Монголын улс төр Н.Энхбаяргүйгээр үргэлжлэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Гэхдээ яаж гэдэг асуулт сонин байв. Эх орончдын өдөр Н.Энхбаяр энэ асуултанд хариу өглөө. Намдаа шахуулсан Н.Энхбаярын хувьд улс төрийн шинэ хүчин үүсгэн байгуулах нь тодорхой байв. Харин түүний улс төрийн шинэ замыг, өөрийнх нь тодорхойлолтоор бол яваад ирсэн гол замыг нь У.Хүрэлсүх аятайхан засч өглөө. Одоо Н.Энхбаярын нүдэнд торолзох гүвээ ч харагдахгүй байгаа. 3-р сарын 1-ний эх орончдын өдөр Н.Энхбаяр “Эх орон - Тусгаар тогтнол” цэнгүүнийг зохиож Монголын улс төрийн тогоонд буланд шахагдсан жижиг намуудын дарга нарыг бүгдийг урьж, тайзан дээр хамт гарч үг хэлэв. Энэ бол 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, цаашлаад 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр “Эх орон – Тусгаар тогтнол” эвсэл байгуулж орохоо зарлаж буй хэрэг ажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Эх орон – Тусгаар тогтнол” эвсэл арав орчим жижиг намыг нэгтгэж, улс төрийн шинэ давалгааг үүсгэх гэнэ. Монгол Ардын Хувьсгалт Нам нэрийг Н.Энхбаяр авах тохироог АН-ын томоохон лидерүүдтэй нэлээд дээд түвшинд хийсэн гэх. Одоо биш юмаа гэхэд энэ онд багтаж МАХН шинээр эмхлэн байгуулагдана гэв. Тэгэхээр МАХН-аар толгойлуулж, улаан сарнайн эмблемтэй туг далбаа мандуулсан “Эх орон – Тусгаар тогтнол” эвсэлд М.Энхсайханы Үндэсний Шинэ Нам, “Эрэл”-ийн Эрдэнэбатын “Эх орон” нам, Буян Жагаагийн Бүгд найрамдах нам, “ХЛТА”-гийн Батболд тэргүүтэй бизнес бүлэглэлийн Уламжлалын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, шинэ тутам үүсэн байгуулагдсан Монголын Ардчилсан Хөгжлийн Нам зэрэг улс төрийн намууд багтах аж. Эвсэл байгуулах албан ёсны тов 2012 оны Луу жилийн цагаан сар хэмээжээ. Харин одоо байгуулагдаад байгаа “Эх орон Шударга ёс” хөдөлгөөн бол ил харагдаж байгаа халхавч төдий зүйл гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )