Шинэ Зеландын Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн 2023 оны хоёрдугаар сарын 7-оос өмнө огцрохоо мэдэгджээ.

Тэрбээр “Хоёрдугаар сарын 7-нд Ерөнхий сайдын албан тушаалыг хаших миний сүүлийн өдөр. Засгийн газрын тэргүүний ажил, үүргийг гүйцэтгэх эрч хүч өөрөөсөө хайсан ч олсонгүй. Өндөр албан тушаалтай хамт хариуцлага ирдэг. Тэр дундаа улсаа удирдахад тохиромжгүй болсон гэдгээ ухамсарлах хариуцлага хамт ирдэг. Би чадах бүх зүйлээс өгсөн, одоо явах цаг нь болсон” гэж мэдэгдэв.

Шинэ Зеландын парламентын сонгууль энэ оны аравдугаар сарын 14-нд болно. Ардерн албан тушаалаа өгсний дараа парламентын гишүүний ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ч ирэх сонгуульд оролцохгүй гэдгээ онцолжээ.

Жасинда Ардерн 37 насандаа 2017 онд Шинэ Зеландын Ерөнхий сайдаар сонгогдож байв. Тэрбээр Шинэ Зеландын гурав дахь эмэгтэй удирдагч, дэлхийн хамгийн залуу удирдагчдын нэг болсон билээ. Мөн Жасинда ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа хүүхэд төрүүлсэн хоёр дахь эмэгтэй. 2020 онд тэрбээр Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top