“Давхар дээл”-тэй бол хулгай хийж болно гэнэ үү!

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 03 сарын 23

“Нүүрсний хулгай”-н гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ хэлэлцэн шийдэж байгаа.

Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Олон гишүүдийг би буруугүй л юм бол шалгуул, бүрэн эрхээр битгий халхавчил гэж хэлж байгаа. Халдашгүй бүрэн эрх бол гэмт хэргээс нуугдах биш ард түмний төлөөллийг хамгаалж буй зүйл. Парламентын гишүүн ёс зүйн өндөрлөг байх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Элдэв гэмт хэрэгт орооцолдсон гишүүд миний өрөөний хаалгыг онголзуулах хэрэггүй” гэсэн.

Ер нь бол өмөөрч өмөлзөхгүй, хамгаалж хар толгойг чинь илэхгүй гэдгээ тэд ийнхүү илэрхийлсэн. Ингээд бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгч шалгуулахаар гишүүд өргөдөл хүсэлтээ өгч буй. Гэтэл “Давхар дээл”-түүдэд тэр нь боломж болон хувирч байна.

Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт өгөөгүй аж. Түүний хувьд зөвхөн Засгийн газрын гишүүний эрхээсээ татгалзах хүсэлт л гаргасныг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн байна. Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж, хулгайн хэрэгт яллагдагчаар татагдчихаад “Давхар дээл”-ээ давуу байдал болгон ашиглаж, аврах хантаазтай мэт авирлаж болохуу. Энэ чинь дан дээлтнүүд авралгүй, “давхар дээл”-тэй бол хулгай хийж болно гэсэн үг гэж ойлгогдож байна шүү, Ардын намынхаан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top