Жек Магийн дүрэм: Бид ажиллах бус амьдрах гэж төрсөн

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 30

Хятадын тэргүүн баячуудын нэг, “Alibaba” компанийн үүсгэн байгуулагч юуны учир Билл Гейтст атаархахаа больж, мөнгө зарцуулж чаддаггүй болон Форрест Гампаас юу суралцахыг хүсдэг талаараа Forbes сэтгүүлд ярьжээ.

Англи хэлний багш тэрбээр 2014 онд 25 тэрбум ам.долларын IPO гаргаж, хорин жил “өсгөсөн” компанийн удирдлагаа Дэниэл Жанд шилжүүлж, өөрөө ТУЗ-д шилжиж, хоёр жилийн дараа орхихоо мэдэгдээд байгаа. 39 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жек Ма дэлхийд алдартай компаниа байгуулахаас өмнө цахим хуудас хийдэг компанийг тэргүүлж байжээ. Тэрбээр 1995 онд эхлүүлсэн энэ төсөлд 200 мянган ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан бөгөөд гурван жилийн дотор 800 мянган ам.долларыг олжээ. Харин үүнээс өмнө Хятадын тэрбумтан ажилд орох гэж томоохон компаниудын босгонд бүдэрсээр байжээ. Түүнд 30 компани ажилд авахаас татгалзсан хариу өгснөөс KFC-д бүртгүүлсэн 24 нэр дэвшигчээс татгалзсан хариу авсан цорын ганц хүн байв. Харвардын бизнесийн сургууль түүнд арван удаа татгалзсан хариу мөн өгч байжээ. Гэтэл өдгөө зарим хятад гэр бүл Жек Мад мөнгөний бурханд мэт мөргөдөг болсон.

Дэлхийн цахим худалдааны зах зээлийг өөрчилсөн Хятадын мөнгөний бурхан тэтгэвэрт гарч, буяны үйлсэд өөрийгөө зориулахаар бэлдэж буй. Түүний хэлсэн сонирхолтой ишлэлүүдийг хүргэж байна.

Өнөөдөр бүх юм хүнд, маргааш илүү хүнд болох ч нөгөөдөр бүх зүйл сайхан болно. Гэвч бидний ихэнх нь маргааш орой нас барна.

Бизнес яг л хурим шиг. “Ок, чи дажгүй юм, хоёулаа гэрлэе”. Тийм ч амархан зүйл биш. Гэрлэхээсээ өмнө хэсэг хугацаанд уулзаж, бие биенээ таних зэрэг бидэнд сайн туршлага хэрэгтэй.

Бид үүсгэн байгуулагчийг бус сайн баг хайдаг. Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ итгэдэг баг хамгийн чухал гэж бид үздэг. Жишээ нь олон жилийн өмнө бид Хятадын зах зээл дээр “eBay” корпорацтай өөрсдөө өрсөлдөж эхэлсэн. Багийн хувьд бид зах зээлээ хайрлаж, 10-20 жилийн дотор боловсронгуй болгож чадна гэж итгэдэг байсан. Түүнээс гадна бидэнд ухрах газар байгаагүй. Америкийн ”еBay” корпорацыг бодвол бидэнд зөвхөн Хятадын зах зээл л байсан. Тэгээд бид ялсан.

Хөрөнгө оруулсан түншдээ бид амжилтад хүрэхэд нь тусалдаг болохоос саад болдоггүй. Үүгээр бидний даяаршлын загвар Америкийн загвараас ялгардаг. Америкчууд томоохон хувьцаа эзэмшигч байхыг хүсдэг. Харин бид түнш хайж, хөрөнгө оруулдаг. Бид бус, бидний түншүүд компанид номер нэг байх ёстой гэж үздэг.

Хүмүүс биднийг компани гэж боддог учир биднийг хаашаа явж байгааг ойлгодоггүй. Харин бид өөрсдийгөө компани бус, харин ирээдүйд дэлхийн худалдааг өөрчлөх байгууллага гэж үздэг. Бидний тэргүүний зорилт бол жижиг компаниудын ажлыг хөнгөвчлөх явдал юм. Бид санхүүгийн хэрэгсэл, ложистик үйлчилгээ, мэдээлэл цуглуулах, хил дамнасан худалдааны боломж зэрэг тэдэнд хэрэгтэй талбарыг бүтээж байгаа. Энэ бол бидний ойрын арван жилийн төсөөлөл юм.

Одооноос эхлэн бид ирэх арван жилд бэлтгэж байна. Бид эрүүл мэнд, аз жаргал гэсэн хоёр зүйл дээр төвлөрч байгаа. Эхний тохиолдолд бид эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулна гэсэн үг. Харин аз жаргалын тухайд кино, театр болон залуучуудад зориулсан харилцаа холбооны хэрэгсэл, үзвэр үйлчилгээний тухай ярьж байгаа юм. Хүмүүс “Alibaba” хаа сайгүй байна гэж барьц алдан ярьдаг. Гэтэл бид жижиг бизнес, эрүүл мэнд, аз жаргалд л анхаарлаа хандуулдаг.

Алдаа болгон шинэ хуримтлал юм. Жишээ нь зургаан жилийн өмнө бид үүлэн эсвэл харилцаа холбооны технологийн алинд нь давын өмнө хөрөнгө оруулахаа шийдэж байсан. Бид “үүлнээс” эхлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Үүнээс хойш хоёр жилийн дараа харилцаа холбооны салбарт тэсрэлт болж, түүнийг гүйцэх шаардлага гарч ирсэн. Энэ шийдвэрийг бид алдаа гэж болох ч тухайн үед хийж байсан стратегийн сонголт ч гэж нэрлэж болно. Гэхдээ бид стратегиа түргэн өөрчилж чадсан. Өдгөө бид дэлхий дээрх мобайл цахим худалдааны хамгийн том компани болоод байна.

Би 12 жил цалин аваагүй. Тиймээс мөнгийг яаж зарцуулдгийг мэддэггүй. Ямар нэгэн зүйл авах шаардлага гарвал би хүнд мөнгө өгөөд надад авч өгөхийг  гуйдаг. Ер нь, намайг хардаа. Надаа цаг, бөгж хүртэл байхгүй. Би бараг 30 жил цаг зүйгээгүй. Цаг юунд хэрэгтэйг одоо зүгээр л ойлгохгүй байна. Ухаалаг утаснаасаа хэдэн цаг болж байгааг мэдэж болно шүү дээ.

Бид хэд хэдэн чухал зүйлийг сурсан. Нэгт, бууж өгч болохгүй. Хоёрт, магадгүй таны боломж хараахан ирээгүй байна гэж бодох хэрэгтэй. Залуу байхдаа би Билл Гейтсийн талаар олж мэдээд, миний хийж чадах зүйлийг Билл Гейтс хийсэн байна гэж бодож байсан. Тэр миний амжилтыг булааж, тухайн үед программ хангамжийн салбарт байсан бүхий л боломжийг ашигласан гэж бодон, маш их гутарч байсан. Тэгэхэд миний толгойнд “Магадгүй би хэт дээгүүр “сэвжээ”. Багаас нь эхэлж, намайг тойрч буй хүмүүсийн төлөө ямар нэг зүйл хийх нь дээр юм байна” гэсэн бодол орж ирсэн.

Амжилт олоогүй хүнээс яагаад амжилтад хүрээгүй вэ гэж асуугаарай. Хэрэв тэр хүн бусдыг буруутгавал, түүнд ямар ч шанс байхгүй гэсэн үг. Зөвхөн азгүй хүмүүс ингэж ярьдаг. Харин боломж нь байгаа хүмүүс арай өөрөөр ярина. Тэд өөрсдөө алдаа гаргаж, ямар нэгэн зүйлийг дутуу хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Би өөрийнхөө алдааг бусдад тохдоггүй, харин алдаанаасаа суралцдаг тийм л хүмүүсээс суралцаж байв. Би өөрийнхөө алдаанаас маш олон зүйлийг сурсан. Ямар нэг зүйл бүтэхгүй бол би “За яахав, бүтсэнгүй” гэж өөртөө хэлдэг. Харин амжилтад хүрэхээрээ “Үүнийг хийж чадна гэж бодсонгүй шүү” гэдэг. Энэ бол миний амьдралын зарчим юм. Энэ хандлага намайг маш өөдрөг болгосон гэж надад санагддаг.

Нэгэн зуунд нэг л том компани байдаг. Өнгөрсөн зуунд “Microsoft” ийм компани байсан гэж би боддог. Тэгвэл XXI зууны компаниар хэн тодрох бол? Одоохондоо бид “Alibaba” гэж бодохгүй байгаа. Мөнгө олж, дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст туслах ёстой л гэж бид бодож байна. Зөвхөн ингэж л байж л XXI зуунд ямар нэг зүйлийг өөрчлөх боломж гарна. Бид том компани. Гэхдээ өнгөрсөн үед байсан компаниудтай харьцуулахад шүү дээ. Гэвч ирээдүйд гарч ирэх компанитай харьцуулбал бид өнөө хэр жижиг хэвээр л байна. Бид мэдээж “Alibaba”-г энэ зууны компани болохыг хүсдэг. Ирээдүйд “Alibaba” дэлхий даяарх дунд болон жижиг бизнесийн хөгжлийг тэтгэдэг тийм л компани байхыг хүсдэг. Бид залуучуудад хөгжихөд илүү хялбар байгаасай гэж хүсдэг. Цахим ертөнцөд эмэгтэйчүүдэд илүү их ажлын байр бий болоосой гэж хүсдэг. Бид үүнийг л хийхийг хүсэж байна. Өдгөө бид Хятад, Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, АНУ, Канадад үүнийг хийж байгаа.

Ирээдүйн талаар бүү санаа зов, технологиос бүү ай. Миний бодлоор, ирээдүй хүн бүрд, ялангуяа залуучуудад боломж олгоно. Алдах зүйл байхгүй шүү дээ, тийм биз дээ? Би 18 жилийн өмнө өөртөө яг ингэж хэлж байсан. Тэр үед бидэнд мөнгө ч, технологи ч байгаагүй. Тухайн үед 10-20 жилийн дараа цахим худалдаа эдийн засгийн чухал салбар болно гэж итгэсэн тул үүнийг хийж эхэлбэл бидэнд боломж гарна гэдэгт л итгэсэн. Гэтэл тэр үед туршлагатай, ухаантай олон хүн, компаниуд цахим худалдаанд үл итгэсэн байдлаар хандаж байсан. Гэхдээ бид амжилтад хүрнэ гэдэгтээ итгэж байсан.

Ажилтан нь даргаасаа ухаантай байх ёстой. Таны ажилтан танаас илүү ур чадвартай байх ёстой. Хэрэв тэр танаас бага зүйл мэдэж байгаа бол та буруу хүнийг ажилд авсан гэсэн үг.

Бид ажиллах гэж бус, амьдралаас таашаал авах гэж төрсөн гэж өөртөө үргэлж хэлдэг. Бид бие биенийхээ төлөө энэ ертөнцийг илүү сайхан болгох гэж энд ирсэн. Хэрэв та бүх амьдралаа ажил дээрээ өнгөрүүлж байгаа бол мэдээж хэрэг харамсах болно. Хэрэв таны зорилго мөнгө бол та сэтгэлгээ, бодол санаагаа өөрчлөх ёстой.

Хэрэв та зөв чиглэлд явж байгаа бол мөнгө таныг олно. Энэ бол үнэн. Мөнгө байвал би хийнэ гэж хэлдэг хүмүүс хэзээ ч мөнгөтэй болохгүй. Хэрэв та ямар нэг зүйл үнэхээр хийхийг хүсэж байвал мөнгөгүй хий. Таныг үр дүнд хүрэхэд мөнгө өөрөө хүрээд ирнэ гэж хэлдэг.

Гучин жилийн дараа “Time” сэтгүүлийн нүүрэнд жилийн шилдэг ерөнхий захирлаар тодорсон робот гарч магадгүй. Учир робот илүү хурдан бодож, аливаа зүйлийг сайн тогтоохоос гадна өрсөлдөгчидтэйгөө муудалцдаггүй.

Хэрэв Жек Ма амжилттай байгаа бол хүмүүсийн 80 хувь нь яг ийм амжилтад хүрч чадна. Надад санхүүгийн боловсрол байгаагүй. Надад баян аав, харилцаа холбоотой засгийн газрын түшмэл байгаагүй. Бизнесээ эхэлсний дараа өөрийн хүмүүстээ “Засгийн газарт дурла, гэхдээ гэрлэж болохгүй. Зөвхөн хүндэл” гэж хэлдэг байсан. Олон хүн төр цензур тавьж, интернэтийг хязгаарладаг гэх мэт ярьдаг. Харин бид тэдэнд интернэт ямар ашигтай талаар ярих үүрэгтэй бөгөөд боломжтой гэж боддог.

Би найзынхаа гэрт “Форрест Гамп” кино үзсэн. Би түүнд “Энэ залуугаас бид суралцах” ёстой гэж хэлж байсан. Хийж байгаа зүйлдээ итгэж, бусдыг хайрлаарай. Хүмүүст таалагдаж буй эсэх нь хамаагүй зүгээр л энгийн бай.

Хэрэв бид илүү хурдан ажиллавал асуудал гарч ирнэ. Ямар нэгэн зүйл ирж байгааг олж харвал одооноос бэлтгэх хэрэгтэй. Боломж байгаа дээр нь дээврээ засах хэрэгтэй.

Ирэх 30 жилд хүмүүс өдөрт дөрвөн цаг, долоо хоногт дөрвөн өдөр ажиллана гэж бодож байна. Миний өвөө ферм дээр өдөрт 16 цаг ажиллаж, өөрийгөө маш завгүй гэж боддог байсан. Өнөөдөр бид өдөрт найман цаг, долоо хоногт таван өдөр ажилладаг хэрнээ өөрсдийгөө маш завгүй гэж боддог.

Хүмүүс 15 жилийн дараа цахим худалдааны талаар мартана гэж найдаж байна. Яагаад гэвэл тэдний хувьд энэ нь цахилгаан мэт энгийн зүйл болно. Учир нь хэн ч үүнийг өндөр технологи гэж бодохоо болино.

Аж үйлдвэрийн анхны хувьсгал Дэлхийн нэгдүгээр дайнд хүргэсэн. Хоёр дахь нь хоёрдугаар дайнд хүргэсэн. Одоо бид гурав дахь дайны голд зогсож байна. Юу болох бол? Дайн нь ядуурал, өвчин зэргийн эсрэг байгаасай гэж найдаж байна.

 


 


 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vf(59.153.113.190) 2020 оны 05 сарын 17

yostoi medrel muutai pizdaa bainaleedee ene chin harin\n

0  |  2
Top