Өнгөрсөн гуравдугаар сард БНСУ-д 5 тэрбум воны криптовалют эзэмшдэг 48 настай эмэгтэйг хулгайлж, улмаар амь насанд нь хүрсэн хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн хэмээн буруутган гурван этгээдийг баривчлаад байсан цагдаа нар хэргийн гол захиалагч байж болзошгүй хосуудыг олж тогтоогоод байсан билээ.
Сөүл хотын цагдаагийн газраас дээрх гэр бүлийн хосыг 50 настай Юү Сан Вон, 48 настай Хван Ын Хэ нар болохыг зарлалаа. Тэднийг өнгөрөгч бямба болон даваа гарагт саатуулан баривчилсан бөгөөд тэднийг дээрэм болон хүн амьны хэрэгт тусалсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Тэдний үйлдсэн гэмт хэргийг хүнд, онц ноцтой хэмээн үзэхийн сацуу нотлох баримт хангалттай байгаа тул шууд баривлах шийдвэр гаргажээ. Тус улсын эрүүгийн хуульд олон нийтэд халтай онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэн болохыг илчлэх тохиолдол бий. Сэжигтэн хосууд талийгаач эмэгтэйтэй криптовалюттай холбоотой маргаантай байсан бөгөөд 35 настай И Сан Үг хөлслөн уг хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа билээ.
И Сан Ү өөр хоёр этгээдтэй хамтран гуравдугаар сарын 29-ний өдөр хохирогч эмэгтэйг хулгайлан, 30-ний өдөр амь насанд нь хүрч Тэжон хотод хаяжээ. Дээрх гурван этгээдийг дөрөвдүгээр сарын 3-ний өдөр саатуулан баривчилж, 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.
Хосууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш И-д нийт 70 сая вон шилжүүлжээ. Мөн И болон Юү нар хэргийн дараа хоёр удаа уулзаж хохирогчийн криптовалютийн данс руу нэвтэрсэн болох нь тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 1 )
zahialga ugsun humuusiig yag ingeed olon niiter uzuulj bh heregtei