Монголын талаас өмнө нь Хятадын Хөгжил, шинэтгэлийн хороонд хандсан бол энэ удаа тэдний зөвлөмжийн дагуу БНХАУ-ын Гаалийн байгууллагад дахин хүсэлт илгээжээ
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.12.08) нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, Хилийн боомтуудыг шалгах Түр хорооны ажиллах хугацааг 6 сарын хугацаатай сунгалаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" зорилго бүхий хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай санал ирүүлснийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар өмнө нь хэлэлцэж, дэмжжээ.
УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" тусгай сэдвийн хүрээнд Хяналт шалгалт хийх явцад нууцын зэрэглэлтэй гэрээ, бичиг баримтуудтай танилцаж байгааг хуралдааны үеэр Г.Ганболд гишүүн мэдээлэв.
Нууцын зэрэглэлтэй учраас энэ талаар олон нийтэд мэдээллэх, ил тод дэлгэх боломжгүй гэдгийг тэр мөн онцолсон бөгөөд "Энэ сарын 21-ний өдөр зохион байгуулах Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголоос өмнө оффтэйк гэрээнүүдийг нууцын зэрэглэлээс гаргах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлээд байгаа гэлээ.
Засгийн газар шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох гэрээнүүд ил болж, тэр хэрээр иргэдийн хүсэж байгаа мэдээлэл тодорхой болно гэж үзэж байгаагаа Г.Ганболд гишүүн ярьсан.
Өөр нэг анхаарал татсан зүйл нь Хянан шалгах түр хорооны өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар тодруулсан гишүүний асуултад тэрбээр хариулт өгөхдөө “Хилийн мэдээлэл, гаалийн бүрдүүлэлт хоёрын зөрүүг тогтоохоор ажиллаж байна. 2013 онд Монгол Улс, БНХАУ-ын гаалиудын мэдээллийг тулгахад анх илэрсэн, тогтоогдсон баримтуудыг тухайн үед хууль хяналт, шүүхийн байгууллагууд нь шийдээд явсан бол асуудал өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Тэр үед хэрэгсэхгүй болгосноос өнөөдрийг хүртэл уг нөхцөл байдал даамжирсан гэж бид үзэж байна. Эдгээр мэдээ, баримтыг тодруулж, нотлох гэж ажилласаар зургаан сар өнгөрлөө" гэж ярив.
Цааш нь "Монгол Улсын гаалиар “хоосон” гэдэг бүрдүүлэлттэй гарсан нүүрс тээврийн машинууд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ нүүрс тээвэрлэж орсон байна уу, үгүй юу гэдгийг тулгахаар БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар хүсэлт хүргүүлсэн. Хариу өгөөгүй тул Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан тус улсын Хөгжил, шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулсан. Хариу ирсэн нь "БНХАУ-ын гаалийн байгууллага руу хандаарай" гэсэн байсан.
Энэ дагуу дахин Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын гаалийн байгууллага руу албан хүсэлтээ илгээгээд байна.
Үүний зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудаас төлбөртэй мэдээлэл авч, шинжилж байна. Бүх баримт мэдээллийг боломжит хэрээр цуглуулж, тогтоож, шинжилж, асуудлыг бодитой болгож байж Улсын Их Хуралд тайлагнахгүй бол аль нэг талын мэдээллийг барьж, хөнгөн хуумгай тайлан тавьж болохгүй байсан юм” гэсэн мэдээллийг чуулганы хуралдаанд өгсөн нь анхаарал татсан мэдээлэл байлаа.
Сэтгэгдэл ( 0 )