Нүүрсний хэмжээ ихсэж, холбогдогчдын тоо ч өсөх хандлагатай

2022 оны 12 сарын 13

Нүүрсний асуудал дэгдээд чамгүй хугацаа өнгөрсөн учраас иргэд олон нийт тодорхой мэдээлэлтэй болсон. Тэр тусмаа иргэд өөрсдөө нүүрсний хулгайчдыг шалгаж нэрлэхийг шаардаж байгаа учраас энэ тухайд тэгтлээ нурших хэрэггүй байх. Гагцхүү хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Ямартай ч анх Засгийн газраас нүүрсний хулгайтай тэмцэх асуудлыг хөндөж, Түр хороо байгуулсан. Үүний шилийг даран иргэд олон нийт ч талбай дээр жагсахаар гарч ирсэн.

Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль, хүчний байгууллагын тэргүүн дарга нар болон бусад төлөөлөлтэй уулзаж, нүүрсний хулгайтай хатуухан тэмцэхийг үүрэгдсэн. Ийнхүү төрийн өндөр дээд албан тушаалтнуудын зүгээс асуудлыг хөндөж, иргэдийн шахалт шаардлага байгаа учраас “нүүрсний хулгай” гэх санаанд багтамгүй мөнгөн дүнтэй хэрэг нэг талдаа гарах магадлал байна.

Нэг зүйл анзаарагдаж байгаа нь шүүхээр эцэслэн шийдээгүй хэрэгт нэрс зарлахыг шаардах, хаа хамаагүй тоо баримт гаргаж хандлага бий. Энэ хэрээр хулгайлсан гэх нүүрсний хэмжээ дуулиан шуугианы хөлөөр ихсэх тусам холбогдогчдын тоо ч өсөх хандлагатай. Тэгэхээр энд ямар нэг дүгнэлт хийлгүй талуудын байр суурийг хүргэхийг зорилоо.
 

 

БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ П.САЙНЗОРИГ: НҮҮРС БОРЛУУЛСАН, ШАТСАН, ШАТААГҮЙ ГЭХ АСУУДЛЫГ НЭГ ТАЛД ГАРГАНА

 

-“Жижиг” хэмээх орон нутгийн өмчит Тавантолгой компанид Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилжээ. Тэрбээр энэ тухайд мэдээлэл хийлээ.

Ингэхдээ иргэд, олон нийт, ялангуяа Өмнөговь аймагт оршин суудаг иргэдийн дунд эргэлзээ төрүүлж буй зарим зүйлийг талаар нэмэлт мэдээллийг өгөхдөө нэгдүгээрт, орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй орон нутгийн өмчит энэхүү компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй. Хоёрдугаарт, бусад хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй. Гуравдугаарт, компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог үр өгөөж сайжирна. Дөрөвдүгээрт, бүртгэлгүй нүүрсний асуудал Эрдэнэс Тавантолгой компанийн тайлбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал, санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.

 

Т.ДОРЖХАНД: ОФФТЕЙК ГЭРЭЭГ ТУХАЙН ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ШАХАЛТААР ХИЙСЭН

 

-МҮОНТ-ээс өнгөрөгч бямба гарагт зохион байгуулсан "Хулгайлагдсан баялаг, алдагдсан боломж" хэлэлцүүлэгт талууд очиж байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын Түр хорооны гишүүн Т.Доржханд 40 их наяд төгрөгийн хохирол гэдгийг тайлбарлаж, жагсагчдын төлөөллийн шаардлагын хариулт болгож, Оффтэйк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр 2018, 2019 онд, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын шахалтаар хийгдсэн гэдгийг тодорхой хэллээ. Ингэхдээ “Бид 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайлагдсан тоогоо батална” гэж байв.

 

БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ Ж.ГАНБАТ: ЭНД 40 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НҮҮРС АЛДАГДСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

 

-Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй, эцэслэн шийдэгдээгүй байр сууриуд байгаа нь харагдав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржхандын “40 их наяд төгрөгийн нүүрс алдагдсан” гэж байгаа бол Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Энд 40 их наяд төгрөгийн нүүрс алдагдсан гэх зүйл байхгүй. Бид шалгаж байна, Ажлын хэсэг, шинжээчдийн дүгнэлт гарахаар танилцуулна. Нүүрс олборлолт, тээврийн мэдээллийг ил тод болгож эхэлсэн. Компанийн сайт руу орж олборлогч компаниудтай байгуулсан гэрээг үзэх боломжтой. Худалдан авалттой холбоотой тендерийн мэдээллийг цахимд холбож өгсөн. Тодруулбал, компанийн цахим хуудаст уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож өгч байна. Эндээс ямар компани, хэчнээн тээврийн хэрэгслээр хэдэн тонн нүүрс ачиж байгааг он, сар, өдрөөр нь харж болно” гэдгийг тодотголоо. Энд Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хүргэж байгаа тоо баримтыг бүрэн эхээр хүргэх аргагүй учраас ерөнхий байр суурийг өгч байгаа хэрэг.

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР: Т.ДОРЖХАНД ГИШҮҮН ЭЭ, ТА ХЭД САЙН ШИНЖЭЭЧ АВАХ ХЭРЭГТЭЙ

 

-Ийнхүү зөрүүтэй байр сууриуд байгаа учраас талууд чамгүй маргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Т.Доржханд гишүүн ээ, та хэд сайн шинжээчийн баг авах хэрэгтэй” гэдгийг ч дуулгаж байгаагаас харвал хөөстэй тоо ярьж байгааг анзаарсан хэрэг болов уу. Мөн үеэр Х.Нямбаатар сайд аль болох хууль эрх зүйн орчинд ажиллахыг хичээж анхаарч байна. Т.Доржханд гишүүн нүүрсний хулгайчдыг бараг зарлачихлаа.

 

ТАВАНТОЛГОЙН 19.77 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ Д.БАТ-ЭРДЭНЭ БОЛОН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ НАРЫН ХҮМҮҮСИЙГ ШАЛГАЖ БАЙНА

 

-Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2017 оноос эхлэн "Эрдэнэс Тавантолгой"-н нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Энэ бол Эрдэнэс Тавантолгой болон “жижиг” Тавантолгой компанийн хооронд нүүрсний зөрүүтэй байдал үүссэн тухай асуудал юм. Энэ талаар 2017, 2018 онд сайд, УИХ-ын гишүүд олон нийтэд мэдээлж байсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй байна” хэмээн мэдэгдсэн. Харин одоогийн байдлаар “Жижиг” Тавантолгойн 19.77 хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын холбогдох хүмүүсийг  шалгаж байгаа. Мөнхүү одоогийн байдлаар нүүрсний хулгайн гэх хэрэгт Эрдэнэс Тавантолгой компанийн захирал асан  Д.Ариунболд, Б.Ганхуяг, Эрдэнэс Тавантолгойн Х.Нурлат, Б.Отгонжаргал, "Тавантолгойн төмөр зам"-ын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон гаалийн байгууллагын нэр бүхий 41 хүнийг шалгаж, найман хүнийг хойшлуулахгүй журмаар баривчлан шалгаж байгаа аж.  

 

ЖАГСАГЧИД: ХУЛГАЙЧДЫН НЭРСИЙГ ЗАРЛА, УДААН ХҮЛЭЭЛЭЭ

 

-Өчигдрийн байдлаар жагсаал долоо дахь хоногоо үргэлжилж байгаа ч эрч хүч нь тэгтлээ саарсангүй. Тэдний зүгээс нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг Засгийн газраас шаардаж байгаа ч эцэслэн шийдэгдээгүй асуудалд холбогдуулан хэн нэгнийг гэмт хэрэгтэн мэтээр зарлах боломжгүй юм. Жагсаалд оролцогч иргэдийн төлөөллүүд “Ард иргэдийн олон хоногийн жагсаалын зорилго нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө, улсын төсөвтэйгөө авъя. Хэдэн жилийн хулгай юм бэ. Шаардлагатай бол нэрсийг нь зарлана гэж хэлсэн. Зөндөө хүлээлээ, одоо зарлах цаг чинь болсон юм биш үү. Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго. Ард иргэд олон хоног хүлээлээ” гэдгээ удаа дараа хэлсээр байна.

ЭХ СУРВАЛЖ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(139.5.216.228) 2022 оны 12 сарын 13

Сонгууль болтол мэрэх хатуухан бас чиг мөлжүүртэй булууны яс шүү дээ, булаацалдаад л хэмхэлдээд л байж дээ. Өөр юунд ч анхаарахгүй байх оо, энэ үед нь хотонд нь чоно гэтсэн ч мэдэхгүй. Яс булаалдаж байгаад хонио алдах аюултай.

0  |  0
Top