Украинд ажиллаж байсан сурвалжлагчийг охиных нь дуу хоолой АВАРЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10

Бэнжамин Холл хэмээх сурвалжлагч эр Сири, Ирак, Афганистаны дайнуудыг сурвалжилж байсан туршлагатай нэгэн. Тэрээр өнгөрөгч гуравдугаар сард Украинд ажиллах томилолт авчээ. Тухайн үед Fox News-д сурвалжлагчаар ажилладаг байсан тэрээр томилолтоор ажиллаж байхдаа охиныхоо дуу хоолойны тусламжтайгаар үхлээс аврагдсан тухайгаа дурсан ярьжээ. 

Тэрээр Fox News сувгийн зураглаач 55 настай Пьер Закаржевски, Украины зурагчин 24 настай Александра Саша Кувшинова нартай хамт орхигдсон Хоренка тосгоноор машинтай явж байтал 20 гаруй метрын зайд орших хус модтой хэсэгт дэлбэрэлт болжээ. Удалгүй хоёр дахь тэсрэх бөмбөг тэдний толгой дээгүүр исгэрч, яг хажууд нь дэлбэрэв. Энэ тухай тэрээр "Бөмбөг газардмагц бүх зүйл харанхуй болж би яг л хязгааргүй гүн харанхуй руу унаж байгаа мэт санагдсан.

 

 

Гэтэл би охидоо харсан. Миний том охин Хонор над дээр ирээд "Аав аа, та машинаас буух хэрэгтэй" гэж хэлсэн. Би тэр даруй буух хэрэгтэй гэдгээ ухаарсан. Би машинд гацчихсан гэдгээ ойлгосон. Тэр үед би дэлхий дээр буцаж ирж байгаа мэт санагдаж гэрэл мэдэрч, дуу чимээ сонсогдож, үнэр үнэртэж эхэлсэн. Миний баруун гар талд байсан хаалга нээлттэй байсан бөгөөд хамтрагч Пьер маань байсангүй. Магадгүй тэр гарсан байх гэж бодоод гарахаар шийдсэн. Би машинаас гарах гэж цөхрөнгөө барсан. Толгойгоо түрүүлж машинаас арай хийн гаргаад урагш унаж, бусдынхаа хажууд очихыг хичээсэн. Гэтэл ард минь чанга чимээ гарч, машин маань дэлбэрчихсэн. Хөл маань шатаж эхэлсэн. Зөнгөөрөө асаж буй галыг унтраахын тулд биеэрээ хөрвөөж, хөлөө алгадаж эхэлсэн... Гэтэл баруун хөл минь байхгүй болчихсон байсан. Зүгээр л хэсэг мах, бас яс арьсан дээр минь тогтож байсан. Би хөлийнхөө зургийг авахаар шийдсэн. Магадгүй энэ мэргэжилтэй минь холбоотой байх. Гэхдээ үүнийг эхнэр, охид минь харахыг хүсэхгүй байх гэж бодоод устгасан. Би охиныхоо дуу хоолойн тусламжтай амьд үлдсэн гэдэгтээ итгэдэг" гэжээ. 

 

Бэнжамин Холлын охид. 7 настай Хонор, 5 настай Айрис, 3 настай Херо 

 

Энэ жил 40 нас хүрч байгаа тэрээр машинд байсан хүмүүсээс ганцаар амьд үлджээ. Украины тусгай хүчний ажилтнууд түүнийг аварч Техаст шилжүүлэн 30 орчим хагалгаа хийжээ. Тэрээр баруун хөлөө өвдөгнөөс доош, зүүн хөлөө шагай хэсгээр нь  тайруулж, нэг нүдээ алдаж, зүүн гартаа мөн бэртэл авчээ. 

Өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн сүлжээнд эргэн ирсэн тэрээр дурсамж тэмдэглэлдээ энэ тухайгаа дурдсан бөгөөд урьд өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй, аз жаргалтай амьдарч буйгаа дурдсан байна. 

 

Хамтран сурвалжилга хийж байсан зураглаач болон зурагчин 

 

Наймдугаар сард Бэнжаминыг Лондон руу буцааж тэрээр эхнэртэйгээ уулзав 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.72.245.209) 2025 оны 03 сарын 13

ymar chechuu um be ! Dainaa bolioochee !!!!

7  |  1
Top