Ц.Билэгтсайхан: Хятадад сүүлийн 24 цагт 34,000 тохиолдол бүртгэгджээ

2023 оны 01 сарын 10

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан өнөөдөр /2023.01.10/ ковидын нөхцөл байдал дэлхий дахинд болоод БНХАУ-д ямар байгаа талаарх мэдээллийг өглөө.


Тэрээр "Дэлхий дахин Ковид гэдэг цар тахалтай нүүр тулаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Нийтдээ энэ оношоор батлагдсан 657 сая хүн байна. Үүний 6.6 сая хүн нь нас барсан гэдэг тоон мэдээлэл байгаа. Дэлхийн дахинд ковидын цар тахал, ялангуяа "Омикрон"-ы давлагаа сүүлийн 7 хоногт 21 орчим хувиар буурсан мэдээлэл байна.

Олон улсад байгаа дэгдэлтийг үүсгэж байгаа хувилбарыг авч үзвэл BA5 гэдэг хувилбар хамгийн их буюу 63 хувьтай байна. Дараа нь BA2.2.75, мөн BQ1 гэдэг хувилбарууд одоогийн дэгдэлтийг үүсгэж байгаа.

Монгол Улсын хөрш БНХАУ-ын хувьд:

БНХАУ-д оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлээд цар тахлын талаарх тоон мэдээллийг бүрэн нийтлэхгүй байгаа. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр урд хөршид сүүлийн 24 цагт 34 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн 7 хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэдэг мэдээлэл байна.

Урд хөршид өмнөх 7 хоногоос энэ 7 хоногт өвчлөлийн тоо 45 хувиар өссөн байна. Ковидын шалтгаант нас баралт 648 гэж мэдээлсэн. Энэ нь өмнөх 7 хоногоос 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт. 

Урд хөршид дэгдэлт үүсгээд байгаа вирусийн хувилбарын хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 19-21-ний сорьцын мэдээлэл дээр авч үзэхэд, 85% нь "Омикрон"-ы BF7, 15% нь BA5.2 болон бусад маш олон дэд хувилбарууд энэ дэгдэлтийг үүсгэж байна.

Барууны орны эрдэмтэд "БНХАУ-д энэ цар тахлын оргил үе нэгдүгээр сарын дунд үед тохиолдоно гэж тооцсон байна. Хоногт 3.7 сая хүн бүртгэгдэнэ. Үүнээс 10-14 хоногийн дараа нас баралтын тоо хамгийн өндөр хэмжээнд хүрч, 25 мянга орчим нас баралт бүртгэгдэнэ" гэсэн тооцооллыг хийсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top