буюу суулгах, бөөлжих шинж тэмдгүүд ч илэрдэг байна. Тиймээс энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүйг ХӨСҮТ-өөс анхааруулж байгаа юм. Учир нь тус халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээг түлхүү хийдэг байна.
Тодруулбал, аманд гарсан идээт тууралтад чацарганы тос /зарим тохиолдолд тамедины уусмал/, эмийн сангуудад түгээмэл байдаг “Hi ORA” түрхлэгийг хоёр талдаа хөвөнтэй бамбараар түрхэх, маш бүлээн уух зүйлийг ойр ойрхон өгөх нь хамгийн эхний эмчилгээ болох юм. Тус эмчилгээг хийснээс 20 минутын дараа ууж, идэх зүйл өгөх ёстой. Шинж тэмдгийн эмчилгээг хоёр цаг тутамд тогтмол хийснээр өвчний мэдрэг чадвар буурах ач холбогдолтой байдаг талаар эмч зөвлөж байна.
Аманд гарсан идээт тууралтууд идэж, уух явцад хүндрэл учруулдаг тул аль болох бүлээн хоол, унд өгөх нь зүйтэй. Мөн энтеровирусээр өвчилсөн даруйд хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь чөлөө авч, тусгаарлах шаардлагатай юм. Тус өвчний халдварлах явц эхний долоо хоногт хамгийн идэвхтэй байдаг ажээ.
Түүнчлэн өвчний халдварлах явц 5-10 хоногтоо нууц хэлбэрт байдаг байна. Энэ үед нүдэнд харагдахуйц шинж тэмдэг байхгүй атлаа халуурч эхэлдэг тул эцэг эх, асран хамгаалагчид ханиадтай андууран эмчилгээ эхлүүлж, антибиотик өгснөөр өвчнийг улам хүндрүүлэх эрсдэлд ордог байна.
Үүнээс гадна тус өвчнийг “Ам гэмтэх”-тэй андуурч, монголчуудын уламжлалт домын аргаар эмчлэх гэж оролдсоноос өвчин улам хүндрүүлэх тохиолдол ч байдаг ажээ. Тухайлбал, "Ам гэмтсэн" хэмээн үзэж морины халуун амгай зуулгах, авга ахын оймсоор домнох зэрэг сүсэг бишрэлийн эмчилгээ хийснээр бохирдуулж, өвчнийг хүндрүүлэх тохиолдол байна. Тиймээс халуурах, ам, гар, өгзөг, өвдөг, хөлийн сарвууны голоор улаан тууралт гарсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах нь зүйтэй юм.
Аманд гарсан идээт тууралтаас бусад хэсгээр гарсан тууралт хүүхдэд төдийлөн зовиургүй байх бөгөөд маажиж, оролдон хор оруулахаас сэргийлэх хэрэгтэй.
Мөн тууралтыг дарах зорилгоор тосон түрхлэг түрхэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хэрэв тус өвчин хүндэрвэл мэдрэлийн эсүүдийг гэмтээхээс гадна менингет болох эрсдэлтэй. Тиймээс хүүхдээ өвчилсөн даруйд нь эмнэлгийн байгууллагад хандаж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай юм.
Хөнгөн халдварын үед эмчилгээ хийснээр 5-7 хоногийн дотор бүрэн эдгэрдэг бол хүндэвтэр байгаа тохиолдолд тохирсон эмчилгээг хийлгэх нь зүйтэй.
Тэгвэл өвчний хэлбэрийг хөнгөн, дунд, хүнд гэдгийг яаж ялгах вэ. Энэ талаар дор өгүүлье.
Хөнгөн хэлбэр: Өвчтний гар, хөл, амны салст дээр өвөрмөц цэврүүт, улаан хүрээтэй, цайвар цагаан гадаргуутай тууралт гарах, бага зэрэг толгой өвдөх шинж илэрнэ.
Дунд хэлбэр: Өвчтний гар, хөл, ам, өвдөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт тууралт гарч, амны тууралт шархалсан, толгой өвдөх, бөөлжих, 38 хэмээс дээш нэг болон түүнээс дээш хоног халуурна.
Хүнд хэлбэр: Өвчтний гар, хөл, ам, өвдөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт тууралт гарч, амны тууралт шархалсан, бөөлжих, 38 хэмээс дээш халуурах, толгой өвдөх шинж тэмдгүүд илрэхээс гадна хүзүүний хөшингө илрэх, ухаан алдах, даралт буурах, зүрхний хэм алдагдах, амтсгалын тоо олширох, цустай, хөөсөрхөг цэр гарах, цочимтгой, унтаа, нойрмог, гар хөл бага зэрэг саажсан байдалтай болно
Энтеровирус нь халдвартай хүний өтгөн, шүлс, цэр, нус, цэврүүний шингэнтэй хавьтал болох, энтеровирусээс бохирлогдсон хоол хүнс, ус, хөрс, эд зүйлс, бохир гар, ялаагаар дамжих замаар халдварладаг байна.
Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.
Төгсгөлд нь өгүүлэхэд, тухайн вирусээр өвчлөөд эдгэрсэн хүнд “өвөрмөц дархлаа” тогтох боловч уг өвчний вирусийн өөр хэв шинжээр өвдөх магадлалтай ажээ. Тиймээс тус өвчний эсрэг өвөрмөц сэргийлэлт, вакцин байхгүй учраас гараа сайтар угааж, агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх зэргээр урьдчилан сэргийлэхийг зөвлөе.
Сэтгэгдэл ( 1 )
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com