Жүжигчин Уилл Смит Холливудын хамгийн чухал үдэш Крис Рокийг тайзан дээр алгадсан нь олон хүнийг цочирдуулсан. Өнгөрсөн жил болж өнгөрсөн энэхүү явдлаас үүдэн Академи энэ жил "Хямралын баг" нэртэй хэсэг ажиллуулахаар зэхжээ.
2023 оны Оскарын шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар энэ сарын 12-нд болно.
Асуудал гарсан үед түргэн, шуурхай арга хэмжээ авах "Хямралын баг"-ийн тухай Академийн гүйцэтгэх захирал Билл Крамер "Бидэнд асуудал гарсан үед ажиллах бүхэл бүтэн баг бий. Урьд өмнө нь хэзээ ч ийм зүйл байгаагүй. Бидэнд олон төлөвлөгөө бий. Олон хувилбар бэлдэж, урьдаас таамаглаагүй нөхцөл байдал үүссэн ч бид бэлэн байх болно гэж найдаж байна.
Жимми Киммел шиг шууд дамжуулалтад ажиллаж дадсан хүнийг тайзан дээр гаргахыг хүсэж байна. Бүх зүйл үргэлж төлөвлөсний дагуу байдаггүй. Тиймээс танд энэхүү мөчүүдийг эргүүлж, удирдаж чадах хүн бидэнд хэрэгтэй" гэжээ.
Уилл Смит тайзан дээр Крис Рокыг алгадсандаа уучлалт гуйсан. Академийн зүгээс Уилл Смитийг Оскарт оролцох эрхийг 10 жилээр хассан. Харин Крис Рок "Super Bowl"-ийн сурталчилгаанд Уилл Смиттэй оролцохоос татгалзахын сацуу Алтан бөмбөрцөг, Оскар зэрэг кино наадмуудад хөтлөгчөөр ажиллахаас татгалзжээ.
Сэтгэгдэл ( 0 )