ХЭН ЮУ ХЭЛЭВ: Дэлхийн удирдагчдын ШИНЭ ЖИЛИЙН мэндчилгээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 02

Шинэ оны босгон дээр дэлхийн удирдагчид ард түмэндээ хандан, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэндчилгээндээ: "Шинэ он сэргэн мандлын мөч байдаг. Хуучин оны үнсийг шүүрдэж, шинэ гэгээн өдөрт бэлтгэх цаг ирлээ. 2022 он амаргүй байв. Украин, Афганистан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон бусад улс оронд хүмүүс орон гэрийнхээ балгасыг орхин, амьдралаа өөрчлөн, илүү сайн сайхны эрэлд гарсан. Өнгөрсөн онд 100 сая орчим хүн дайн дажин, ой хээрийн түймэр, ган гачиг, өлсгөлөнгөөс дайжин, эх нутгаа орхисон. 2023 онд хэзээ хэзээнээс хэрэгтэй байгаа энх тайвныг тогтоох шаардлагатай байна. Бие биетэйгээ яриа хэлэлцээ хийж, мөргөлдөөнийг зогсоох, илүү тогтвортой ирээдүйн төлөө байгаль дэлхийтэйгээ энх тайвнаар зэрэгцэн орших шаардлага бий. Охид, эмэгтэйчүүд аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн айл гэрийн энх тайван шаардлагатай байна гээд 2023 оныг бидний амьдрал, бидний орон гэр, дэлхий дахинд энх тайвныг сэргээн тогтоох он болгох"-ыг уриалжээ.
 


БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээндээ: "Маргаашийн Хятадад хөдөлмөр гайхамшгийг бүтээнэ. Хятадын нэрт яруу найрагч Су Шигийн хэлснээр “Сорилт хүнд байх тусам том мөрөөдлийг биелүүлэх боломж их байдаг”. Маргаашийн Хятадад эв нэгдэл бүхнийг боломжтой болгоно. 1.4 тэрбум хүн эв нэгдэлтэй байвал ямар ч бэрхшээлийг туулж чадна. Тайванийн хоолойн хоёр эрэг бол нэг гэр бүл юм. Маргаашийн Хятадад залууст найдвар тавьж байна. Хятадын хөгжлийн хариуцлагыг залуус үүрнэ. Залуусын амьдрал буцалж, эрч хүч оргилж байдаг. Залуус найдвар төрүүлдэг" хэмээн онцолжээ.
 


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээндээ: "2022 он хүнд шийдвэр, чухал алхмын жил байлаа. 2022 он шийдвэрлэх үйл явдлаар дүүрэн байв. Бидний ирээдүй, бидний жинхэнэ тусгаар тогтнолын үндэс суурийг тавьсан үйл явдлуудаар дүүрэн жил байлаа. Үүний төлөө бид тулалдаж, хамтдаа бүтээн байгуулж байна. Хамгийн гол нь Оросын хувь заяа. Эх орноо хамгаалах нь өвөг дээдэс, хойч ирээдүйнхээ өмнө хүлээсэн ариун үүрэг. Ёс зүйн, түүхэн үнэн бидний талд байна" гэж тодотгожээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээндээ: "Ирэх жил агуу жил байх болно. 2023 онд өмнөх жилд баталсан чухал чухал хуулиудын хэрэгжилтийн жил байна" гэжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ард түмэндээ хандан эв нэгдэлд уриалжээ. Тэрбээр “Биднийг тал талаас шахаж буй талцалд автвал энэ хүнд цагт, ийм хатуу ертөнцөд амьд үлдэх боломж бидэнд үлдэхгүй. Оросын Украины эсрэг хийж буй дайн бол сорилт. Франц Европын хамтаар үнэн, эрх чөлөөний дуу хоолой болж, Украиныг дэмжсэн. Оросын түрэмгийллээс аврал эрсэн дүрвэгсдийг хүлээн авснаар та бүгд эв санааны нэгдлээ илэрхийлсэн” гэж онцолжээ. Мэндчилгээнийхээ төгсгөлд Макрон украинчуудад хандан “Бид та бүгдэд ялахад нь тусалж, шударга, бат бэх ертөнцийг бүтээхэд хамтран ажиллана” хэмээсэн байв.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида мэндчилгээндээ: “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний хувьд Япон дипломат салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болно. Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш аюулгүй байдлын салбарын хамгийн хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байна. Япон улс статус-квог хүчээр өөрчлөхийн эсрэг баттай зогсож, цөмийн аюулыг сөрөн зогсох болно гээд Японы эдийн засгийг дэмжихэд шаардлагатай бүхий л арга хэмжээ авах"-аа илэрхийлжээ.
 


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэндчилгээндээ: “2022 онд хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн. Ямар ч оршилгүй. Гэнэт. Үүрийн дөрвөн цагт. Харанхуй байсан. Дуу чимээ ихтэй. Түүнээс хойш 311 хоног өнгөрчээ. Харанхуй, чимээтэй, хүнд хэвээр байна. Гэхдээ бид дахин айхгүй. Энэ бол бидний жил байсан. Украины, украинчуудын жил байв. Хоёрдугаар сарын 24-нд бид сэрсэн. Бид өөрчлөгдсөн. Өөр ард түмэн, өөр украинчууд. Эхний пуужингууд бидний төөрөгдлийг үгүй хийсэн. Дайсан юу чадахыг, бид өөрсдөө юу чадахаа олж харсан. Хоёрдугаар сарын 24-нд бид сонголтоо хийсэн. Цагаан туг бус шар, хөх өнгийн далбааг сонгосон.

Хоёрдугаар сарын 24-нд бид ялалтаа бүтээж эхэлсэн. Бид эргэлзээ, айдсаа ялан дийлж, өөртөө, өөрийн хүчиндээ итгэсэн. Бид юу ч алдаагүй. Биднээс булаасан. Украин охид, хөвгүүдээ алдаагүй. Дайсан тэднийг булаасан. Бид газар нутгаа алдаагүй. Эзлэн түрэмгийлэгчид ирсэн. Манай гараг энх тайвнаа алдаагүй. Орос үгүй хийсэн. 2022 он бидний зүрхийг шархдуулсан. 211 онд бүх нулимсаа барж, бүх залбирлаа уншсан. 2023 онд украинчуудад ялалт авчрахыг хүсэн ерөөж байна” гэжээ.
 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээндээ: Хүн төрөлхтөн хүйтэн дайнаас хойших хамгийн ээдрээтэй цаг үеийг туулж байна. Энэ эгзэгтэй үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал зүйл бол үндэсний эв нэгдэл гэдгийг онцлов. 

Тэрбээр “Хот айл муудалцахад холын дайсан баярладаг” гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн. Иймээс бид эвийг сахиж, зөвийг эрхэмлэх нь юу юунаас илүү чухал билээ. Бидний цөөхөн Монголчууд бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, бие биедээ тусалж, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай. “Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээн Их Эзэн Чингис хаан сургасан билээ. Тиймээс Их эзэн хааныхаа үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ хадгалан хамгаалж, талцаж биш эвлэж, зөрчилдөж биш зөвшилцөж, тарж биш нэгдэж амьдрах нь монголчуудын хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно” хэмээн онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top