АНУ-д Хятадын тагнуулын бөмбөлөг эргэлдэж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

АНУ-ын цэргүүд сүүлийн хэдэн хоног тус улсын хойд хэсэг дээгүүр эргэлдэж буй тагнуулын агаарын бөмбөлгийг ажиглаж байна Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер мэдээлжээ. Пентагон сүүлийн хэдэн жил ийм төрлийн аппарат ашиглаж буйг ажигласан байна.

Хятадын гэж үзэж байгаа агаарын бөмбөлөг арилжааны агаарын тээврийн нислэг үйлддэг өндрөөс илүү дээгүүр эргэлдэж байгаа ба газар дээрх хүмүүст ямар нэгэн аюул учруулахгүй гэж Райдер онцолсон байна. “NBC” сувгийн эх сурвалжийн мэдээллээр, тагнуулын агаарын бөмбөлөг Хятад улсынх гэдэгт АНУ-ын Засгийн газар итгэлтэй байгаа бөгөөд БНХАУ-ын эрх баригчдад асуудал тавьсан аж.

Пентагоны мэдээллээр, стратосферын агаарын бөмбөлөг өнгөрсөн лхагва гарагт Монтана мужийн Биллингс хотын дээгүүр үзэгджээ. Бөмбөлөг Канадын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч, Алеутын арлуудын зүгээс ирсэн гэж үзэж байна. Тагнуулын агаарын бөмбөлөг одоог хүртэл АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр эргэлдэж байгаа гэж Пентагон үзэж байгаа ч тодорхой байрлалыг нь тодруулаагүй байна.

“NBC” сувгийн эх сурвалжийн мэдээллээр, тагнуулын агаарын бөмбөлөг илэрсэн даруйд АНУ-ын нисэх хүчин “F-22 Raptor” тав дахь үеийн цэргийн онгоц болон “AWACS” алсын радиолокацын онгоц хөөргөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top