Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Английн шигшээ баг анхны тоглолтоо Ираны багтай хийж, 6:2 оноогоор ялсан билээ.
Зургаа дахь гоолыг Жек Грилиш оруулсан. “Opta Sports” хэвлэлд мэдээлснээр, тэрбээр 35 дамжуулалтаас бүрдсэн комбинацыг гоол болгож чадсан байна. Ингэснээр Английн шигшээ баг дээд амжилт тогтоов.
Түүнчлэн, эл тоглолт хамгийн удаан үргэлжилж, хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэн бас нэг дээд амжилт тогтоожээ. Шүүгч эхний үед 14 минут, хоёрдугаар үед 10 минут нэмснээр тоглолт нийт 117 минут 16 секунд үргэлжилжээ. Өмнөх рекордыг 1994 оны ДАШТ-нд БНСУ, Боливийн тоглолт 103 минут 56 секунд үргэлжилж, тогтоож байжээ.
Түүнчлэн, Ираны шигшээ нэг тоглолт дээр зургаан удаа солио хийсэн ДАШТ-ын түүхэн дэх анхны баг болов. Дүрэм ёсоор багууд таван удаа солио хийх боломжтой. Гэвч Ираны багийн хаалгагч Алирез Беиранванд хамгаалагч Мажид Хоссейнитэй толгойгоороо мөргөлдөж, бэртэл авсан тул түүнийг талбайгаас дамнуургаар авч явсан. Энэ тохиолдолд FIFA дүрэм ёсоор нэмэлт солио хийх зөвшөөрөл олгодог. Английн баг мөн нэмэлт солио хийх эрх авсан байна.