Дэлхий дахинд Омикроны тархалт эргээд ВАКЦИНЫГ ШААРДАЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Дэлхий дахинд коронавирусний Омикрон омгийн дэд хувилбарууд шинээр тархаж, дахин аюулын харанга дэлдээд байна. Зарим оронд ковидын эсрэг вакцинд дахин хамрагдахыг уриалж эхэлжээ. Улс орнууд Омикроны шинэ хувилбаруудын дэгдэлтийн эсрэг ямар арга хэмжээ авч, иргэддээ юуг уриалж байгаа талаар мэдээлэл хүргэе.


Омикрон ОЙН ТҮЙМЭР мэт тархаж байна

Хойд хөрш ОХУ-д “Омикрон ойн түймэр шиг тархаж байна” гэж вирус судлаачид анхаарууллаа.

Роспотребнадзор байгууллагын Тархвар судлалын төв судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн орлогч захирал Александр Горелов “Интерфакс” агентлагт ярихдаа “Омикрон хувилбар ойн түймэр мэт тархаж, судас, мэдрэлийн системд дарангуйлах нөлөө үзүүлж байна”. Энэ хувилбар нийслэлээс хэдхэн долоо хоногийн дараа бүс нутгуудад тархаж магадгүй” гэжээ.

ОХУ-д коронавирусний өвчлөл өссөөр байгаа аж. Омикрон хувилбар нь гурав дахин хурдан халддаг учир оргил үедээ өвчлөгсдийн тоо маш өндөр болж магадгүйг Александр Горелов анхааруулсан байна.

Францад ВАКЦИНЫ ГЭРЧИЛГЭЭГ нэвтрүүлнэ

Францын Ерөнхий сайд Жан Кастекс энэ сарын 24-нөөс ковидтой холбоотойгоор тогтоосон ариун цэврийн хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулж, вакцины гэрчилгээг нэвтрүүлж эхлэх талаар мэдэгдлээ. 16-аас дээш насны бүх хүн театрт очих, галт тэргээр зорчих зэрэг үйлчилгээ авахдаа вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээгээ үзүүлэх ёстой. Ковидын шинжилгээний сөрөг хариу хангалттай биш болжээ.

Францын мэргэжилтнүүд ойрын үед Омикрон хувилбар идэвхтэй тархах төлөвтэй байгааг хэлжээ. Ковидын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ авч эхлэх шийдвэр гарсан байна. Франц улс Омикроны тархалтын улмаас хүнд үе шатыг даван туулж байгааг тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс хэлээд “Омикрон хувилбар манай улсын таван сая гаруй иргэнд туссан гэж үзэж байгаа ч ковидын шинжилгээгээр баталгаажуулаагүй хүмүүсийн тоог оруулвал хоёр дахин илүү ч байж мэднэ” гэж орон даяар цацагдсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Тэрбээр мөн “Омикрон хувилбар бусад хувилбараасаа аюул багатай ч халдварлах чанар нь өдөрт хэдэн зуун мянган хүнээр хэмжигдэнэ” гэсэн байна. Иймээс Францад вакцины цэг, эмийн сан, эмнэлгийн пунктүүдийг илүү ихээр нээх аж. Түүнчлэн 12-17 насны архаг хууч өвчинтэй хүүхдүүдийг сэргээх тунд хамруулах шийдвэр гарчээ.

Францын Засгийн газраас “Вакцины гэрчилгээний тусламжтайгаар хоёрдугаар сарын 1-нээс коронавирусний эсрэг хязгаарлалтыг хөнгөвчлөх ажлыг эхлүүлж болно” гэж мэдэгдсэн байна.

Тэгвэл тус улсад хоногт 425 мянга гаруй хүн ковидоор өвчилсөн нь батлагджээ. Хоногт 251 хүн ковидын шалтгаанаар нас барсан байна.

Австри ковидын ВАКЦИНЖУУЛАЛТЫГ заавал хийнэ

Австрийн Үндэсний зөвлөл буюу тус улсын парламентын доод танхим өчигдөр ковидын эсрэг вакцинжуулалтыг заавал явуулахыг баталжээ. Одоо энэхүү хуулийн төслийг Австрийн холбооны мужуудын зөвлөл батлах үлдэж байна.

Австрид ирэх хоёрдугаар сараас 18-аас дээш насны бүх иргэн вакцинд хамрагдах ёстой болж байгаа бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр вакцинд хамрагдахаас татгалзсан иргэдэд мөнгөн торгууль оногдуулах аж.

Гүржид халдварын 70 ХУВЬ НЬ Омикрон байна

Гүржид ковидоор өвчлөгсдийн 70 хувь нь Омикрон омгийн халдвар авсан талаар Үндэсний өвчлөлийг хянах төвөөс нь мэдэгджээ.

Тус улсын нийслэл Тбилиси хотод өвчлөгсдийн 80 хувь нь Омикроны хувилбаруудаар халдвар авчсан бол Гүрж даяар ковидоор өвчлөгсдийн 70 хувь нь Омикрон болон түүний дэд хувилбараар оношлогдсон байна.

Гүржид хоногт 6351 тохиолдол батлагдаж, 27 хүн нас баржээ.

Коронавирус ОРШСООР БАЙНА 

Дэлхий дахины өвчлөл, Омикроны дэд хувилбаруудаар халдварлаж буй тохиолдлууд, халдварын нөхцөл байдал нь коронавирусний цар тахал дуусаагүй, энэ вирус оршсоор байгааг харуулж байгааг ОХУ-ын Уушиг судлалын хүрээлэнгийн академич, захирал Александр Чучалин мэдэгджээ.

Иймээс коронавирусээр өвчлөхгүйн тулд вакцинд хамрагдах /бүх вакцин үр дүнтэй/, амны хаалт зүүх, ариун цэврийн бусад арга хэмжээг авах зэргээр өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг мэргэжилтнүүд уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.23.249) 2023 оны 01 сарын 20

Гэр хорооллынхон орон сууцны хорооллоор бүтэн өдөр явахаа болиочээ! Гэр хорооллынхон орон сууцныханд бөөсөө халдаагаад байна.

0  |  0
в(202.179.27.10) 2023 оны 01 сарын 20

Байгалийн хүчин зүйлээс гарсан бол өдий 3 жил болоход устах ёстой. Лабораторид хиймлээр гаргасан вирус устаж өгдөггүйн байна

0  |  0
боль(192.82.68.233) 2023 оны 01 сарын 20

4 тун хийлгэсэн хүн тусаад бна ш дээ

0  |  0
Top