Хиймэл оюун ухааны халуурал: “Alibaba” чатбот гаргана

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

Хятадын “Alibaba” компани ChatGPT чатботын технологитой нэгэн адил өөрийн гэсэн хиймэл оюун ухааны үүсгэгч загварыг танилцуулж, ойрын ирээдүйд тус компанийн хөгжүүлсэн бүх аппликэйшнд нэвтрүүлнэ хэмээн мэдэгджээ.

Чатботыг Tongyi Qianwen гэж нэрлэсэн ба энэ нь “мянган асуулт тавьж, хариулт хайх” гэсэн утгатай.
 

Энэ оны эхээр “Alibaba” хиймэл оюун ухааны технологийн салбарт хөл тавьж, ChatGPT чатботын өрсөлдөгчийг боловсруулж байгаа тухай мэдээлж байсан билээ.

“Бид үүсгэгч хиймэл оюун ухаан болон үүлэн тооцоололд суурилсан технологийн шийдвэрлэх үе шатад ороод байна” гэж “Alibaba” компанийн тэргүүн гүйцэтгэх захирал Дэниэл Жан Tongyi Qianwen чатботыг танилцуулах арга хэмжээний үеэр мэдэгдсэн.

Англи, хятад хэлээр ажиллах чадвартай Tongyi Qianwen чатботыг эхлээд “Alibaba” компанийн мэдээлэл солилцох дотоод аппликэйшнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Чатбот ажлын уулзалт, зөвлөгөөний үеэр ярьсан яриаг бичиж, тэмдэглэл хөтөлж, цахим захидал бичнэ. Шинэ хиймэл оюун ухааныг мөн “Amazon” компанийн дуут туслах “Alexa” төхөөрөмжтэй ижил төстэй “Tmall Genie” ухаалаг дуут туслахад нэвтрүүлнэ. “Alibaba” компанийн үүлэн тооцооллын хэлтэс Tongyi Qianwen чатботыг ашиглах эрхийг үйлчлүүлэгчдэдээ олгохоор төлөвлөж байна. Ингэснээр тэд өөрийн гэсэн тусгай хэлний загваруудыг бий болгох боломжтой болно. Чатботын хэрэглэгчдийн бүртгэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхэлжээ. Эл технологи бидний ажил, амьдралд томоохон өөрчлөлт оруулна гэдэгт Дэниэл Жан итгэлтэй байна.
 


Сүүлийн хэдэн сар дэлхийн тэргүүлэгч технологийн компаниуд АНУ-ын “OpenAI” компанийн “Microsoft” компанийн дэмжлэгтэй боловсруулсан ChatGPT чатботтой өрсөлдөх өөрсдийн бүтээгдэхүүнээ уралдан танилцуулж эхэлсэн. ChatGPT чатбот нь хүний хэлээр асуултад хариулж, 2020 он хүртэл интернэт оруулсан бүхий л мэдээллийн санг ашиглан бичвэрийг дуурайх чадвартай.

“Microsoft” компани энэ технологид зориулж олон тэрбум ам.доллар зарцуулжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн “Bing” хайлтын системт эл чатботыг нэвтрүүлсэн бол өдгөө Word, Excel, PowerPoint болон Outlook зэрэг программдаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Саяхан “Google” компани өөрийн гэсэн “Bard” чатботыг танилцуулсан.

Хятадын томоохон хайлтын систем болох Baidu Inc энэ оны эхээр мөн өөрийн “Ernie Bot” чатботыг танилцуулсан бол Хятадын “SenseTime” компани хиймэл оюун ухаан ашигласан хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн танилцуулсны нэг нь “SenseChat” чатбот байв. Дэниэл Жаны “Хиймэл оюун ухааны загвар дээр ажиллаж буй компаниуд, тэр дундаа “Alibaba” эл шинэ үзэгдлийн гараан дээр байна. Бид бүгд энэ боломжийг ашиглахыг хүсэж байна” хэмээжээ.

Аюултай оюун ухаан

Мягмар гарагт Хятадын интернэт хэрэглээг зохицуулагч агентлаг хиймэл оюун ухааныг хянах арга хэмжээний төслийг танилцуулав.

БНХАУ-ын Цахим орон зайг хянах газрын мэдэгдсэнээр, шинэ дүрэм ёсоор хиймэл оюун ухааны технологийг сургах явцад ашиглаж буй мэдээлэлтэй холбоотой эрх зүйн асуудлыг компаниуд хариуцна гэж мэдэгджээ. Хятадын иргэдэд энэ асуудлаар санал, бодлоо тавдугаар сарын 10-ыг хүртэл илэрхийлэх боломж нээлттэй.

Өнгөрсөн гуравдугаар сард технологийн салбарын томоохон төлөөлөгчид хиймэл оюун ухааны асар хүчтэй системийг түр хугацаанд зогсоохыг уриалж, ийм төрлийн технологийг хяналтгүй хөгжүүлэх нь хүн төрөлхтөнд аюул учруулж болзошгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. ChatGPT зэрэг дэвшилтэт технологийн хэрэглээний ёс зүйн болон эрх зүйн үр дагаврын талаар Европын Холбооны цагдаа /Европол/ мөн анхааруулсан. Хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк саяхан гаргасан тайландаа хиймэл оюун ухаан 300 сая ажлын байрыг булаана гэсэн судалгаа танилцуулжээ. Итали, хожим нь Герман улс ChatGPT чатботыг хориглоод байгаа билээ.
 


 

Энэчлэн хиймэл оюун ухаанд суурилсан чатбот хөгжүүлэгчид олон тэрбум ам.доллар эргэлдэж буй интернэт хайлтын салбарт ихээхэн найдвар тавьж байна.

Учир нь шинэ чатбот үйлчилгээ нь тодорхой заасан хайлтад олон тооны линкний оронд шууд хариулт өгөх чадвартай. “Google” компанийн тэргүүн Сундар Пичаигийн ярьснаар, Google хэрэглэгчид өнөөдөр илүү нарийн асуултууд тавих болжээ. Тухайлбал, өмнө нь төгөлдөр хуур хэдэн товчлууртай вэ гэсэн энгийн асуулт тавьдаг байсан бол өдгөө тэд ямар хөгжмийн зэмсэг дээр тоглож сурах нь хэцүү гэдгийг мэдэхийн хүсдэг болжээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн сонирхол энгийн нэг баримтаас хязгаарлагдахаа больжээ. Яг ийм үед л хиймэл оюун ухаан хэрэгтэй болдог гэж Пичаи тайлбарласан байна.

Ойрын ирээдүйд бидний нүдэн дээр хиймэл оюун ухаант чатботуудын тулаан өрнөх юм биш биз? Тэд өөрсдөө энэ талаар юу гэж бодож байгаа бол?

Тэдний аль нь илүү вэ гэсэн асуултад ChatGPT чатбот “Google зэрэг бусад компаниудад хохирол учруулах зүйл хийх боломж ч тэр, хүсэл зорилго ч тэр надад байхгүй” хэмээн дипломат байдлаар хариулсан байна. Харин түүний энэ санаа бодол /хэрэв түүнд байдаг бол/ эцэг компанид нь олон сая ам.долларын цутгалт хийсний дараа өөрчлөгдөх эсэх нь одоогоор тодорхой бус.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top