Шри Ланкийн зохиолч Шехан Карунатилака 2022 оны Букерын шагнал хүртжээ. Тэрбээр уран зохиолын салбарын энэхүү нэр хүндтэй шагналыг “Маали Алмейдын долоон сар” туужаараа хүртжээ.
Эл номд дайны гэрэл зурагчин Маали Алмейдын хойд насны адал явдлыг хошин маягаар өгүүлжээ. Гол баатар үхсэний дараа Шри Ланкийг доргиох гэрэл зургаа нуусан газарт хайртай хүмүүсээ аваачихад долоон сар үлддэг байна. Шагнал хүртсэн зохиолчийн нэрийг зарлахдаа шүүгч, зохиолч Нил Макгрегор Карунатилакийн туужийг “уран зохиолын жанр төдийгүй амьдрал ба үхэл, бие цогцос ба сүнс, өрнө ба дорнын хил хязгаарыг үгүй хийсэн” хэмээн тодорхойлжээ. Букерын шагналыг зохиолчид Их Британийн хааны хатан Камилла гардуулжээ. Дэлхий дахин хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна шагналын эзэн 50 мянган фунтын мөнгөн шагнал авч байна.
Энэ жилийн Букерын шагналд Их Британи, Ирландад 2021 оны аравдугаар сарын 1-ээс хойш хэвлэгдэн гарсан 169 зохиол өрсөлджээ. Букерын шагналыг 1968 онд бий болгож, 1969 онд шагналыг анх гардуулж байв. 2013 оныг хүртэл тус шагналыг Үндэстнүүдийн холбооны улсууд, Ирланд, Зимбабвед оршин суудаг зохиолчдод олгодог байсан бол хожим нь тус шагналд бусад орны зохиолчдод өрсөлдөх эрх олгосон байна. Ингэхдээ зохиолчид бүтээлээ англи хэлээр бичсэн, Нэгдсэн Вант Улсад хэвлэсэн байх нөхцөл тавьдаг.
Сэтгэгдэл ( 0 )