Саудын Араб, Иран зэвсэгт мөргөлдөөн орохгүй байхаар тохиролцов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Саудын Араб, Иран хоёр бие биеийнхээ эсрэг зэвсэгт мөргөлдөөнд орохгүйгээс гадна хоёр улсын эрх ашгийн эсрэг чиглэсэн тагнуулын үйл ажиллагаа явуулахгүй байх тохиролцоонд хүрсэн тухай “Al Arabiya” суваг эх сурвалж дурдан дамжуулжээ.

Хоёр талын харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээний үеэр Саудын Араб гуравдагч оронд Ираны эсрэг түрэмгийлэл үйлдэхэд нутаг дэвсгэрээ ашиглахгүй байх үүрэг хүлээсэн байна. Эр Рияд, Тегеран хоёр мөн Йемен дэх мөргөлдөөнийг шийдвэрлэх тал дээр санал нэгджээ. Талууд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энэ удаад хэлэлцээгүй байна.

Саудын Арабын зүгээс АНУ зэрэг холбоотон улсуудад Ирантай дипломат харилцаагаа сэргээж буйгаа мэдэгджээ. Эр Риядын энэхүү шийдвэрийг холбоотон орнууд нь дэмжсэн байна.

Энэ сарын 10-нд Иран, Саудын Араб дипломат харилцаагаа сэргээх, ойрын хоёр сард дипломат төлөөлөгчийн газруудаа харилцаан нээх тохиролцоонд хүрсэн билээ. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани, Саудын Арабын Үндэсний аюулгүй байдлын төрийн сайд Мусаид бен Мухаммед аль Айбан нар хэдэн хоног Бээжин хотноо хэлэлцээ хийж, үр дүнгээр нь гурван талт мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд Тегеран, Эр Рияд хоёр бие биеийнхээ тусгаар байдлыг хүндэтгэн, дотоодын хэрэгт нь үл оролцохоо нотолж, худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтын ажиллагаагаа сэргээхээр заажээ.

Эр Рияад, Тегераны харилцаа 2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвсэл Йемений нутаг дэвсгэрт хуситуудын “Ансар Аллах” хөдөлгөөний эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсний улмаас хурцадсан. 2016 оны нэгдүгээр сард Тегеран дахь Саудын Арабын элчин сайдын яам халдлагад өртсөний дараа хоёр улс дипломат харилцаагаа тасалсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top