УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.21/ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн санал дүгнэлтийг хэлэлцлээ.
ЭМДҮЗ-ийн гишүүнд МҮЭХ-оос дараах нэр бүхий зургаан хүнийг нэр дэвшүүлэхээр УИХ-д санал болгосныг Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэж, санал дүгнэлтээ өнөөдрийн чуулганы хуралдаанд танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролсон гишүүдийн олонх нь ЭМДҮЗ-ийн гишүүнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, ШУ-ны байгууллагын ҮЭХ-ны дарга Т.Баясгалан, УБ-Сонгдо эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал С.Зоригоо нарыг дэмжээгүй.
Харин УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний олонх нь ЭМДҮЗ-ийн гишүүнд МҮЭХ-оос оруулж ирсэн нэр дэвшигчдийг дэмжсэнээр ЭМДҮЗ-ийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын Тогтоол батлагдсанд тооцлоо.
ЭМДҮЗ-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН
1. Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр:
1.Сангийн сайд,
2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд
3.Эрүүл мэндийн сайд
2. Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр:
1.Б.Алтанхуяг /МТЗҮЭХ-ны дэд дарга/
2.Т.Баясгалан /ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, ШУ-ны байгууллагын ҮЭХ-ны дарга/
3. С.Эрдэнэбат /МҮЭХ-ны ерөнхийлөгч/
3. Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр:
1. Ж.Гэрэлмаа /Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн/
2. Ш.Зоригоо /УБ-Сонгдо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал/
3. Н.Одонгуа /МҮХАҮТ-аас тус танхимын дэргэдэх бизнес академийн чиглүүлэгч багш, ХӨСҮТ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн/
Энэ тогтоолыг батлагдсантай холбогдуулан ЭМДҮЗ байгуулах тухай УИХ-ын 2017 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцлоо.
Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй. Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх; эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлдэг.
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл баталдаг байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоодог байна. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах үүргийг хэрэгжүүлдэг байна.
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулж, ажиллах журмыг батлах, холбогдох шийдвэрийг техникийн хорооны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн гаргах, хууль тогтоомжид заасан бусад үүргийг гүйцэтгэдэг байна.
Сэтгэгдэл ( 2 )
үйлдвэрчний эвлэлийн 3 хүнийг зайлуулаачээ.
Сангийн сайд чинь шалгарсан хулгайч байдаг юм биш үү.