Жек Ма Хятадад буцан иржээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

“Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жек Ма гадаадад нэг жил гаруй өнгөрүүлсний дараа Хятаддаа буцаж ирсэн тухай “South China Morning Post” хэвлэл мэдээлжээ.

Тэрбээр Ханжоу хотод байгуулсан сургуульдаа зочилж, багш, сурагчидтай уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Жек Ма сургалтын хөтөлбөр болон хиймэл оюун ухаан бүхий чатбот дэвшилтэт технологийн тухай сонирхолтой яриа өрнүүлжээ.

Жек Ма 2013 онд “Alibaba” компанийн ерөнхий захирлын албан тушаалаасаа татгалзаж, 2019 онд ТУЗ-ийн даргын албан тушаалаа өгсөн. 2020 оны аравдугаар сард Жек Ма Хятадын санхүүгийн тогтолцоог шүүмжилж, шинэчлэхийг уриалж байв. Мөн оны арваннэгдүгээр сард “Alibaba” компанийн охин компани болох санхүү, технологийн “Ant Group” компани түүхэнд бичигдэх хэмжээний хувьцаагаа Шанхай, Хонконгийн бирж дээр гаргах байсан ч БНХАУ-ын эрх бүхий байгууллага санхүү, техникийн шалгалтын нөхцөл өөрчлөгдсөн гэх нэрийдлээр арга хэмжээг гэнэт зогсоосон юм. 2021 оны эхээр БНХАУ-ын Зах зээлийн хянах газар “Alibaba” компанид монопол шинжтэй үйл ажиллагаа явуулсны төлөө түүхэн дэх хамгийн өндөр торгууль ногдуулж байв. Үүнээс хойш Жек Ма мэдээллийн ертөнцөөс алга болж, олны өмнө ховор гарах болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top