Коронавирусийн BF.7, BQ.1.2 хувилбар ХАЛДВАРЛАХ ЧАДВАР ӨНДӨРТЭЙ

2022 оны 11 сарын 14

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар мэдээлэл өгсөн. Тэгвэл өнөөдөр /2022.11.11/ ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр шинэ хувилбарын талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Омикроны дэд хэв шинжүүдийн хувьд эмнэлзүйн хэлбэр, хүндрэл, шинж тэмдэг, нас баралтад илэрхий өөрчлөлт ажиглагдаагүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-аас мэдээлсэн.

Шинээр илэрсэн дэд хэв шинжүүдээр үүсгэгдсэн өвчлөлийн үед ядарч сульдах, хоолой өвдөх, сөөнгөтөх, нус гоожих, ханиалгах шинж тэмдэг илэрч байна. Энэ нь өмнөх хувилбаруудтай ижил байгаа юм. Иймд өмнөх оношилгооны арга, эмнэлзүйд хэрэглэж байсан эмчилгээг хэвээр үргэлжлүүлэхийг ДЭМБ зөвлөсөн. 

Өвчлөлийн тоог нэмэхгүй байх, хүндрэлээс сэргийлэхийн тулд хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжүүдийг дагаж мөрдөх шаардлагатай" гэлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Оны 44 дүгээр долоо хоногт КОВИД-19-ийн 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж, таван хувьд хүрсэн. Тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл "Ногоон" байгаа ч цөөн хэдэн аймагт "Шар" болсон" гэв.

Түүнчлэн тэрбээр коронавирусийн хувилбарын тандалтын талаар "48 сорьцод хувилбарын тандалт хийхэд 37 сорьцод Омикроны ВА.5.2 хувилбар илэрсэн. Мөн нэг сорьцод BF.1, таван хүнд BQ.1.2 хувилбар илрээд байна. BF.1, BF.7, BQ.1.2 нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй Омикроны шинэ хувилбарууд юм. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг авч үзвэл BF.7 нь 80 орчим улсад, BQ.1 нь 50 улсад бүртгэгдсэн.

Омикроны BA5.1, BA5.2 нь бүртгэгдэж буй тохиолдлуудын 50 орчим хувийг эзэлж байна. Одоогоор BF.7, BQ.1.2 нь бага хувьтай илэрч байгаа ч халдварлах чадвар өндөртэй тул олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Мөн супермаркетын ажилтнууд, таксины жолооч, банкны теллер зэрэг дотор орчинд олон хүнтэй харилцдаг ажилтай хүмүүс амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай" хэмээлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
л(202.179.27.209) 2022 оны 11 сарын 12

Байгалаас гарсан бол өдий 3жил болоход устаж алга болсон л байгаа. Лабораторид гаргаж авсан вирус устдаггүй арилдаггүй новшийн юм бэ, тайван амьдрахсан

1  |  0
Zochin(66.181.161.103) 2022 оны 11 сарын 11

Surgul,tsetserlegch CH gesn yalgagui mask zuuh heregtei shtei,uilchilgeni gazar maskgguil bnle.zz

0  |  0
Top