Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар ярив. Тэд Орос Украинд довтолсноос хойш анх удаа ийн холбогджээ. Хятад улс Украины хямралыг зохицуулах энхийн санаачилга дэвшүүлсэн. Үүнд Киев хүлээцтэй хандсан бол өрнөдийнхөн үл итгэсэн байдалтай хүлээн авсан.
Энэхүү яриа хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн Зеленский жиргэжээ.
Украины талын санаачилгаар хоёр улсын тэргүүн нар утсаар ярьсан тухай Бээжин мэдэгдсэн байна.
Хятадын хэвлэлүүдийн мэдээллээр, Ши Жиньпин Украинд тусгай төлөөлөгчид илгээж, энхийг тогтоох хүсэлтэй бүхий л талтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Өнөөг хүртэл Бээжин Оросын Украинд хийсэн халдлагын тал дээр төвийг сахисан байр сууриа харуулахыг хичээж байсан. Ши Жиньпин нь дайныг зэмлэхээс түдгэлзсэн дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагч юм. Өнгөрсөн хоёрдугаар сард тэрээр Украины хямралын зохицуулах 12 заалт бүхий энхийн төлөвлөгөө танилцуулсан. Энэхүү санаачилгад өрнөдийнхөн үл итгэсэн байдалтай хандсан бол Киев дэмжсэн. Гэхдээ болгоомжтой.
Хятад улс энхийн хэлэлцээ явуулахад дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарлаа хандуулж, аль болох богино хугацаанд гал зогсоохын тулд бүхий л хүчин чармайлт гаргана хэмээн Ши Жиньпин Зеленскийд мэдэгдсэн байна. “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болон хариуцлагатай том орны хувьд БНХАУ гараа хумхин суулгүй, гал дээр тос нэмэхгүй, тэр тусмаа хямралаас ашиг хайхгүй” хэмээн Хятадын тэргүүн онцолжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын тал хямралыг зохицуулах хэлэлцээ хийх зорилгоор Украинд тусгай төлөөлөгчөө илгээнэ. Ингэхдээ Бээжин албан ёсны мэдэгдлүүддээ Украин дахь дайныг “мөргөлдөөн” хэмээн нэрлэж байгаа. Украинд очих тусгай төлөөлөгчдийн багийг БНХАУ-аас ОХУ-д сууж асан элчин сайд Ли Хуэй тэргүүлнэ.
Европт анд, нөхөдтэй болох оролдлого уу?
Хятадын хэвлэлүүд Ши Жиньпинийг нөхцөл байдлыг хяналтдаа авсан хэмээн магтахын сацуу Хятадын төвийг сахих байр суурийг онцлон тэмдэглэжээ. Ингэхдээ Украин болон тэргүүнийх нь талаар илт сөрөг дүгнэлт хийхээс зайлсхийж байгаа нь ажиглагчдын анхаарлыг татжээ. Украин дахин “стратегийн түнш” болж, харин Зеленский хоёр улсын харилцаанд анхаарлаа хандуулж байсан төрийн тэргүүн болов. Ши Жиньпин дайн эхэлсэн эхний өдрүүдэд Хятадын иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд тусламж үзүүлсэнд Украинд анх удаа талархал илэрхийлжээ.
Дайн эхэлснээс хойш Хятадын албан ёсны хэвлэлүүд Москвагийн байр суурийг дэмжин бичиж байсан. Оросын бөмбөг Украины зэвсгийн агуулахыг амжилттай устгасан, НАТО Украиныг дэмжсэнээр нөхцөл байдлыг хурцатгаж байна гэх зэргээр мэдээлж байсан. Хятадын олон нийтийн сүлжээ өрнөдийн эсрэг постуудаар дүүрэн байв.
Ийнхүү Хятадын дууны өнгө өөрчлөгдсөн нь Ши Жиньпиний Засгийн газрын явуулж буй Европт анд, нөхөдтэй болоход чиглэсэн дипломат аян хэмээн ажиглагчид харж байна.
Францад суугаа Хятадын элчин сайд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын тусгаар байдалд эргэлздэг хэмээн илэрхийлж, ихээхэн шуугиан тарьсны дараа Ши Жиньпин Зеленскийтэй утсаар ярьсан. Энэхүү яриа дипломат алдааг арилгах гэсэн оролдлого уу? Ши Жиньпин үнэхээр нөхцөл байдлыг гартаа авч чадах уу? Дэлхий даяар анхааралтай ажиглаж байгаа нь эргэлзээгүй.
Өрнөдийн орнууд Хятадын энхийн санаачилгыг Украины хувьд хэтэрхий бүрхэг, дайнаас гарах тодорхой арга замыг тусгаагүйгээс гадна В.Путинд эзэлсэн бүс нутагт хяналтаа тогтооход ашиглах боломж олгосон хэмээн үзэж байна.
Москва Бээжингийн зуучлалын дэмжиж байна
Зеленский, Ши нарын утсаар ярьсан талаар тайлбар хийхдээ ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Хятадын тал хэлэлцээг эхлүүлэх зорилгоор хүчин чармайлт гаргахад бэлэн байгааг илэрхийлж байна хэмээн мэдэгдсэн. Түүний хэлснээр, Оросын Украин дахь хямралын талаар баримталж буй байр суурь, Хятадын энхийн төлөвлөгөө хоёр нийцэж байгаа. Украины эрх баригчид дайныг төгсгөхөд өөрийн нөлөөгөө ашиглахыг Бээжинд уриалж байгаа билээ.
Хятад улс Оросын газрын тосны хамгийн том худалдан авагч болсноос гадна Москвагийн эсрэг тавьсан өрнөдийн хориг арга хэмжээг эсэргүүцдэг. Ингэхдээ Оросын Украинд довтолсныг илт дэмжихээс түдгэлзсэн хэвээр.
Ялалт уу эсвэл буулт уу?
Нэг сарын өмнө Ерөнхийлөгч Зеленский Ши Жиньпинтэй ярилцах хүсэлтэй гэдгээ ойлгуулж, Киевт айлчлахыг урьж байсан. Гэсэн ч Хятадын тэргүүн шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд ийм айлчлал хэзээ ч хийж байгаагүй.
Бээжин Оросын Украинд явуулж буй дайныг буруутгахаас татгалзаж, үүний оронд Москватай эдийн засгийн харилцаагаа улам бэхжүүлсэн. Харин өдгөө Бээжин Киевтэй хамтран ажиллахад бэлэн болжээ. Тус хоёр улсын хооронд дайныг төгсгөх тал дээр асар их үзэл суртлын ялгаа бий. Бээжин улс төрийн буулт хийлгэхийг хүсэж байгаа бол Киев ялалтыг хүсэж байгаа. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Зеленский Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь Оросын түрэмгийллийг дэмжиж буй дэмжлэгийг тасална хэмээн найдна.
Сэтгэгдэл ( 1 )
Яг үнэн хэрэгтээ бол си энэ дайныг олон жил сунжруулах л сонирхолтой бгаа.тэгж байж пу-гийн э/з шалдаа буугаад ,си-гийн гарт пу бүрмөсөн орно.одоо ч гэсэн ер нь бол пу си-гийн өмнө ойчоод өгчихсөн,харьяат албат нь болсон маягтай бна.өнгөрсөн хавраас пу нефть,газ,нүүрс,мод гээд хамаг түүхий эдээ хамгийн хямдаар,дээр нь 100% юаниар төлбөр хийж өгч бна.Нефть брент марк баррель нь 80$ байхад си-д 40 гаруй $-ээр,газ 1000м.куб нь 600$ бхад си-д 125$-ээр өгч байх жишээтэй.